Эрэгтэй сурагчдаа бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан багшийг яллагдагчаар татжээ

2019-10-31 273

Дунд сургуулийн багш 57 настай Э 17 настай хүүг давтлага өгөх нэрээр хуурч, гэртээ аваачжээ-

Фэйсбүүк сүлжээ ашиглалтаараа Азид тэргүүлдэг манай улсын хувьд цахим гэмт хэргийн нөхцөл байдал жилээс жилд хүндэрч байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа тоон мэдээллээс харагддаг. Цахим хаягийн нууц дугаарыг хулгайлж, хаяг эзэмшигчийн өмнөөс бусдаас мөнгө залилдаг гэмт хэрэг хавтгайрсан. Тэгвэл сүүлийн үед цахим сүлжээний хохирогч зөвхөн томчууд байгаад зогсохгүй бага насны хүүхдүүд болох боллоо.

ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЭХ ГЭМТ ХЭРГИЙГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ НАР ҮЙЛДЭЖ БАЙНА

Хамгийн сүүлд гэхэд их сургуулийн багш ажилтай 35 настай С гэгч хуурамч фэйсбүүк хаяг ашиглан удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг уруу татаж бэлгийн харьцаанд орсон хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгажээ.

Хохирогч охид 12-16 насных байж. С-д хууртагдаж, гэмт хэргийн хохирогч болсон долоон охин байгаа гэнэ.

Интернэт орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчид охид байдаг. Гэтэл хөвгүүд ч интернэт гэмт хэргийн хохирогч болдгийг баталсан нэгэн хэрэг цагдаад бүртгэгдэн шалгагджээ. Бас л багш мэргэжилтэй, дунд сургуульд мэргэжлээрээ багшилдаг 57 настай Э гэгч уг хэргийг үйлдсэн байна. Тэрээр гэрээр давтлага өгөх нэрийдлээр 17 настай X гэх хүүг хуурч мэхлэн гэртээ аваачжээ.

Ингээд сурагч хүүд хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан байна. Цагдаа нар Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 16.8-д зааснаар хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах зүйл ангиар буруутган шалгаж, яллагдагчаар татжээ. Уг хэрэг одоо прокурорын шатанд хянагдаж байгаа аж.

Хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа статистик байдаг. Гэмт хэрэг үйлдэгчийн хувьд ихэнх нь эрхэлсэн ажил, мэргэжилгүй хүмүүс холбогддог нөхцөл байдал бий.

Тэгвэл дээр дурдсан хэргүүдийг дээд боловсролтой, тэр дундаа сурган хүмүүжүүлэгч багш хүн үйлдэж байгаа нь гутамшигтай. Тэр дундаа эрэгтэй хүүхдүүд хохирогчоор нэмэгдэж байгаа нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг газар авсаар байгааг илтгэж байна. Иймд эцэг, эхчүүд, асран хамгаалагчдын хувьд хүүхдийнхээ цахим хэрэглээнд таньж мэдэхгүй хүмүүсээс гадна ойр дотны хүмүүс, багш нартайгаа хэрхэн харьцаж буйг ч давхар анхаарах шаардлагатай болжээ.

Холбоотой мэдээ