БАРАК ОБАМА: ЭМЭГТЭЙЧҮҮД ДЭЛХИЙГ ХОЁРХОН ЖИЛ УДИРДАХАД БИД ИЛҮҮ САЙХАН ГАЗАР АМЬДРАХ БОЛНО

2020-05-08 112

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхээ дууссанаас хойш төдийлөн олны анхааралд өртөж, элдэв арга хэмжээ, хэвлэл мэдээллийн ярилцлагаас хол байх болсон юм.

Энэ хугацаанд Обамагийн гэр бүл Мишейль Обамагийн “Becoming” ном, “American Factory” киноны нээлтийн арга хэмжээнд оролцож, хэвлэлийн дуранд өртөж байв. Барак Обама улс төрийн хувьд зөвхөн өнгөрөгч наймдугаар сард өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трампыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотойгоор шүүмжилсэн байр суурь илэрхийлсэн юм.

Тэрээр даваа гаригт Сингапурт болсон нэгэн хаалттай арга хэмжээнд оролцох үеэрээ “Эмэгтэй хүн төгс биш. Гэсэн ч тэд улс төрийн ёс зүйн хувьд эрчүүдээс маргаангүй илүү. Би Цагаан ордонд байхдаа, хэрэв дэлхийн бүх улс, орны төрийн эрх мэдлийг ердөө хоёр жилийн турш эмэгтэйчүүд удирдахад л бидний амьдарч буй дэлхий, ард түмнүүдийн амьдрал, амьжиргааны төвшин мэдэгдэхүйц сайжрах болно гэж боддог байсан. Үүндээ одоо ч бүрэн итгэлтэй байдаг. Хэрэв та дэлхийн ертөнцийн өнөөгийн нөхцөл байдал, түүний асуудлуудыг олж харах аваас үүний буруутан нь ихэвчлэн хөгшин эрчүүд байдаг. Улс төрийн лидерүүд өөрсдийгөө ард түмний төлөө ажил хийж байгаа шүү гэдгээ үргэлж сануулахыг хүсдэг. Гэсэн ч та бүхэн одоогийн албан тушаал дээрээ үүрд байж чадахгүй. Улс төрийн манлайлалд өөрийн амин чухал хэрэгцээ, хүч чадлыг нэмэгдүүлэх зорилгоор гардаггүй” гэсэн нь АНУ-ын улс төр төдийгүй, хэвлэл мэдээлэлд томоохон асуулт үүсгэжээ. Үний гаргалааг тус улсын хэвлэлүүд “Барак Обама ирэх 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн Ардчилсан намын сунгаанд рейтингээрээ хоёрт яваа эмэгтэй нэр дэвшигч Элизабет Уорреныг дэмжиж буй үйлдэл, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явагдах Конгрессын сонгуульд түүний гэргий Мишель Обама өрсөлдөх магадлалтай зэргээр тайлбарласан аж.

Мөн Барак Обама энэхүү арга хэмжээнд үг хэлэх үеэрээ цахим орчинд улс төрийн туйлшрал, хуурамч мэдээг зохион байгуулалттайгаар тараах байдал хэтэрхий газар авч буйд анхаарал хандуулах ёстойг сануулаад “хэрэв залуу үе нийгэмд өөрчлөлт авчрахыг хүсэж байвал бусдыг улс төрийн албан тушаал, бизнес, үзэл бодлоор нь гутаан доромжлохоос илүүтэй тэднийг цахим орчинд бодлого, ёс суртахууны асуудалд шүүмжлэлтэй хандах нь зөв хувилбар юм” гэжээ.

Үнэхээр Барак Обама сүүлийн үед “Obama Foundation” сангаараа дамжуулан улс төр, нийгмийн асуудалд нухацтай хандах болсон юм. Барак Обама өнгөрөгч аравдугаар сард АНУ-ын Чикаго хотноо болсон “Obama Foundation” сангийн нэг жилийн үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээний үеэр залууст хандан “цаг уурын өөрчлөлт болон дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй бусад асуудалд залуус идэвхтэй оролцох хэрэгтэй байгааг уриалсан юм. Мөн тэрээр цахим орчин дахь арьс өнгө, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг, нийгмийн гарал угсаагаар ялгаварлан гадуурхах, бусдыг ор үндэсгүй гүтгэн доромжлох явдлыг зөвхөн залуус зогсоож чадах бөгөөд үүнийг даамжруулахгүй байх, хамгийн гол нь өөрийн үзэл бодол, үнэт зүйлийг хамгаалахын тулд бусдыг гадуурхах, гутаан доромжлох явдал газар авч буйг шүүмжилсэн юм. Эцэст нь Барак Обама “Obama Foundation” сангаараа дамжуулан энэ бүхний эсрэг “Woke” буюу “Сэрцгээ” гэх орчин үеийн залуусын хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн талаараа дуулгаж байв.

Үүнээс гадна тэрээр 2018 онд ӨАБНУ-д илтгэл тавих үеэрээ “би сүүлийн үед эрчүүдэд их санаа зовж байна. Учир нь би өдөр бүр сонин унших бүрдээ “Залуусаа та нар чинь яачихаа вэ, хөвгүүдээ бидэнд ямар асуудал тулгарчихсан юм бэ” гэж асуудаг. Яагаад гэвэл бид өөрсдийн ажлыг хийхээс илүүтэй бусдыг хүчирхийлж, нэгнээ доромжилсоор байна. Тиймээс бид илүү олон эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудалд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байх. Ингэснээр улс төрийн бодлогын хувьд илүү сайн хувилбарууд бий болно. Олон эмэгтэйчүүд улс төрд гарах ёстой. Учир нь өнөөдрийн нөхцөл байдлыг харахад хөгшин эрчүүдээр удирдуулаад байгаа байдал тийм ч таатай харагдахгүй байна” гэх зэргээр улс төр дэх жендерийн эрх тэгш байдлыг уриалсан зүйлс хэлж байв.

Тэгвэл түүний энэхүү үзэл бодлыг баталсан судалгаа өнгөрөгч хоёрдугаар сард “Harvard Business Review” сэтгүүлд нийтлэгдэж байжээ. Тухайлбал, АНУ-ын Иллинойгийн их сургуулийн эрдэмтэн Сюзан Перкинс болон Колумбын их сургуулийн эрдэмтэн Кейтерин Пилипс нарын хамтарсан судалгаанд “арьс өнгө, үндэстний хувьд олон ялгаатай, нийгмийн цөөнхийг ялгаварлан гадуурхах байдал ихтэй орнуудад эмэгтэй удирдагчид төрийн тэргүүнд гарах нь тухайн улсын эдийн засаг хурдацтай хөгжих үндэс болдог”-ийг олж тогтоосон байна. Жишээ нь нийгмийн гадуурхал ихтэй Либери улсын Ерөнхийлөгчөөр 2008 онд Нобелийн энх тайвны шагналт Элэн Жонсон Серлейф гэх эмэгтэй хүн сонгогдсоноос нэг жилийн дараа тухайн улсын ДНБ 5.4 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ тоо өмнөх эрэгтэй төрийн тэргүүний үед дунджаар 1.1 хувьтай байжээ. Судлаачид үүнийг эмэгтэй хүний байгалиас өгөгдсөн аливаа зүйлийн ач тус, давуу байдлыг эрэгтэй хүнээс илүүтэй олж харан, аливаа зүйлийг хуваарилахдаа сайн байдаг нь эдийн засаг, улс төр, нийгмийн бодлогод эерэгээр нөлөөлж, цаашлаад улсын хөгжилд чухал нэмэртэй гэж дүгнэжээ.

Гэсэн ч эмэгтэй хүн төрийн тэргүүнд олноор гарах нь популизм, хэт хавтгайрсан халамжийн бодлогод хөтөлж тухайн орныг багагүй асуудалд оруулдаг болохын жишээг Бразилын Ерөнхийлөгч Дилма Роуссефф, Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вен, Германы Канцлер Ангела Меркел, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн нараас харж болох юм. Тухайлбал, Германы Канцлер Ангела Меркел эмэгтэй хүний энэрэнгүй сэтгэлийн үүднээс цагаачдад хилээ нээх улс төрийн шийдвэр гаргасан явдал нь өнөөдөр Европ тивд тулгамдаад буй хамгийн том асуудал болох цагаачдыг орогнуулахын эсрэг тэдэнд ажлын байраа алдахгүй гэсэн иргэдийн дундах маш төвөгтэй асуудлыг үүсгэсэн билээ.

Эх сурвалж: CNN, CNBC, FoxNews, The Washington Post

Холбоотой мэдээ