ХЭНТИЙГЭЭС НЭР ДЭВШИХ МАНДАТАА АВСАН Э.БАТ-ҮҮЛ 9 ТЭРБУМЫН ХЭРЭГТ СЭЖИГТНЭЭР ТАТАГДСАН

2020-05-27 124

Энэ жилийн УИХ-ын сонгуульд АН-аас эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагч болох 12 хүний нэрс тодорсон байгаа. Тэдний дунд Хотын дарга асан Э.Бат-Үүл байгаа юм.

Тэрбээр нийслэлийн захирагч байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр хүү Б.Чулуудайн хамт шалгуулаад багагүй хугацаа өнгөрөв. Магадгүй хугацаа хожиж, хэргээ хэрэгсэхгүй болгохыг санаархаж байгааг үгүйсгэхгүй юм.

Тэгвэл эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа экс хотын дарга Э.Бат-Үүл намаасаа Хэнтий аймагт нэр дэвших мандатаа авсан байгаа юм.

Цагтаа АН-ын туг болон мандаж, тулгын чулууг нь тулалцаж явсан Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар нам дотроо хагаралдаж, хөнжил дотроо хөлөө жийлцэж эхэлсэн ба намаасаа нэр дэвшихгүй, бие дааж нэр дэвшинэ гэж “айлгасан” удаатай. Угтаа бол тэд намаасаа нэр дэвших санаатай байсан ч зарим нэг хүнд санааны зоргоор нь болсонгүй.

Гэхдээ намаа болон ардчилалаа аварч, хамгаалахын тулд Э.Бат-Үүл намынхантайгаа нийлсэн.

Уг нь бол  Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар бие дааж нэр дэвшихээр болж, Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгсөн ч намын ҮБХ-ны хуралдаанаар Э.Бат-Үүл намаасаа нэр дэвших эрхтэй болж, Н.Алтанхуяг нутагтаа бие даахаар болсон.

Тэр хоёр Ардчилсан намыг олон жил удирдсан. Тэд намынхаа дарга, Засгийн газрын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болж явсан. Бас сүүлийн 26 жилийн түүхэнд Ардчилсан намын бодлогыг тэд зангиддаг байв. Энэ хоёр нөхөр намаасаа хэн дэвших, хэнийг тойргийн гадна үлдээхийг бараг л шийддэг байв.

Гэвч “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг нь болсон. 1990 онд хувьсгал хийж, Ардчилсан намын туг болж, тулгын чулууг нь тавьж явсан тэд Ардчилсан намаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадахгүй сандарсан нь үнэн.

Э.Бат-Үүлийн хувьд эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдснаас хойш намаасаа хөндийрч, элэг буруулж зай барьж эхэлсэн нь намын шинэчлэлтэй холбоотой болов уу гэж харахаар.

Тиймээс ч Э.Бат-Үүлийн хувьд З.Энхболдод өш санаж хаана нэр дэвшинэ, тэнд нь нэр дэвшинэ гэж сүрдүүлсэн ч тэрбээр Хэнтийгээс нэр дэвшинэ.  МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нартай нэг тойрогт хүч үзэж өрсөлдөхөөр болсон. Эндээс харахаар Э.Бат-Үүлд гарах боломж бараг байхгүй болов уу. Учир нь МАН-ынхан багаараа гарч ирэх магадлал маш өндөр.

Ямартаа ч эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсан Э.Бат-Үүлийг СЕХ-ноос нэрийг нь баталгаажуулж батламжийг нь өгөх эсэх нь эргэлзээтэй байна.

Хэргийн тухайд тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж буй.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүх ч шүүх хурал нь хойшилсоор өдийтэй золгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: asu.mn

Холбоотой мэдээ