ГАНБУУШИЙН САНААНД БАГТТАЛАА МОНГОЛ ТӨРИЙН БОСГО НАМДЛАА ГЭЖ ҮҮ

2020-06-02 100

Саяхан л тэтгэвэр тогтоолгож чадахгүй яваагаа учирлан, өөрийн гэсэн тайчих клубтэй болохыг мөрөөдөж явсан Ганбууш буюу Н.Ган-Од 2020 оны УИХ-ын сонгуульд “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшлээ.

Үүнийг сонссон зарим нэг нь “Худлаа байлгүй дээ” гэж гайхаж магадгүй. “Яагаад дэвшиж болохгүй гэж” хэмээн дэмжиж буй хүн ч байгаа нь мэдээж.

Монгол төрийн босго жилээс жилд намдхан болж, хэн дуртай нь нэр дэвшиж байна гэж шүүмжлэх хүн олон. Өнөө жилийн сонгуульд нэр дэвшиж буй цөөнгүй хүн үүний баталгаа. Өөрийгөө их хаантай зүйрлэн, нэрээ М.Чингисхаан гэж солиулсан сошиал од залуу нэр дэвшсэн. За, тэгээд арай ч дээ гэж дуу алдуулах цөөнгүй хүн нэр дэвшсэнийг хүмүүс сайн мэднэ. Энэ жагсаалтыг Н.Ган-Од үргэлжлүүллээ. Захын нэг тайчих клуб ажиллуулдаг хүн нэр дэвшсэн, төр түших боломж гарч магадгүй гээд түүний сэтгэлд багтаж байна гэдэг өөрөө эмгэнэл.

Н.Ган-Од сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа тайлбарласан нь бүр ч эмгэнэлтэй бас хөгийн. Тэрбээр МАН-аас нэр дэвшсэн П.Анужинг амлан авч, ухааруулахын тулд нэр дэвшиж буйгаа хэлсэн. Чухамдаа П.Анужингийн хувийн амьдралын бараан түүх Н.Ган-Одын санааг зовоож, Монголын төрийг түүнээс хамгаалахын тулд ингэж яваа юм байх. Н.Ган-Од өөрөө тийм ариун, цагаан мөртэй бил үү. 2016 оны УИХ-ын сонгуульд яалаа даа. Дуучин Нараг навсайтал нь гөвсөөр байгаад хандийг нь хага дарсан биз дээ. Яг энэ технологиороо, тэр аргаараа П.Анужинтай тулах нь. Тэгэхдээ элдэв бичлэг хийгээд бус сонгуульд нэр дэвшиж.

Э.Бат-Үүл З.Энхболдыг амлан авч, нэр дэвшсэн газар нь очиж өрсөлдөнө гэж баахан дөвчигнөсөн. Түүнийг нь дуурайж, өөрийгөө тэдний энд тавьсныг нь гайхмаар. Бие, биенийхээ дээр, доор орох, “ухамсран шанаа” өгөх ч яах вэ, тэдний асуудал.

Харин хэн нэгнийг харлуулах, өшөө авах талбар нь Монголын төр огтоос биш. Нөгөө талаар Монгол төрийн босго өндөр байх ёстой. Эгэл жирийн иргэдээс авхуулаад улс төрчид хэр хэмжээгээ, юу чадах, чадахгүйгээ мэдэх хамгаас чухал. Ийм нийгмийг, төрийг бид хүссэн юм гэж үү. Монголын төрийн босго ингэтлээ намхан болсон нь даанч харамсалтай. Одоо нэг мөсөн О.Осоржамааг сонгуульд өрсөлдүүлье. Тэгээд нэг мөсөн цагаандаа гарцгаая.

ЭХ СУРВАЛЖ: WWW.EGUUR.MN

Холбоотой мэдээ