Польш дахь Элчин сайд Б.Дорж: Талийгаач ямар нэгэн санал хүсэлт ирүүлж байгаагүй

2020-06-09 151

Өчигдөр буюу энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Бүгд найрамдах Польш улсад сурч байсан /21 настай эрэгтэй/ Монгол оюутан гэрээслэл үлдээн өндрөөс үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Эл хэргийн талаар бид Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайд Б.Доржтой холбогдож дараах тодруулгыг авлаа.

-Өнгөрсөн шөнө Польш улсын Краков хотод суралцдаг монгол оюутан сургуулийнхаа оюутны байрны зургаан давхараас үсэрч амиа хорлосон тухай мэдээлэл ирсэн. Үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү? 

– Польш улс дахь Монгол улсын элчин сайдын консулын газарт өнөө өглөө 21 настай оюутан амиа хорлож нас барсан талаархи мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Краков хот дахь өргөмжит консул Уртнасан одоо газар дээр нь ажиллаж байна. Харамсалтай мэдээлэл ирсэн даруйд манай элчин сайдын консулын газрын ажилтан мөн ажиллахаар явсан байна. Бид талийгаачийн сургуулийн захирал, ажилтнууд, оюутнууд болон холбогдох бусад хүмүүстэй холбоотой ажиллаж байгаа.

-Талийгаач гэрээслэл бичиж үлдээсэн, сүүлийн саруудад сэтгэл санаа нь тогтворгүй хүнд байдалтай байсан гэх мэдээллийг бид авсан. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү?

Одоогийн байдлаар Польшийн цагдаагийн байгууллага энэ хэргийн талаархи тодорхой мэдээллийг бидэнд албан ёсоор өгөөгүй байна. Албан ёсны мэдээлэл хүлээсэн ийм байдалтай байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн ч, оюутнуудын ч байдал хүнд байгаа. Гэхдээ тус хотод байгаа өргөмжилт консул маань оюутнуудтай байнгын холбоотой ажиллаж байгаа.

Польшид суралцдаг оюутнууд 1-6 сарын тэтгэлгээ аваагүй байгаа гэсэн мэдээлэл бий? 

Тэтгэлгийн хувьд хоцорсон асуудал байгаа. Оюутнуудын тэтгэлгийг жилд хоёр удаа өгдөг. Эхнийх нь 5 сарын дундуур буудаг. Энэ жилийн хувьд эхний улирлын буюу 5 сарынх орж ирээгүй байгаа. Шалтгааныг нь би мэдэхгүй байна, ямар ч байсан орж ирээгүй хүлээлтийн байдалтай байна. Манайхаас БСШУЯ, Сангийн яаманд хүсэлт гаргасан байгаа.

-Талийгаачаас та бүхэнд хандсан санал хүсэлт ирж байсан уу?

– Талийгаачийн зүгээс бидэнд өмнө нь ямар нэгэн санал хүсэлт ирүүлж байгаагүй. Ер нь оюутнууд  хичээл сурлага, амьдрал ахуйтай холбоотой олон санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Бид боломжоороо шийдээд явдаг. Тус хотод байгаа консул маань байнгын холбоотой ажиллаж үе үе арга хэмжээ уулзалт зохион байгуулдаг.

-Үр хүүхдээ алдсан гэр бүлд нь маш хүнд цохилт болж байгаа. Энэ асуудалд танайхаас ямар арга хэмжээ авах вэ?

Боломжтой бүхий л арга хэмжээг авна. МУ-ын иргэн гадаад улсад харамсалтайгаар амь насаа алдах, янз бүрийн хүндрэл учрахад авах ёстой бүхий л боломжтой арга хэмжээг авна.

-Ар гэрийнхэн нь Польшид очих боломж хомс байх. Яг ямар арга хэмжээ авах вэ, тодруулахгүй юу?

-Яг одоо нарийвчилж тодруулж ярих боломж байхгүй байна. Яагаад гэвэл холбогдох цагдаагийн  байгууллагаас бидэнд ирүүлсэн мэдээлэл алга байна.
Та бүхэн Гадаад харилцааны яамны Консулын газраас удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл авч болох байх.
-Польшид гацсан хичнээн монгол иргэн байна вэ? 

-Польшид 130 гаруй оюутан байна. Онлайнаар хичээллээд явж байгаа. Гэхдээ ихэнхийнх нь шалгалт нь дуусаагүй байгаа. Одоогийн байдлаар Монгол буцая гэж хандаж байгаа хүн цөөн байна. Төгссөн, шалгалт нь дууссан, эсвэл сургуулиасаа хасагдсан цөөн хүн бий. Өмнө нь бид хоёр ч удаа франкпуртаас иргэдээ Монгол руу буцаасан. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 20 гаруй иргэнийг явуулсан байгаа.

Эх сурвалж: zuv.mn

Холбоотой мэдээ