2017-2019 онд төрийн албанаас хууль бусаар халагдсан 796 албан тушаалтан байна |UNTSUG.MN

2020-05-11 100

2017-2019 онд төрийн албанаас хууль бусаар халагдаж, буцаан томилохоор шүүхийн шийдвэр гарсан нийт 796 албан тушаалтан байна.

Тэдгээр 796 албан тушаалтанд ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхөд нийт 4.094.000.000 /дөрвөн тэрбум ерэн дөрвөн сая төгрөг/ төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарчээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.8-д “шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгох, гарсан сөрөг үр дагаврыг арилгах, учруулсан хохирлыг төлүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх”-ээр заасан.

Гэвч АТГ-аас хийсэн судалгаа, дүн шинжилгээгээр хууль бусаар нийтийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон, нөхөн олговор олгосон байдалд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн улсын төсвөөс гаргасан 1.3 тэрбум төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах шаардлагатай байгааг мэдээллээ.

Ингэснээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан, улмаар төсөвт зохиомол хүндрэлийг учруулж байна.

Иймд Авлигатай тэмцэх газраас Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “…гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж заасны дагуу Үндэсний аудитын газарт асуудлыг тавьж, шийдвэрлүүлэхээр албан бичиг хүргүүлжээ.

Холбоотой мэдээ