ХУВЬ ХҮНИЙ ҮЗЭЛ БОДЛЫГ ХҮНДЭТГЭДЭГ, НАМЧИРХЛААС АНГИД ТӨРТЭЙ БАЙХЫГ ХҮСНЭ

2020-05-12 150

:     Монголын улстөрд гэр бүл, цусан төрлийн ах дүүс, худ ураг хэдий ч өөр өөр намын, өөр өөр албан тушаал хашиж буй тохиолдол олон бий. Жишээлбэл:

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч С.Амарсайхан МАН-ын угшилтай бол түүний төрсөн ах С.Отгонбаяр нь АН-ынх.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар МАН, түүний төрсөн дүү, мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж Ардчилсан намын улаан фэн, бас нэг дүү Д.Сэржбүдээ нь МАХН-ынх

УИХ-ын гишүүн МАН-аас парламентад сонгогдсон Б.Саранчимэгийн төрсөн дүү “Мон-Уран”-ы Б.Наранхүү нь Ардчилсан намынх,

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн асан, Шинэ намын дарга Ж.Батзандангийн төрсөн ах нь МАН-ын угшилтай Бат-Эрдэнэ,

БГД-ийн засаг дарга, Ардчилсан намын С.Одонтуяагийн нөхөр Өлзийбүрэн

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын баз хүргэн нь АН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Батцогт байх жишээний.

Гэвч Монголын төр дэхь ураг төрлийн хэлхээ эхнэр нөхөр, төрсөн ах дүүсээр дуусахгүй бөгөөд үр хүүхдээ хүртэл өгч авалцсан байдгаас гадна, худ ураг барилдсан тохиолдол ч бий. Тодруулбал,

АН-аас нэр дэвшихээ мэдэгдээд буй,  С.Зоригийн хэргийг шалгахдаа бусдыг эрүүдэн шүүх замаар хилс хэрэг тулгасан хэргээр шүүгдэж байгаа ТЕГ-ын дарга асан Батын Хурц нь МАН-аас Баянхонгор аймагт сонгогдсон, MCS”-ийн Л.Элдэв-Очиртой худ ураг болж, хүү охин нь гэрлэсэн бол

Л.Элдэв-Очир нь Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжингийн төрсөн хүүхдийг өргөж авсан байдаг.

Эднийг улстөр дамжсан “ургийн мод” гэж нэрлэдэг. Гэвч аливаа хүн сонгох, сонгогдох, шүтэх эс шүтэх байгалаас заяасан эрхтэй. Тостой тогоонд хошуу холбосон ч тухайн хүн өөрийн үзэл бодлоор аливаа сонголтоо хийж, улстөрийн нам эвсэлд эвлэлдэн нэгдэх, хүчин зүтгэх боломжийг олгодогт ардчиллын бас нэгэн үнэт зүйл оршдог. Харамсалтай нь Монголын улстөрд аливаа нэг намын төлөөллийг, улстөрчийг харлуулахдаа гэр бүл, ах дүү, ойр тойрныхонтой нь хамаатуулж, удам судраар нь ухаж төнхөн нийгэм даяар тухайн гэр бүлийг үзэн ядуулах хар “Пи Ар”-ыг сурамгай гэгч нь хийгээд гаршчихсан гэхэд хилсдэхгүй. Хэн нэгэн дарга цэргийн эхнэр, нөхөр, үр хүүхэд нь болж төрснөөрөө бусдаас ичих, адлагдах нь хувь хүний орон зайд ноцтой халдаж, хүний эрхийг зөрчиж буй болохыг хэн ч дурсдаггүй. Дэлхий даяарчлагдаж, хүний эрхийг дээдэлдэг болсон цаг үед амьдарч байгаа Монголчууд энэ үзлийг халах цаг ирсэнтэй санал нийлэх буй за. Улстөрийн нам дахь ургийн мод буюу тухайн гэр бүлийн гишүүд аль намд гишүүнчлэгдэх, аль шашныг шүтэх эсэхээ бусдаас эмээлгүй бие даан шийддэг байснаар харин ч нийгмийн бугширлыг арилгахад түлхэц болох юм. Цөөхөн Монголчуудыг нэг хэвэнд цутгасан мэт ижил сэтгэхүйтэй, ижил үнэт зүйлтэй, ижил сонголттой байлгах сонирхол улстөрийн хүрээнд бий. Зөвхөн гэр бүл гэлтгүй, аймаг сум, дүүрэг гэх мэт төрийн байгууллагын шат дамжлага бүрт намчирхал газар авсан нь нууц биш. Нам засаг солигдох бүрт мөрөөрөө ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид халагдаж, солигдож, улстөрийн золиос болоод дуусдаг. Үүнээс үүдэн төрийн ажил урагшилдаггүй, гацаанд орох тохиолдол ч олон. Тиймээс хувь хүний үзэл бодлыг хүндэтгэж, гэр бүл төдийгүй, улстөр нийгмийн бүхий л давхаргад намчирхлыг халж, мэдлэг чадвар, боловсрол, ур ухаанаараа эвлэлдэн нэгдэж, бусдын үзэл бодлыг хүндэтгэж, төр улсынхаа ирээдүй, хөгжлийн төлөө хүчин зүтгэдэг ухамсартай залуусаар Монголын төр эрхгүй “дутагдаж” байна.

 

Холбоотой мэдээ