ПРОДЮСЕР Б.ЧИНБАТ ТҮҮНИЙ ЭХНЭР Ц.САРНАЙ НАР ТАЙЗНАА ЭРГЭН ИРЛЭЭ

2020-06-08 210

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат тайзнаа эргэн ирлээ. Тэрбээр өчигдөр /2020.06.07/ “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ тоглолтын салхийг хагалж, уран бүтээлийнхээ дээжийг өргөсөн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байв.

Продюсер Б.Чинбат БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, өнгөрөгч дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн билээ. “Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болж, тэдний хагалгаа амжилттай болсон юм.

Үхэл, амьдралын зааг дээр байсан авьяаслаг залуу уран бүтээлч эрүүл, саруул болж, эргэн тайзнаа хөгжмөө тоглох мөчийг үзэгчид тэсэн ядан хүлээсэн нь лавтай.  Түүний гэргий Ц.Сарнай манай сайтад өгсөн ярилцлагадаа “Эх нутагтаа эрүүл саруул болоод эргээд ирэх үнэхээр сайхан байна. Биесүүд сайн байна. Одоо Хавдар судлалын үндэсний төвийн элэгний өвчин судлалын багийнхан болон БНСУ-ын эмчийнхээ хяналтад байгаа.

Мэдээж гурван сайхан үрээ орхиод аав, ээж нь хоёулаа том хагалгаанд орно гэхээр гэр бүлийнхэн маань ч битүүхэндээ сэтгэл нь зовниж л байсан. Бид хоёр ийм сонин гайхамшигт хувь тавилантай байжээ. Энэ бол хувь тавилан, агуу хайр, итгэл, хүсэл, тэмүүлэл, тэвчээр хатуужил, хариуцлага гээд их л олон зүйл хэлмээр байна” гэдгийг хэлж байсан юм.

Холбоотой мэдээ