​Илүү гэрэлт, илүү ас НОМТОО!!!

2020-06-04 99

Номтыг бариад хийчихлээ. Эр зоригтныг, илүү тодорхой байгааг, хэн хүнээс алив бүрээр хараат бус байх тусам нь зорж, мэрдэг нийгмийн бах тав. Өнгөрөгч арван жилд энэ залууг Монголын нийгэм тампуу болтол гөвлөө. Болохгүй, бүтэхгүй бүхэнтэй холбож, залуу насны зарим алдаан дээр нь дөрөөлж, зоолтлоо, нооллоо. Манай хүнлэг энэрэнгүй , ардчилсан нийгэм!

Амны хишигтэй яваагүйдээ Их хуралд хоёр сонгогдож, сайд хүртэл хийв гэж. Илэрхий нийгмийн дэмжлэг авч, Номтыг гэсэн уухайлалд балмагдан мэгдэж, хонзонгийн шарталд туйлдагсдын л хийж байгаа ажил. Нямтайширын Номтойбаярын эр зоригоос айгсад ийм юм хийж байна. “Эр зориг” гэдэг бол бүстэй хүмүүний хамгийн сайн чанар. Хэнээс ч айлгүй хэлэх үгээ хэлээд, их дургүй нь хүрвэл шанааруу гар явчихдаг “эр” хүн жинхэнэ “эр” хүн л байдаг. Нийгмээр дүүрэн жодгор өмд өмссөн энхрий залуусыг хааш нь л бол хааш нь залахыг хүсэгч дарангуйлагчдад Номтойбаярын заналтан болоод байгаа юм. Эрх мэдэлтэнд бөхийдөггүй, гуйдаггүйнх нь төлөө түүнийг ийнхүү шоглож байгаа юмаа. Түүний эр зориг хэрэг дээрээ шударга ёст нийгэм, ардчилалын хэм хэмжээт иргэний л хувь хүний илэрхийлэл юм шүү дээ. Манай нийгэм гэвч ийм хүмүүсийг таалдаггүй нь тохуутай. Манай нийгэм бүхэлдээ тэтгэмжийн болсон. Өгөх тусам нялцгай, гуйх тусам нь оюун санааны гуйланчлалд оруулж байгаа. Хөгжсөн нийгэм бол хийж бүтээж, эдийн засгийн баялагийг бий болгож, хүнээ хүн болгосон ачтныг нийгмээр ойлгохыг хичээдэг. Гэвч манай их удирдагчид халамж нэрийн дор нийт зон олноо гуйланчлалд оруулсан. Эдийн засгийн эрх чөлөөний гуйланчлалыг арчаагүй тэтгэмжээр хөхүүлэн хүнийг үнэгүйдүүлж байгаа юм байна. Монголд өнөөдөр хөрөнгөтэй, өөрийн гэсэн санхүүгийн эрх чөлөөтэй хүнийг хэрхэн ад үздэгийн, нийгмийн арчаагүй сэтгэл зүйг далимдуулан чөлөөт эдийн засаг, зах зээлийг манлайлагчийг хэрхэн ноцдогийн үлгэрийг Номтойбаярын жишээнээс тов тодорхой харж болно.

Цүнх баригч, долоогч ,попрогч нар нийгмээ хорлон, хийж бүтээж, бодитой өрсөлдөх чадвартаныг нийгэмд зануулан зүхүүлэхийн үлгэр энэ болой.

Бид Номтыг эр зоригтой байсных нь төлөө дэмжих учиртай. Болох бүтэхгүйг хэлж чаддаг, шударга ёсны эрэлд яваагийн нь төлөө өмөөрөх учиртай. Өнөөдөр Номтыг шоронд хийж байгаа хүмүүст, хууль завхруулагчдад маргааш хэнийг ч “амьтан” болгох шүд хавиралдан ноёлсоор байх болно.

Бид эрх чөлөө, эдийн засгийн хараат бус үлгэр загвар болсон идэр эрийнх нь хувьд Номтоор бахархах ёстой. Түүнээс арга барилыг нь судалж, тэмцэл хөдөлмөрийг нь нийгэмдээ сурталчилах учиртай. Өөрийгөө бүтээж, өөрөөрөө амьдарч, хувь заяагаа сонгож чадаж байгаа итгэл үнэмшлийг нь хүндэтгэх хэрэгтэй.

Бид Номтыг төрийн албыг төрлийн албат болгоогүйн төлөө, ЖДҮ, 60 тэрбум, тендерээс ангид байж ирсэн үнэт чанарынх нь төлөө баалахгүй байх нь шударга. Нийгмээр нэг байгаа цагаан захтнууд, улсын данс хоослогчдоос өөрөөр амьдарч, баялаг бүтээж, шударга хөдөлмөрөөр олон зуун айлын ар гэрийг манлайлж ирсэн бүтээмжтэн болохынх нь хувьд түүнийг адлах ёсгүй!

Бид Номтын үнэнг хэлж чаддаг, үнэн байгаад нь хүндлэх ёстой. Түүн шиг алдаа оноотойгоо ил амьдарч, эрх ашгийн эрэмбээ цэгнэж чаддагийг нь ойлгох ёстой. Хүчгүйдүүлэх, улдуулах увайгүй зорилготнуудын эсрэг тэмцэж байгаа хувь хүнийх нь хувьд түүнийг хүрээлж, хамгаалах нь зөв юм.

Бид Номтыг ирээдүйн улс төрийн өрсөлдөгчөө гэж онилон бусадтай элбэн энэ тэрүүгээр үг суйлж, үйлс жудаггүй хийдлээр намнаж байгаа эрх мэдлийн хэнээт нөхдөөс нь хамгаалах учиртай. Хүчтэнээ агнаж, хүний араас хутга шаагчид улс төрд хэрэггүй. Эрүүл өрсөлдөөн, бодлогын шийдэл, хуулийн зөв засаглалд амьдрахын тулд түүнийг өмөөрөх хэрэгтэй.

Бид Номтыг улс төр, нийгмийг эрүүлжүүлж, мөс зүсэж яваагийн нь төлөө дэмжих ёстой. Хүн сэтгэлгүй, хүйтэн сэтгэлтэй, сонгууль болохоор увайгүй доромжлогч хөгийн улс төрчдөөс ялгаж, шинэ загварын, тогтсон жишиг улс төрч болгохын төлөө хоёргүй үнэмшлээр алга таших учиртай.

Бид Номтыг алдаа бүхнээ гээж, оноо бүхнээ цуглуулж хүчирхэг шинэ нийгэм бүтээгч байлгахын төлөө түүнийг суллуулах ёстой. Хийгээгүй хэрэгт хутгаж, хий хоосоноор нулиж хэлмэгдүүлэх эрхгүй. Шинэ сайхан , шударга, хөгжсөн нийгмийг бүтээгч нэгэн хүчирхэг улс төрч байх ёстойн нь төлөө үгээ нэмэрлэцгээх нь зөв хэм хэмжээ, ёс суртахуунд нийцнэ.

Бид Номтыг хулгай, худал хоёрыг жигшиж, өвчилсөн тогтолцоотой тэмцэж байгаагийн нь төлөө өргөх учиртай. Хан-Уулын арынхан, Хатан Туулын хөвөөнийхөн ариун үнэнг дээжлэх тусын тулд түүнийг илүү зоригжуулах хэрэгтэй.

Доромжлон дээрэлхэх тусам нь зоригж, бэхэж! Зоолон ноцох тусам эгц чанад бай! Үнэн, зориг, ухаан ялдаг. Энэ гурав өөрт тань бий!

Илүү гэрэлт, илүү ас Номт оо!

Хүндэтгэсэн: З.Баяр

2020 оны 5 дугаар сарын 29

Холбоотой мэдээ