С.МӨНХЧУЛУУН: ХҮН БУСДААС ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ӨӨРӨӨ ӨӨРӨӨСӨӨ, ХИЙЖ БУЙ АЖЛААСАА ҮЛГЭР ДУУРИАЛ АВДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

2020-05-30 76

НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй С.Мөнхчулуун нь 2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 онд Сонгино Хайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан төрийн албаны арвин туршлагатай, ирээдүйтэй залуу улс төрчдийн нэг юм. Түүний зарчимч бөгөөд шударга зан чанар, бусдыг удирдах арга барил нь олон хүмүүст үнэлэгддэг юм.

Төрийн албанд ажлаа мэддэггүй, ёс зүйгүй хүмүүс байсаар байвал Монгол улс хөгжиж чадахгүй

Та багадаа ямар хүүхэд байсан бэ?

Би багадаа их дуулгавартай, эцэг, эх ойр дотнын хүмүүсийнхээ хайрыг татсан, онц сурдаг, толгой сайтай хүүхэд байсан. Манай эгч надаас хоёроор эгч л дээ. Тэгээд жоохон байхдаа эгчийгээ гэрийн даалгавраа хийж байхад нь хажуунаас нь хараад цагаан толгойгоо сурчихсан. Тэрийг эхэндээ аав, ээж маань мэдэхгүй байж байгаад айлд ороод ном уншихыг хараад мэдсэн гэсэн. Тийм ч болохоор 7 настайдаа шалгалт өгөөд сургуульд орж байсан юм.

Бага байхад хүмүүс надаас “Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?” гэж асуухад би Цэдэнбал болно гэж хариулдаг байсан. Хэтэрхий амбицтай байсан юм шиг санагдаж болох ч тухайн үеийн төр засгийн удирдлагууд маань тэгж л ард иргэд, хүүхэд залуустаа хүндлэгддэг байж дээ гэж бодогддог юм.

Би багаасаа физик, математикийн хичээлдээ их сонирхолтой байсан. Улс нийслэлийн олимпиадад энэ чиглэлээр олон удаа ордог байлаа. Янз бүрийн олимпиадаас гадна цэнгээнт бүжгийн тэмцээнд орно. 9 дүгээр ангидаа орсон жилээ цэнгээнт бүжгээс гадна реп бүжиг, хамтлаг гээд явдаг байсан. “Улаан репчидийн тулаан”, “Одод болохын хүслэн” гээд тэмцээнүүдэд орж, дуу хөгжмийн багштайгаа нийлээд сургууль дээрээ мини тоглолт хийдэг байлаа.

Бид хичээлээ тараад хааяа нэг “Ялалт” кино театрт кино үзнэ. Кино үзэх гээд хүлээж байхдаа шатан дээр сууж байгаад даалгавраа хийчихдэг байсан. Мэдээж гэрт очоод ээж, аав хичээл, даалгавар шалгана. Энэ бол эцэг, эхийн хараа хяналт ямар сайн байсныг харуулж байгаа юм. Өнөөгийн нийгэмд хүмүүсийн амьжиргааны түвшин хүнд байна. Дээр нь бүгд цаг наргүй ажилладаг болчихсон. Энэ нь хүүхдүүддээ тавих хараа хяналтыг сулруулаад байх шиг байна. Сургуульд нь даатгаад орхичихдог. Ямар ч байсан хүүхдүүдээ хувцастай хоолтой байлгаж байх л эцэг, эхийн үүрэг шиг болчихоод байна шүү дээ.

Харин социализмын үеийн эцэг, эхчүүд ажлын цагаараа ажлаа хийнэ. Илүү цагаар ажиллаад байх юм байхгүй. Хэдэн цагт гэртээ ирэх нь тодорхой. Тэгэхээр гэрийн хүмүүжил, хүүхдэдээ тавих эцэг эхийн хараа хяналт гэдэг хүүхдийн боловсролд маш чухал.

Таны аав, ээж ямар мэргэжилтэй вэ?

Миний аав офицер хүн. Салаан даргаас штабын дарга хүртлээ армид ажиллаад 38-тайдаа цэргийн тэтгэвэрт гарсан. Монгол Улс ардчилалд шилжээд 20 жил цэргийн албанд ажилласан офицеруудыг тэтгэвэрт гаргаж, цомхтгосны нэг нь гэсэн үг. Тэтгэврээ авах гээд очихоор баахан ахмадуудын дунд 38-тай залуу их л ичиж зогсдог байснаа ярьдаг. Сүүлд аав маань бусдын л адил ганзагын наймаанд ядах болсон. Харин ээж маань нягтлан бодогч мэргэжилтэй. Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг шиг аавыг дагаж цэргийн ангийн тоо бодож амьдарсан хүн.

Цэргийн ангийн хүүхдүүд Био комбинатын 10 дугаар сургуульд сурна. Тийшээ цэргийн машинаар бөөнд нь зөөж, авна. Тэр үед офицеруудын байранд 50-60 айл байсан байх.

Офицеруудын хүүхдүүд хоорондоо ах, дүү шиг л өснө. Би ах нарыг дагаж арай түрүүнд уншиж, бодож сурсан учраас долоон настайдаа сургуульд орсон. Сүүлд хамран сургах тойрог өөрчлөгдсөн байх, хоёрдугаар ангид байхад манай 120-ынхон /ЗХ-ний 277 дугаар анги/ Шувуун фабрикийн 26 дугаар сургуульд явдаг болсон. Намайг дөрөвдүгээр ангид байхад манайх Толгойтын цэргийн хотхон руу нүүсэн. Тэгээд Толгойтын 42 дугаар сургуулийг төгссөн.

Захын хорооллын сургуулиас өндөр хөгжилтэй Герман улсад суралцана гэдэг том шийдвэр байсан байх. Ялангуяа таны хувьд Монголдоо суралцаад хангалттай сайн ажиллаад явж болох байсан. Яагаад энэ сонголтыг хийсэн юм бэ?

Манай эгч 42 дугаар сургуулийг төгссөнийхөө дараа Герман явчихсан юм. Германд сурч байгаад намайг ирж сур гэж зөвлөсөн. Тэгээд эхнэртэйгээ хоёулаа виз мэдүүлсэн, гарчихсан.

Герман бол маш том соёл. Адаглаад Германчууд цагийг алт гэж үздэг. Болзооноосоо хоцорч байгаа хүн бол тэнэг. Болзооноосоо түрүүлж ирж байгаа хүн бүр тэнэг. 03.00 цагт уулзахаар болсон ч 03:10 цагт ирвэл хайран 10 минут гэдэг бол 03.00 цагт уулзахаа мэдсээр байж 10 минутын өмнө ирж дэмий суувал тэр хүн бүр тэнэг хүн болж байх жишээний.

Тэгэхээр тэр хүмүүс цаг барихыг биш цаг ашиглалт, минут, секунд бүр алт шүү гэж үздэг болж таараад байгаа юм. Герман стандарт гэж ярьдаг. Энэ нь аливаа зүйлийг сайн хийдэгтээ биш дүрэм журам, стандартын дагуу хийдэгтэй нь холбоотой.

Та яагаад улс төрч болохоор шийдсэн юм бэ?

Би инженер мэргэжилтэй. Анх төрийн албанд өмчийн харилцааны газарт хөрөнгө оруулалтын чиглэлийн мэргэжилтнээр ажиллаж, хөрөнгө оруулалтын ажлууд дээр хяналт тавьдаг байсан. Тэгээд концессын тухай хууль батлагдаад концессын хэлтэс байгуулагдаж, тус чиглэлийн буюу төр хувийн хэвшлийн түншлэлийн ажлуудыг хийсэн. Тэр үед дан ганц төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гэдэг маш хүндрэлтэй болохыг ойлгосон.

Дараа нь 2012 оноос би Сонгино Хайрхан дүүргийн тамгын газрын даргаар ажилласан. Тэр хугацаанд олон асуудлуудыг олж харсан. Ер нь яам, тамгын газар, УИХ-д шууд орчихсон хүмүүс иргэдийн амьдрал ямар хүнд байгааг ойлгодоггүй.

Гэтэл дүүргийн ажлууд маш хэцүү байдаг. Нийслэлийн хэлтсийн даргаар ажиллаж байхад хэдэн компаниуд, дүүргийн удирдлагуудтай л харьцдаг байсан. Харин дүүргийн тамгын газрын дарга тухайн дүүргийнхээ бүх иргэдийн асуудалтай тулж ажилладаг. Тухайн үед Сонгино Хайрхан дүүрэг 320,000 хүн амтай байсан. Салбар салбарын маш олон асуудлуудыг шийдэх хэрэг гардаг ч тэдгээрийг төрийн захиргааны албан хаагчид өөрсдөө шийдэх боломжгүй байдаг. Би төрийн албан хаагчдадаа “Та нар намын харьяалалгүй ялсан намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж хэлдэг байсан.

Гэхдээ эрх баригчид зөв бодлого гаргаж чадахгүй байна. Мөн аль нэг нам ялахаараа төрийн албыг хавтгайруулж, халаа сэлгээг дураараа хийдэг. Үүнтэй холбоотойгоор, төрийн алба тогтворгүйжиж, суурь нь ганхаж эхэлдэг.

Төрийн алба бол Монгол улсын менежер юм. Харин та бидний төлсөн татвараар цалинжаад ард иргэдийнхээ төлөө ажиллах ёстой хүмүүсийг төрийн албан хаагчид гэнэ. Хүмүүс төрийн албан хаагчид болон улс төрчдийг муу муухайгаар нь дуудаж, бүгд адилхан, улс төрөөс хол байсан дээр гэж ярьдаг. Яг үнэндээ энэ нь маш буруу юм. Иргэд анхаарал хандуулах ёстой зүйл дээрээ анхаарахгүй байхаар чадваргүй хүмүүс улс төрд орж, буруу бодлого шийдвэрийг гаргаж байна.

Түүнчлэн энэ ялзарсан, улс эх орныг доройтуулж, хямралд оруулж буй байдлыг арилгахын тулд төрийн албанаасаа эхэлж өөрчлөлт хийх хэрэгтэйг би ойлгосон. Тийм учраас л би улс төрд орохоор шийдсэн.

Би төрийн албанд ажиллаад бүх нөөц бололцоогоороо дээшээ дэвшиж болох ч гүйцэтгэх албан тушаалд л байх учраас төрийн бодлого, шийдвэрт нөлөөлж чадахгүй шүү дээ. Хэрвээ тэгвэл чадваргүй хүмүүсийн гаргасан, буруу бодлого шийдвэрийг биелүүлэхийн тулд ажиллах хэрэгтэй болно.

Өнөөдөр парламентын сонгуулиар сонгогдож гарч ирээд төрийн албан хаагчдаа халж, сольдог улс төрийн намын тогтолцоо тогтчихсон байна. Дүүргийн тамгын газрын дарга нар 4 жил тутамд заавал 1 удаа солигдоно, зарим тохиолдолд бүр 2-3 удаа ч солигдох нь бий. Би 2012-2015 он хүртэл дүүргийн тамгын газрын даргаар ажиллаж байгаад явснаас хойш 2016 он хүртэл Сонгино Хайрхан дүүргийн тамгын газрын дарга 2 ч удаа солигдсон байдаг. Дүүрэг өөрөө ийм тогтворгүй байхаар ажилтнууд нь дагаад эмх замбараагүй байдалд өртдөг.
Хамгийн гол нь олон жил төрийн албанд ажиллаад мэргэшчихсэн ажилтнууд дарга нараа тоохоо больж эхэлдэг. Тэртээ тэргүй удахгүй солигдоод л явна гэсэн байдлаар хандах нь бий.
Мөн ямар ч туршлагагүй залуу хүн дарга болоод ороод ирэхээр төрийн албан хаагчид дургүйцэж, ажиллах урам зориг нь мохож эхэлдэг.

Тэгэхээр төрийн албанд ажлаа мэддэггүй, ёс зүйгүй хүмүүс байсаар байвал Монгол улс хөгжиж чадахгүй.
Мөн зарим сонгогдчихсон төлөөлөгчид болон улсын их хурлын гишүүд төрийн албаны талаарх ямар ч ойлголтгүй байдаг. Гаднаас нь хараад “За болох юм байна” гэж дүгнээд нэг компани удирдаж байгаа аятай асуудалд ханддаг.

Тийм учраас л би өөрөө үүнд гар бие оролцож, өөрчлөлтийг хийх ёстой гэж бодож, улс төрд хөл тавьсан. Энэ бол хамгийн чухал асуудал. Төрийн албыг тогтвортой болгож, улс төрийг цэвэр болгохгүй бол нийгмийн бүх салбарт хөгжил дэвшил ирэхгүй.

Бизнес эрхэлж байгаа хүмүүс хүртэл “Зүгээр ажлаа хийгээд явж байхад энд тэндээс дарамт ирж, хуулиар далайлгаж, авилгал нэхэж, ажил хийх боломж бололцоог хаадаг” гэж ярьдаг шүү дээ.

Тэгэхээр системээр нь үүнийг өөрчлөх ёстой юм. Ялангуяа төрийн албаны тогтолцоонд шинэчлэлт хийж, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх шаардлагатай байна. Эс бөгөөс одоо байгаа энэ нийгмийн хүнд суртлууд хэзээ ч алга болохгүй.

Ментор номын ярилцлагаас…

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: amjilt.news Сэтгүүлч Э.Анударь

Холбоотой мэдээ