Хуурамч шатахуунд ордог бодист татвар ногдуулах төслийг дэмжсэнгүй

2020-05-06 62

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Төсөлд, хуурамч шатахууны завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар нэг онцгой албан татвар, тусгай зөвшөөрөл байхгүйг төслийн танилцуулгад дурджээ. Иймд төсөл санаачлагч гишүүн Онцгой албан татварын тухай хуулийн 6.2-т керосин болон нефть нэрлэгийн хөнгөн фракц зэрэг бүтээгдэхүүнийг оруулж, 225-750 мянган төгрөгийн татвар ногдуулахаар хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй, татварын бааз сууриа тэлж, улсын төсвийг чиглэх орлогын хэмжээгээ өсгөөд зогсохгүй хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хумьж иргэдээ олон тэрбум төгрөгийн өрөнд оруулдаг асуудлыг шийдвэрлэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр  2019 оны 02 дугаар сард Монгол Улсын Засгийн газарт хуурамч шатахууны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж, хариу авсныг дурдаад хуурамч шатахууны асуудлаар Ажлын баг гарган ажиллаж байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газраас энэ талаар хэд хэдэн судалгаа хийснийг тэмдэглэв. Импортоор оруулж ирж байгаа газрын тосны фракц буюу завсрын бүтээгдэхүүн татваргүй учраас жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул  онцгой албан татвар ногдуулж хязгаарлах, цаашдаа  энэ төрлийн үйлдвэрлэлийг тодорхой стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжих боломжийг нээж өгөх нь чухал гэдгийг онцолж байлаа.

Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Холбоотой мэдээ