Э.БАТ-ҮҮЛ, Б.ХУРЦ НАРЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

2020-06-08 67

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын гэм бурууг шүүх хуралдаан өнөөдөр болно. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10.00 цагт болно. Түүнийг хотын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-д Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж буй. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” компанийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүх юм.

Харин Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн байна. Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг тавдугаар сарын 20-нд хэлэлцэж, өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшлуулоод байсан юм.

Хэргийг сануулахад, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Холбоотой мэдээ