П.БАТЧИМЭГ: АХЫНХАА ҮХЛЭЭР УЛС ТӨР ХИЙТЛЭЭ ХҮН ЧАНАРАА АЛДЧИХААГҮЙ БАЙНА

2020-05-22 34 0

НИТХ-ын төлөөлөгч Пүрэвийн Батчимэгтэй ярилцлаа.

-Та Хан-Уул дүүргээс гурван ч удаа сонгогдож НИТХ-ын төлөөлөгч болсон. Товчхондоо энэ дүүрэгт нэр дэвшсэн бол танд илүү амар байх боломж байсан. Гэвч яагаад Дорнод аймагт нэр дэвшихээр болчихов?

-Сүүлийн 12 жилийн хугацаанд Хан-Уул дүүрэгт хийсэн ажил надад бий. Олон жил эндхийн хүмүүстэй ойр ажиллалаа. Тиймээс надад итгэдэг сонгогчид, гар нийлж ажиллаад сурчихсан хамт олон бий. Хэрэв Хан-Уул дүүргээс Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн бол надад илүү боломж байсан гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ нэг жилийн өмнө би Дорнод аймагт очъё гэж хатуу шийдсэн. Очихыг маань мэдчихээд нэг хүү зугтчих шиг боллоо/инээв/.

-Өс, хонзон авахын тулд Дорнод аймагт нэр дэвшсэн гэсэн үг үү?

-Ахынхаа  үхлээр улс төр хийтлээ хүн чанараа алдчихаагүй байна. Бид үндэсний хэмжээний бизнес босгож, төрийн албанд ч нэр нүүртэй ажиллаж ирсэн хүмүүс. Хийж ирсэн ажил маань бидэнд нэг зүйлийг хатуу суулгасан. Энэ бол хариуцлага, ёс зүй. Надад, бидэнд хариуцлага нэхэх, шударга ёсыг сахиулах зайлшгүй шаардлага байна. Бид ахыгаа алдаад нэг жилийн хугацаа өнгөрчихлөө. Өнөөдрийг хүртэл хүлээцтэй байж, хуулийн байгууллагыг ажлыг хийлгэсээр ирсэн.

Харин биднийг яаж доромжилж, басамжилж байгааг Монголчууд бүгд харлаа. Гэтэл биднийг хуулийн байгууллагад нөлөөлж байгаа гэж улайм цайм гүтгэж байна. Миний энэ шийдвэрийг өс хонзон гэж ойлгохоос илүүтэй Монголын төрд байж болохгүй хүмүүсийг “зайлуулахад” хувь нэмрээ оруулахын тулд гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр та Дорнод аймгийг огт мэдэхгүй гэсэн үг үү?

-Сайн мэднэ. Энэ аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байлаа шүү дээ. Тиймээс энэ аймгийн тулгамдсан асуудал, шийдэх арга замуудыг аль эртнээс тооцоолсон. Эмэгтэй хүн чинь нарийн, жижиг асуудалд анхаарал хандуулдаг онцлогтой. Чамбайруулж дөнгөх олон асуудал надад харагдсан.

Үнэндээ Хан-Уул дүүргээс сонгогдсон ч төрийн түшээ, Дорнод аймгаас сонгогдсон ч төр, ард түмний өмнөөс ажиллана. Үндэсний хэмжээний компани босголцсон хүнд бол Монгол чинь аймаг аймгаараа биш бүхэлдээ цул болж харагддаг.

-Монголчууд их нутгархаг улс. Нутгийн хүү, охин гэхээр саналаа өгчих гээд байдаг талтай. Тэгэхээр та их эрсдэлтэй алхам хийж?

-Дорнодчууд айхтар нутгархаад байдаг хүмүүс биш. Харин шударга, зөв хүнийг дэмжиж чаддаг юм билээ. Жалга, довны үзэл багатай хүмүүс байдаг. Ер нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд нутгийн хүүхдүүд л  аймаг бүрээс улсын их хуралд сонгогдлоо. Жалга довны үзэл иргэдийн амьдралыг сайжруулдаг бол сайжруулахаар хугацаа болсон биз дээ/инээв/.

-Та хотоос очоод Дорнодчуудын амьдрал, асуудлыг ойлгоно гэдэг үнэмшил төрүүлэхгүй байгаа юм л даа?

-Яахав, хотын хүн хөдөөгийн амьдралыг мэдэхгүй гэх ойлголт байж болно. Ийм асуулт авсан хүн бүр л би хөдөө өссөн. Ядаж л зуны амралтаар мал малладаг байлаа гэж хариулдаг. Надад ч тийм хариулт байна. Гэхдээ энэ асуултын үндсэн утга бол ардын амьдрал мэдэх болов уу гэсэн эргэлзээнээс эхтэй. Биднийг гэнэт л ийм том компанитай болчихсон юм шиг ойлгодог хүмүүс олон.

Үнэндээ хөдөлмөрлөж чаддаг, ажилсаг хүмүүст ямагт боломж байдаг гэдгийг манай гэр бүл маш тод харуулсан гэж боддог. Биднийг яаж хөдөлмөрлөж, ямар зовж байж энэ компанийг хөл дээр нь босгосон гэдэг нь зарим “айлын хүүхдүүд”-ийн толгойд төсөөлөгдөхгүй.

-Улс төр эмэгтэй хүнд хатуу тоглоом гэж үздэг.

-Харин ч эмэгтэй удирдагчид тэвчээртэй, хавханд амархан ордоггүй хүмүүс байдаг. Бид нар харж байна шүү дээ. Мундаг мундаг эрэгтэй том дарга нар нэг архи уугаад л, эсвэл нэг эмэгтэй хүнтэй нэр холбогдоод л бүх ажлаа нураадаг. Ер нь бол эмэгтэй хүн, эрэгтэй хүн 2  ямар ч ялгаагүй. Бүгд л толгойтой, дөрвөн мөчтэй. Тиймээс эрэгтэй эсвэл эмэгтэй хүн гэхээрээ эсрэг хүйстнээсээ давуу эрх эдлэх ёстой гэж ойлгож болохгүй. Хэрвээ эмэгтэй улс төрчид боломж олдохгүй байгаа юм шиг санагдаад байвал тэр хүнд улс төр зохихгүй, чадахгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Бас дуугүй байна гэдэг нь сул дорой байна гэсэн үг биш.

-Та Монголын топ аж ахуйн нэгжийн нэгийг удирддаг хүн. Тэгэхээр танд улс төр рүү орох ямар шаардлага байгаа юм. Хувийн бизнесээ хамгаалж, дэмжихийн төлөө улс төр рүү орж байна уу гэх хардлага төрөөд байгаа юм.

-АПУ компани 96 жилийн түүхтэй, нийтдээ 6,000 орчим хувьцаа эзэмшигчтэй, олон нийтийн компани. Зах зээлийн шилжилтийн үед олон үйлдвэр дампуурч, үйл ажиллагаа нь доголдон, зогссон байхад АПУ компани өнөөдрийг хүртэл өсч, дэвжсээр л байгаа. Үүний шалтгаан нь компанийн засаглал маш сайн хөгжсөнтэй холбоотой.

Өөрөөр хэлбэл, төрөөс үл хамаараад үйлдвэрлэлээ явуулж, татвараа төлж, 2,800 орчим хүн цалинжуулж, цаашлаад олон мянган хүн АПУ компанийг түшиглэж тогтмол орлоготой амьдарч байна. Зөвхөн Монголын компани гэхээс илүүтэй дэлхийн хэмжээний компани болчихсон. Товчхондоо АПУ компанид улс төрийн хамгаалалт шаардлагатай гэж бодохгүй байна. Учир нь АПУ компанийн үйл ажиллагаанд доголдол үүсгэх нь Монгол Улсад ч ашиггүй.Улсад төлдөг татварыг нь сонирхоод үзвэл ойлгомжтой биз. Компанийн засаглалын суурь үзэл санааг орон нутгийн удирдлагад жаахан нэвтрүүлэхэд л нэг аймгийн асуудал уг нь хэцүү биш.

-Эсрэгээрээ та улс төрд орсноор танай компанийг чиглэсэн хардлага нэмэгдэж, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх юм биш үү?

-Дахиад хэлье АПУ компани маш сайн засаглалтай компани. Магадгүй жижиг компани байсан бол ЖДҮ-ийн зээл авах зэргээр бизнесээ дэмжинэ гэж хардаж болох байх. Гэхдээ ийм шаардлага байхгүй.АПУ компани төрөөс авдаг биш өгдөг компани. Одоо ардчилсан намаас АПУ компанитай холбоотой хэд хэдэн хүн нэр дэвшиж байгаа. Үүнийг АПУ мандат худалдаж авлаа гэж ярьж шуугиад л байна. Яг үнэндээ АПУ компани шилдэг боловсон хүчин бэлтгэдэг, хөгжүүлдэг гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Бидний бэлтгэсэн боловсон хүчин төрийн эрх барих хэмжээнд үнэлэгдэж байна гэж хардаг. Тэрнээс АПУ компани төрийг худалдаж авах гээд байгаа юм огтоосоо байхгүй. Хүмүүс чинь тэнэг биш шүү дээ.

-Тэгвэл УИХ-ын сонгуульд нэр дэвших шаардлага байхгүй юм биш үү. Бизнесээ хөгжүүлээд явж байсан нь илүү үр дүнтэй биз дээ?

-Компани ч бай төр ч бай бид нэг савтай. Түүнийг Монгол Улс гэдэг. Нийгэм эдийн засгийн хөгжлийг улс төр, компани гэж салгаж ойлгох боломжгүй. Монгол улс чөлөөт зах зээл рүү шилжээд 30 орчим жил болж байна. Гэтэл бид хангалттай хөгжиж чадаагүй гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Шалтгаан нь юу вэ гэдгийг бодох ёстой. Зөв менежмент, хариуцлагын тогтолцоо дутагдсан, салан задгай явж ирсний үр дүн. Одоо хөгжмөөр байна шүү дээ. Хөгжлийн философийг ойлгоод дэргэдээ үндэсний хэмжээний, бүр дэлхийн хэмжээний бизнес босгочихсон хүмүүст төрийн бодлогод заавал засвар хийх шаардлагатай гэдэг бодол заавал төрдөг. Засъя, урагшилъя. Том харъя. Ажил хийцгээе л дээ.

-Танай гэр бүлийг дагасан “том” шүүмжлэл бий. АПУ компани архи үйлдвэрлэдэг учраас Монголын нийгэмд архидалт нэмэгдэж, гэр бүл салалт бий болж байгаа гэж тайлбарлаад байгаа. Олон хүн, цөөнгүй айлын зовлонгоор бизнес хийдэг гэх шүүмжлэлийг юу гэж боддог вэ?

-Архийг яг АРХИ гэж нэрлэсэн цагаас нь хойш тоолбол архи 5,000 жилийн настай бүтээгдэхүүн.Хэзээд л байсан, байсаар ч байх л ундаа. Нэгэнт хүн төрөлхтөн архи хэрэглэх нь үнэн юм бол аюул хоргүй, маш чанартай байх ёстой. Монголын нийгэмд хор хөнөөл учруулсан гэхээс илүүтэй олон хүний амь насыг хамгаалсан гэдгийг баттай хэлэх байна.

Хэрэв АПУ компани баталгаатай, чанартай архи үйлдвэрлээгүй бол олон хүн амь насаараа хохирох байсныг үгүйсгэх аргагүй. Технологийн шинэчлэлд их хэмжээний хөрөнгө оруулалтыг зогсолтгүй хийснээр олон улсад чанараараа тэргүүлж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Ганцхан Монголд биш дэлхийн бүх улсад архины үйлдвэрүүд байдаг. Ер нь хэтрүүлж хэрэглэвэл цай ч хортой.

Эх сурвалж: Өдрийн сонин

Холбоотой мэдээ

СЕХ: Н.НОМТОЙБАЯРЫГ УРЬДЧИЛАН ХОРЬСОН Ч НЭР ДЭВШИХ ЭРХ НЬ ХЭВЭЭР ХАДГАЛАГДАНА

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгий

2020-05-30

С.МӨНХЧУЛУУН: ХҮН БУСДААС ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ӨӨРӨӨ ӨӨРӨӨСӨӨ, ХИЙЖ БУЙ АЖЛААСАА ҮЛГЭР ДУУРИАЛ АВДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй С.Мөнхчулуун нь 2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт

2020-05-30

Б.ЖАРГАЛСАЙХАН: ТЭРБУМЫН БАЙРАНД АМЬДАРДАГ УЛС ТӨРЧ ТЭТГЭВРИЙН ХӨГШНӨӨС ХАНДИВ ГУЙХААС ИЧЭЭЧ…

Буян Жагаа өөрийн цaxим хуудcaapaa дамжуулан бухимдлаа илэрхийлжээ. Нэр дэвшигч Б.Жаргалсайхан У

2020-05-29