1.5 метр зай, тэврэхгүй, үнсэхгүй журмаа мартав уу, нэр дэвшигчид ээ!!!

2020-06-02 125

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-ноос үнэмлэхээ гардан авлаа. Мөн өнөөдрийн 00.00 цагаас сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Ийнхүү сонгуулийн кампанит ажил энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч өрсөлдөж буй юм.

Энэ удаагийн парламентын сонгууль дэлхийг хамарсан Covid-19 цар тахлын үед явагдаж байгаагаараа онцлог юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас “УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан.

Уг журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгсөн.

Мөн үүнээс гадна сонгуульд нэр дэвшигчид цахим хэлбэрээр уулзалт зохион байгуулах боломжгүй бол уулзалтыг хоёр цагаас хэтрүүлэхгүй, хүн хоорондын зайг 1.5 метр байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй /гар барихгүй, тэврэх, үнсэх/ зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна гэсэн зөвлөмжийг мөрдөхөөр тусгасан юм.

Гэвч сонгуулийн сурталчилгаа эхлэв үү үгүй юу тус зөвлөмжийг умартсан нэр дэвшигчид их байна. Учир нь зарим намын төлөөлөл нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авахаар ирэхдээ намын дэмжигчдийн хамт ирсэн бөгөөд эдгээр хүмүүс Эрх чөлөөний талбайд бөөгнөрөл үүсгэж байв.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларах тохиолдолд биеийн халууныг хэмжиж, гар халдваргүйжүүлэх ёстой гэж дээрх зөвлөмжид мөн заасан ч өнөөдрийн үйл ажиллагаанаас гар халдваргүйжүүлэхээс илүүтэй гар барьсан, тэврэлдсэн хүмүүс их байлаа.

Дэлхий дахинд коронавирусээр өвчлөгчдийн тоо зургаан сая хол давсан. Хэдхэн сарын өмнө манай улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдэх үед монголчууд айдаст автаж байсан үе саяхан. Гэвч ердөө хэдхэн сарын дараа өвчин гараагүй юм шиг хэнэггүйтэж эхэллээ. Одоогийн байдлаар манай улсад бүртгэгдээд буй 185 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь иргэдийн тайвшрах шалтгаан ч болж байна.

Гэхдээ ДЭМБ-ААС хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөж орж ирээд дотооддоо тархах эрсдэл өндөр байна. Монгол Улсад коронавирусийн халдвар дотооддоо тархаагүй ч энэ нь цаг хугацааны асуудал гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулсаар буй. Цар тахлын эрсдэл буураагүй тул бид сэтгэл амрах болоогүй.

Иймээс хүн бүр гараа савандаж угаах, ханиаж найтаахдаа амаа таглаж, дасгал хөдөлгөөн хийх, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, олон нийтийн газарт зай барьж явах хэрэгтэй. Ялангуяа нэр дэвшигчид нэр үлгэр жишээ байх хэрэгтэйг сарын өмнө болсон Өмнөд Солонгосын парламентын сонгуулийн жишээнээс харж болно.

Өмнөд Солонгосын парламентын сонгууль цар тахал дотоодод  ид дэгдсэн үед болсон. Тус улсын эрх баригчдад цар тахлын үед сонгуулийн санал хураалтыг хэрхэн аюулгүй, эрсдэл багатай явуулах вэ гэх хүндхэн сорилттой тулгарсан юм.

Цар тахлын үед сонгууль явуулах журмын хүрээнд намууд, нэр дэвшигчдийг нийтийг хамарсан арга хэмжээ, уулзалт, цуглаан зохион байгуулахыг хориглосон. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчид тойрогтоо иргэдтэй уулзаж, гар барьж, зургаа татуулахыг хориглосон. Тиймээс нэр дэвшигчид цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түлхүү сурталчилгаагаа хийж байв.

Гэхдээ зарим нэр дэвшигч цар тахлын үеийн сонгуульд үлгэр жишээ оролцсон хэмээн ард иргэдийн зүгээс магтаал сайшаал хүртсэн. Тухайлбал иргэдэд амны хаалт хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан даавуун амны хаалт хийх арга заах аянг нэр дэвшигчид тойрогтоо өрнүүлжээ. Мөн олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газруудаад ариутгалын бодис цацаж, ариутгал хийх  ажлуудыг хийх зэргээр сурталчилгаагаа хийсэн байна.

Ингээд дахин сануулъя. Нэр дэвшигчдээ зайгаа барья, 1.5 метр зай, тэврэхгүй, үнсэхгүй байх журмаа баримтална уу.

Холбоотой мэдээ