​Г.БӨХЧУЛУУН: МОНГОЛ БОЛ ХЯТАД БИШ, МОРИН ХУУР МОНГОЛЫН ӨВ ГЭДГИЙГ БИ ӨӨРӨӨ ХАРУУЛАХЫГ ХҮСДЭГ

2020-06-04 74

Монгол Улсын иргэн Г.Бөхчулуунтай ярилцлаа. Тэрээр Австрали улсын “The voice Australia” шоуны ес дэх удаагийн тэмцээнд өөрийн зохиосон ардын ая, аялгууг эгшиглүүлж, дөрвөн шүүгчийг бүгдийг нь эргүүлж, алмайруулж чадсан бөгөөд Монголынхоо өв соёлыг дэлхийд таниулж байгаа нэгэн юм.

-Сайн байна уу. “The Voice Australia” тэмцээнд амжилттай оролцож эхний шатаа давжээ. Хоёрдугаар шатны бэлтгэлдээ орсон уу?

-Баярлалаа. Бэлтгэлдээ хараахан ороогүй байгаа.

-Ер нь яагаад “The Voice Australia”-д орохоор болсон бэ?

-Уг тэмцээнийг зохион байгуулагчид миний тоглолт, бичлэгийг үзсэн юм билээ. Тэгээд намайг тэмцээнд орохыг урьсан юм. Хэд хоног орох эсэхтэй эргэлзэж бодож байгаад  өөрийнхөө чадах зүйлээр Монголынхоо өв соёлыг харуулах үүднээс оролцъё гэж бодсон юм.

-Тэмцээнд үзүүлбэрээ үзүүлээд дууссаны дараа хүүхэд чинь тайзан дээр гараад ирсэн шүү дээ. Танай хүүхэд хэдэн настай юм бэ. Та их гайхсан уу?

-Их гайхсан, бас сандарсан. Манай охин хоёр настай. Тайзан дээр гараад ирэх үе гайхсандаа шүүгчийнхээ хэлсэн үгийг ч ойлгоогүй өнгөрөөсөн байна лээ.

-Та яагаад Гай Себастьян шүүгчийг сонгов?

-Ер нь дууг нь сонсох дуртай. Учир нь тэрээр зөөлөн, хөнгөн жанрын дуу дуулдаг дуучин. Энэ талаараа бид хоёр адил төстэй учир морин хуур, хөөмийг хослуулсан гоё бүтээл гаргах байх гэж бодож байна. Шүүгч бид хоёрын бэлтгэлээс хамаарч сайн уран  бүтээл гарах байх.

-Австралид хэр удаж байгаа юм бэ?

-10 жил болсон байна.

-Та гадаад хамтлагтай хамтарч дуу гаргадаг юм билээ. Ямар, ямар хамтлагтай ажиллаж байсан бэ?

-Би хоёр хамтлагтай. Эхнийх нь “Equus” буюу морь гэдэг нэртэй, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг бий. Нөгөө хамтлагийг “Aya” гэдэг. Ая гэдэг үгийг латинаар бичихэд “Aya” гэж буудаг юм. Өөр улсын хэлээр ч хөгжим, дуу гэсэн утгатай учир энэ нэрийг өгсөн.  Энэ хамтлаг маань гурван хүний бүрэлдэхүүнтэй. Уг хамтлагтайгаа тав дахь төсөл дээрээ ажиллаад дууслаа. Хамгийн сүүлийн төсөл нь Монголын мазаалай  баавгайнд зориулсан дуу хийсэн. Ховордож устаж байгаа учир хамгаалах шаардлагатай байгааг хүмүүст ойлгуулж, тусламж, дэмжлэг үзүүлж, дуу гаргасан байна. Харин “Equus” хамтлагтайгаа хоёр цомог гаргасан бол “Aya” хамтлагтай арванхоёрдугаар сард бичлэг хийлгэж, цомог гаргахаар болсон. Би өөрийнхөө CD-ийг хийхээр хоёр жил ажиллаж байна. Ирэх жилээс гаргана даа. Ерөнхийдөө олон хүмүүс “Ээж, аав” хоёр дуугаараа ганц CD гаргахгүй юм уу гэж хэлдэг учраас тун удахгүй Австралийн войст эгшиглүүлсэн  энэхүү дуугаа CD-нд буулгана.

-Хоёр хамтлаг хөгжим, бүтээлийн төрөл зүйлийн хувьд ялгаатай юу?

-“Еquus” хамтлаг ерөнхийдөө улс улсын ардын, үндэсний хөгжмийг хоршуулж, нийлүүлж тоглодог содон хамтлаг. Туркийн wood буюу мод хөгжим, бөмбөр, гитар, контор басс тоглодог. Харин “Ая” хамтлаг Австралийн алдартай үлээвэр хөгжимчин буюу дэлхий даяар луувангаар үзүүлбэр үзүүлж явсаар нэрд гарсан хүн манай хамтлагт байдаг юм. Нөгөө эмэгтэй гишүүн нь устаж, үгүй болж байгаа амьтдын дуу хоолойг бичиж аваад, электрон үлээвэр хөгжмөөрөө амьтдын дууг гаргаж, хөгжимддөг. Тэгэхээр нэг нь акустик, нөгөө нь электроник маягийг жанраар тоглодог гэсэн үг.

-Хамтлагтайгаа, эсвэл ганцаараа аялан тоглолт хийсэн үү. Ямар ямар газраар явж байв?

-Ганцаараа хамгийн сүүлд Франц руу явж нэгэн фестивальд үзүүлбэрээ үзүүлсэн. Ерөнхийдөө Австралидаа маш их  тоглолт хийдэг юм. Нэг талаараа  надад ч амар байдаг. Бас 2-3 жил аялан тоглолт хийгээд дуусахгүй их хот, тосгонтой.  Удахгүй бүх газар тоглолтоо толилуулж дуусах гэж байгаа. Үүний дараа гадагшаа гарч тоглолт хийнэ гэж бодож байгаа. Уг нь өөр улсууд руу тоглолтоо хийхээр явах гэж байтал  корона гараад цуцлагдчихлаа л даа.

-Одоо Австралид коронавирусийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Гэртээ 1-2 хүн оруулж болохоор болсон. Австрали маш сайн арга хэмжээ авч байгаа. Өдөрт 1000 гаруй шинэ тохиолдол илэрдэг байсан бол одоо 4-5 гарч байна. Австрали олон улсынхаа хилийг энэ он дуустал нээхгүй гэж ярьж байгаа. Үүнээс болоод Монгол руугаа, гэртээ очиж  чадсангүй. Энэ л хамгийн муухай байна даа.

Австралид ирээд гудамжинд хөгжим тоглодог байсан.

-Та цомог гаргах гэж байгаа гэсэн. Ер нь хэчнээн дуутай вэ?

-Би 2010 онд анхныхаа цомгийг гаргасан. Тэгээд  2010-2020 он хүртэл хамтлагуудтайгаа хамтарч хэд хэдэн CD гаргалаа. “Equus” хамтлагтай “horse and wood” гэсэн CD гаргасан. Бас хоёр хамтлагтай, өөр хувь уран бүтээлчидтэй хамтраад CD гаргаж, уран бүтээл туурвисаар 10 орчим CD гаргасан байна. Өөрийнхөө маш CD гаргахаар 2018 оноос хойш ажиллаж байна даа. CD-ний зургийг Австралид Heesco нэрээрээ алдаршсан Хоснаран маань зурж, туслахаар болсон.

-Та яагаад гадаад явахаар болсон юм бэ. Монголд байхдаа Домог хамтлагийн гишүүн байсан гэл үү?

-Тийм ээ. Би Морин хуурын чуулга, Домог хамтлагт ажиллаж байсан. Тэр үед манай эхнэр гадагшаа гарч, англи хэл сурах санаа гаргасан юм. Тэгээд бид хоёр 2009 онд Австралид хэл сурахаар ирсэн. Тэр үед биднийг хараад хятад уу, Монгол гэж хаана байдаг юм, Монгол гэдэг чинь Хятадын муж биз дээ гэж хүртэл хэлж байсан. Хүмүүсийг тэгж хэлэхээр бүр уурламаар ч юм шиг санагддаг шүү. Би анх ирээд зургаан сар гудамжинд тоглолт хийдэг байлаа. Тэгж байхад Австралийн ABC радио ярилцлага авч, хүмүүс ч намайг мэддэг болж, олон хөгжимчидтэй танилцсан. Тэгээд ямар ч байсан Монгол Улс гэж ямар түүх, өв соёлтой орон бэ гэдгийг би өөрөө харуулах ёстой гэж бодож, Австралид бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Хүмүүс танилцаад шууд л “Энэ ямар хөгжим юм бэ” гэж асуудаг. Тэгэхээр нь “Энэ бол монгол хөгжим” гэж хэлэхэд хүмүүс манай улсын тухай сонирхож асууж хэлдэг.

-Гадаад хүмүүс таны бүтээлийг үзэж, сонсоод хөгжим тоглохыг заалгая гэж хэлж байсан удаа байгаа юу?

-Би Австрали оюутнуудад морин хуур заадаг. Одоогоор сургалтаа зогсоочихсон байгаа. Мөн Австралийн ерөнхий боловсролын сургуулиудад очиж тоглолт хийдэг. Намайг ирэхийг урьдчилаад зарлачихдаг юм шиг байгаа юм. Тэгэхээр монгол хүүхдүүд дээлээ өмсчихсөн сууж байхыг харахад сайхан байдаг шүү.

-Та “Домог” хамтлагтайгаа холбоотой байгаа юу? 

-Холбоотой байгаа. Манай хамтлагийнхан ирэх жил хүртэл гадагшаа явах байсан тоглолтууд нь цуцлагдсан байна лээ. Би хол байгаа учраас хамтарч бүтээл хийж чадахгүй байна. Монголд очихдоо хэдхэн долоо хоног л болдог.  Гэхдээ боломж олдвол хамтарч бүтээл хийхийг хичээнэ. Мөн танай сайтаар дамжуулаад Монголынхоо ардын урлагийн бүх хамтлагууддаа мэнд хүргэе.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаж болох уу? 

-Хамгийн түрүүнд CD-гээ маш сайн хийж, ирэх жил гаргана. Тэгээд өөрийн бие даасан болон хамтлагуудтайгаа нийлж, тоглолт хийнэ.  Мөн өөр орнуудаар тоглолт хийж,  Монгол Улсыг бүх хүн мэддэг байх зорилготой ажиллаж байгаа.

-Та “The Voice Australia”-д түрүүлнэ гэсэн зорилго тавиагүй байгаа юм уу?

-Мэдэхгүй юм аа. Яаж ч магадгүй. Гэхдээ надад заавал түрүүлнэ гэсэн бодол байхгүй байна. Улс орноо сурталчилж, таниулж л чадвал зорилго маань биеллээ гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

ЭХ СУРВАЛЖ: WWW.ITOIM.MN

Холбоотой мэдээ