“Эрдэнээ Сарангэрэлийг эрхшээлдээ оруулсан байсан тухай дуулсан юм”

2020-06-02 112

 

АН-ын дарга С.Эрдэнэ гэж хал үзэж, халуун чулуу долоосон эр бий. 1984 оны 7-р сарын 4-д БНМАУ-ын шүүхээс 7 жил, 2009 оны 1-р сарын 22-нд  Монгол Улсын шүүхээс 6 жилийн хорих ял шийтгүүлж байлаа.С.Эрдэнэ 1981 онд цэрэгт татагдаж, АА-ийн 187-р ангид байлдагч цолтой алба хааж байх хугацаандаа 1983 оны 5-р сарын 21-нд байлдагч Сарангэрэлийг чулуугаар шидэж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулж, Сарангэрэл дээрх гэмтлийн улмаас нас барсан. Мөн 1984 оны 1-р сарын 23-нд Егүхан, Аскар нарыг гүйцэтгэж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн доромжилсон.Уг хэргийг БНМАУ-ын шүүх 1984 оны 7-р сарын 4-ний өдөр хэлэлцэж 116 дугаар таслан шийтгэх тогтоолоор 7 жилийн хорих ялаар шийтгэжээ.С.Эрдэнэ шүүх хурал дээр “Байлдагч Сарангэрэлтэй маргаж, Сарангэрэл бүсээрээ надыг хоёр удаа ороолгохоор нь би бүсийг нь булааж автал Сарангэрэл зугтаахаар нь би газраас жижгэвтэр чулуу авч хойноос нь шидсэн. Тэр чулуу толгойд нь оносон байх. Энэ үйлдлийн улмаас Сарангэрэл нас барсан явдалд өөрийгөө гэм буруутай гэж үзэж туйлын их гэмшиж байна. Мөн байлдагч Егүханыг шал муу цэвэрлэж байна гээд хүч хэрэглэж эрх чөлөөнд нь халдан хөнгөн гэмтэл учруулснаа хүлээж байна. Харин Аскарыг би зодоогүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж мэдүүлсэн байна.Харин хохирогч С.Дашцэрэн “Эрдэнээгийн гэм буруугийн улмаас миний дүүгийн амь нас хохирсон явдалд гомдолтой байна. Хуульд заасан дээд хэмжээгээр нь шийтгэж өгнө үү”, гэрч П.Алдар “Сарангэрэлийн амь насыг Эрдэнээ, Тайванхүү хоёр хохироосон юм шиг байна лээ. Мөн Эрдэнээ Сарангэрэлийг эрхшээлдээ оруулсан байсан тухай дуулсан”  гэж ярьжээ.Түүнчлэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч тархины гэмтлийн улмаас нас барсныг тогтоосон байна.

эх сурвалж .     news1.mn

“Эрдэнээ Сарангэрэлийг эрхшээлдээ оруулсан байсан тухай дуулсан юм”

Холбоотой мэдээ