Х.Бат-Ялалт: Залуус маань замын хажуу талын эргийг мөргөсөн гэх мэдээлэл авсан

2020-06-09 140

УИХ-ын сонгуульд “Сахигтун Үндсэн хуулийн-19″ эвслээс Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Б болон түүний сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар явсан багийн таван хүн өчигдөр /2020.06.08/ Дарханы замд осолдож жолооч Ж, зорчигч М нар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нэр дэвшигч Б болон бусад хоёр хүний биеийн байдал хүнд одоо Дарханы эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Осолд орсон таван хүний хувьд “Гүрэнт Монгол” хөдөлгөөний залуус бөгөөд “Иргэдийн шударга шүүх” ТББ зэрэг байгууллагатай хамтран “Сахигтун Үндсэн хуулийн -19” эвслийг байгуулж энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа юм.

Тээврийн цагдаагийн албанаас уг ослын талаар мэдээлэхдээ Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Тахилтын давааны ар” гэх газар осолдсон учраас харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгаж байна гэсэн юм.

Бид “Сахигтун Үндсэн хуулийн-19” эвслийн тэргүүн, хуульч Х.Бат-Ялалттай уулзаж товч тодруулга авлаа.

-ДАРХАНЫ ЗАМ ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВЧ ОДЛОО.
ЭНЭ ТАЛААР СҮҮЛД ЯРИНА-

-Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Таньд болон танай эвслийнхэнд эмгэнэл илэрхийлье. Осол гарах үед яг ямар үйл явдал болсон тухай мэдээлэл таньд ирсэн үү?

Өглөө эрт над руу утасдаж энэ тухай мэдээллийг дуулгасан. Приүс-11 маркийн машинаар таван хүн явж байсан. Замд явж байхдаа осолд орж хоёр нь газар дээрээ нас барж, гурав нь биеийн байдал нь хүнд эмнэлэгт хүргэгдсэн. “Гүрэнт Монгол” хөдөлгөөний хувьд манай  “Сахигтун Үндсэн хуулийн 19” эвслийн нэг бүрэлдэхүүн болж УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд оролцсон. Манай эвсэлд Монголын хүний төлөө нам, Монгол консерватив нам эвсэл болон нэгдсэн.

Мөн дээрээс нь эх орончдоос бүрдсэн хөдөлгөөнүүд нэгдсэн юм. Тэдний маань нэг “Гүрэнт Монгол” хөдөлгөөний залуус Сэлэнгэ аймаг руу явах замдаа осолдсон харамсалтай үйл явдал боллоо. Замын хажуу талын эргийг мөргөсөн гэсэн. Магадгүй дугуй хагарсан эсвэл ямар нэг зүйл болсон байх. Уг ослыг хуулийн байгууллага шалгаж байна. Өөрсдөө ч гэсэн ямар байдлаас болж осол гарсныг мэдэхгүй байна. Хоёр нь нас барж, гурав нь хүнд гэмтээд байна шүү дээ. Юу болсон талаар хэргийн материалтай танилцаж байж л хэлэх байх.

-Дарханы эмнэлэгт эмчлүүлж буй гурван хүний биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Сая манайхнаас төлөөлөл болж эхний гурван хүн Дархан руу явсан. Мөн бид араас нь явна. Эвслийн зүгээс эрүүл мэндийн асуудалд нь тусламж үзүүлнэ. Бид Улаанбаатараас эмч явуулахаар ажиллаж байна.

-Улаанбаатар руу авчрах боломжгүй байгаа юу?

-Эмч нарын зөвлөгөөг дагна. Улаанбаатар руу авчрах шаардлагатай бол авчрахаар ажиллана. Хөдөлгөж болохгүй гэвэл тэнд нь эмчилнэ.

-Талийгаачдын талаар дурдвал?

-Сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар явж байсан хүмүүс. Олон жил эх орон, газар шорооныхоо төлөө дуугарсан үзэл бодлоороо нэгдсэн залуус юм. Талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Мөн гэмтэж, бэртсэн бусад нөхдөө хөл дээр нь босгоход хүчээ нэгтгэе.

-Иргэд, олон нийтийн зүгээс Дарханы замаа засаагүйгээс болж осол гарч эрдэнэт хоёр хүний амь нас эрсдлээ гэж ярьж байна. Таньд ийм харуусал төрж байна уу?

Дарханы  зам маш олон хүний амь насыг авч одлоо. Энэ талаар ажил явдал дууссаны дараа ярина. Хүн чанарынхаа хувьд ч тэр. Ийм харамсалтай үйл явдал болчихоод байхад “Түүнээс боллоо” гэж хэлж чадахгүй.

-БИД ХЭНИЙ Ч ОЙЛГОХГҮЙ СОНГУУЛИЙГ ХИЙЖ БАЙНА-

-“Сахигтун Үндсэн хуулийн-19” эвслээс хэдэн тойрогт хэдэн хүнийг нэр дэвшүүлсэн бэ?

-29 тойрогт 70 хүнийг нэр дэвшүүлснээс 36 нэр дэвшигч үлдсэн. Хөдөлгөөний залуус болон худалдаачид, эрдэмтдийн төлөөлөл зэрэг жинхэнэ ард түмний төлөөллөөс нэр дэвшүүлсэн.

-Бусад намтай харьцуулбал танай эвсэл харьцангуй жижиг. Сонгууль хэр шударга явагдаж байна?

-Сонгуулийн сурталчилгаа шударга бус явагдаж байна. Эхнээсээ мөнгөний сонгууль зохион байгуулсан байна. Уг нь нэг чигийн ухуулгын байрыг бэлдээд бүх нэр дэвшигчид тэнд нь байрладаг бол зүгээр юм. Мөн сонгогчийг бүх намын нэр дэвшигчидтэй танилцах боломжоор хангах ёстой. Гэтэл Ардчилсан намыг дэмждэг хүн Монгол Ардын намын байр руу орж болохгүй байна шүү дээ. Нам, эвслээр нь хэт хуваасан сонгуулийн сурталчилгаа болж буйд харамсаж байна. Утга, учиргүй нам эвсэлд хувааж буйг иргэд ч эсэргүүцэн ярьж байна.

Манай эвслийн хувьд мөнгө төгрөг, эрх мэдлээрээ жижиг ч үзэл бодол, хүсэл мөрөөдлөөрөө тэд бидэнтэй өрсөлдөхүйц хэмжээний биш байна. Учир нь хэний ч ойлгохгүй сонгуулийн сурталчилгааг манай эвсэл хийж байна. Өөрөөр хэлбэл, цэвэр ард түмний дэмжлэгээр ажиллаж байна. Өөрсдөө тугаа оёж, өөрсдөөсөө шатахуунаа гаргаад сурталчилгаагаа хийж байгаа. Цалингүй ажиллаж байна. Энэ нь өнөөгийн нийгэмд хэний ч ойлгохооргүй сурталчилгаа болж байгаа юм. Сонгуульд тэрбумтан нэр дэвших ёстой гэсэн ойлголтыг бид үгүйсгэсэн. Бид маш онцлог эвслийг бий болгож чадсан.

Энэ 22 хоногт эх орончдыг сонгохгүй бол ирэх дөрвөн жил шударга бус явдал гарсаар л байна. Манай эвслийг дэлхийн бусад орноос ч хүмүүс дэмжиж байна. Энэ эвслээс төлөөлөл болж нэг хүн ч болов УИХ-д суугаасай гэж хүсч байна. Тухайлбал, бид хандивын данс нээхэд иргэд тэтгэврээсээ, цалингаасаа, орлогоосоо өгч байна. Мөн Швед, Солонгосоос хүртэл хүмүүс хандив өргөсөн. Хэвлэх үйлдвэртэй нэг дэмжигч маань бидний хэвлэлтийг хариуцаж байна. Тэгэхээр олны хүчээр, цэвэр бодлогын өрсөлдөөн хийвэл их утга учиргүй мөнгө сонгуульд урсахгүй. Мөн нэр дэвшигчдэд эрх, тэгш боломжийг олгож цэвэр бодлогын өрсөлдөөн бий болгож чадвал бүр зүгээр. Гэтэл эрх баригчид мөнгөний сонгууль явуулж байна.

-Танай гол уриа юу билээ?

-Бид авлигачдыг ялна. Монгол улсын тулгамдсан гурван асуудлыг нэрлэ гэвэл авлига, авлига, авлига шүү дээ. Төрийн бүх шатанд шударга ёс алдагдсан учраас хувийн сектор хөгжиж, төрийн байгууллагууд эсрэгээрээ суларч байна. Үүнийг засах хэрэгтэй гэж ард түмэн ч хүсч байна, бид ч зорьж байгаа юм.

-Хэд хоногийн өмнө таныг цагдан хорьсон. Энэ хэрэг ямар шатандаа явж байна?

-Шүүхийн шатанд явж байна. 2016 онд болж тухайн үедээ шийдэгдсэн асуудал.  Гэтэл 2020 оны хоёрдугаар сараас өдөрт хоёр удаа зарлан дуудах хуудас өгч дуудсан. Хууль хүчний байгууллага улс төрчдийн захиалгаар илэрхий ажиллаж байна. Хуулинд биш нэг хүнд захирагдаж ажиллаад байна шүү дээ. Би үүнийг л засах гэж өнгөрсөн 15 жил тэмцсэн. Энэ тэмцлийг минь зогсоох гэж эсвэл дуугуй болгох, сонгуульд оролцуулахгүй байх өчүүхэн явцуу зорилготойгоор сонгуульд оролцож байгаа нь үнэхээр харамсалтай.

Холбоотой мэдээ