СЭЛЭНГЭЭС ГОРИЛОГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ?

2020-05-04 930

Иргэн таны сонголтоо хийх хариуцлагатай цаг мөч ойртож байгаатай холбогдуулан УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр горилж буй эрхмүүдийг цухасхан харьцуулъя. Өнөөгийн УИХ-ын гишүүн, ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат, Дондогдоржийн Эрдэнэбат, Наваан-Юндэнгийн Оюундарь нарт Сэлэнгийн ард түмэн төрд  өөрсдийгөө төлүүлэхээр итгэл хүлээлгэн төрд илгээгээд 4 жилийн хугацаа өнгөрлөө. АН, МАН-ын хоёр Эрдэнэбатын тухайд Сэлэнгийн ард түмний “хайртай хөвгүүд” гэлтэй удаа дараа сонгогдсон ч нутаг орноо хөгжүүлж, иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулахаас илүүтэй хувийн сонирхол ихтэй, улс орны ирээдүй, газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой томоохон төсөл хөтөлбөрүүдээс идсэн уусан, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан завхруулсан хэргүүд нь өнөөг хэр нь шүүх цагдаагаар эцэслэн шийдэгдээгүй л байгаа юм. Сэлэнгээс УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд горилж буй эрхмүүдийн хэн нь хэн болохыг товчхон өгүүлэхэд:

Нэр дэвшигчид албан ёсоор хараахан тодроогүй байгаа ч одоогоор МАН-аас ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, аймгийн засаг дарга Ш.Оргил, Зам тээвэр, хөгжлийн дэд сайд асан “Шилэн Цогоо” буюу  Б.Цогтгэрэл, “Сөүл” группын эзэн Д.Өнөрболор, “НАМЭХ”-ны дэд ерөнхийлөгч Ч.Ундрам нарын нэр яригдаж байна.

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатын тухайд аймгийн засаг даргаар ажиллаж байгаад 2012 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Монгол улсын сангийн сайдаас эхлээд улсын ерөнхий сайд хүртэл төрийн өндөр албан тушаалуудад томилогдон ажиллаж байсан ч түүний толгойлсон бүхэн тун богинохон настай байсныг санахад илүүдэхгүй биз. Өдгөө тэрээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаансайр хэмээх газрыг “Элбэг-Орд” ХХК-аас өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн нэр дээрх “Хэрх-Илч” компани руу шилжүүлснийхээ дараа “Алтай Констакшн”-ы Х.Бат-Эрдэнэд  сая төгрөгөөр буцаан шилжүүлсэн баримт нь дэлгэгдсэн юм. Эл асуудлаар түүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд “мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, утсаа салган оргон зайлсан” хэмээн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг АТГ-аас НПГ-т хүргүүлээд байгаа гэх мэдээлэл ч гараад байна. Гэвч энэ мэдээллийг түүний ойр тойрныхон үгүйсгэж байгаа юм.

“Шилэн Цогоо” буюу ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл:

ФМ радиогийн хөтлөгчөөс дэд сайдын сэнтийд тухалж, брэндээр гангарах болсон түүнийг үнэхээр сүүхэйтэй нэгэн гэхээс өөр юу ч гэх билээ. Нам дагах, даргын цүнх барих ямар ашигтай байдгийг биеэрээ мэдрэхийн сацуу бусдад нотлон харуулсан  түүнийг нүдэн дээр баяжсаныг гайхаад байх юмгүй. Сарын багахан цалин хардаг сэтгүүлчээс брэндээр гаргасан, “Алтан Цогоо” болтлоо “Үнсгэлжингийн үлгэр” мэт өөрчлөгдсөн тэрээр даанч ах нарынхаа хайрыг дааж, сайн ажиллаж чадсангүй. Зам тээвэр, хөгжлийн яамыг толгойлж ахуйд нь нь яамны байранд хурган дарга нар нь архидан согтуурч, нэгнийхээ амийг хөнөөж, Даланжаргалан суманд вагон онхолдож… бишгүй л хэрэг мандаж байв. Хариуцлагаа хүлээж байгаа нэрийдлээр дэд сайдынхаа суудлаас буусан тэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Монголын талын төлөөлөгчөөр очсон билээ. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшихээр хэзээнээс горилж эхэлсэн бөгөөд сум бүрт урлагийн тоглолт хийж, үсчний үйлчилгээ үзүүлж, азын сугалаа явуулж, сум бүрээс 2 азтан шалгаруулан Манжуур луу аялах эрхийн бичгээр шагнаж явааг сэтгүүлч миний бие ч нотолно.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил

Сэлэнгэ аймгийн МАН-ын даргаар ажиллаж байсан тэрээ 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН олонхи болсны дараа аймгийн засаг даргаар томилогдож, 4 жилийг ардаа үдэж байна. “АТГ-т шалгагдаж байна. Хятадуудтай нийлж газрын чийгийг барьдаг нэн ховор ургамал Дэрвэгэр Жиргэрүүг хил давуулан наймаалжээ…” гэх мэт түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд нэг бус сонсогдсон ч тэгсхийгээд намжсан нь хардлага төрүүлж байгаа юм.

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны Сэлэнгэ аймаг дахь салбарын тэргүүн, “Сөүл” группын эзэн Д.Өнөрболор

“Өөдлөн дэвжих цаг” нэртэй Сэлэнгийн сум бүрийн иргэд, малчид, тариаланчдын амьдрал ахуйг харуулсан цуврал сошиал контентыг нутгийнхан андахгүй ч, энэ нь үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд рүү чиглэсэн бус түүний Сэлэнгийг онилсон төлөвлөгөөний нэг хэсэг нь байжээ. Учир нь сонгууль дөхөх тусам Д.Өнөрболор МАН-аас нэр дэвшихийг горилж байгааг нотолсон мэдээ мэдээллүүд гарах болов. Харамсалтай нь авилгач, хулгайчдаас залхсан Сэлэнгийн ард түмэн түүнд итгэл хүлээлгэх нь юу л бол. Хувийн амьдралаас нь эхлээд ишгэсэн газар бүр нь “хар мөртэй” гэгддэг түүнийг төрийн түшээгийн сэнтийд залрах хэмжээний хүн биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлэх юм билээ. Сөүл рестораныг ажиллуулж байхдаа Хотын дарга асан Миеэгомын Энхболдод наалдаж, хүүхдийн Парк орчмын газрыг бүгдийг нь цөлмөсөн тухай ч одоо хэр яригддаг.

НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Ундрам:

Монгол ардын намаас Сэлэнгэ аймагт нэр дэвших, за мөн сонгогдох хамгийн магадлалтай хүнээр Чинбатын Ундрам нэрлэгдэж байна. Тэрээр 1982 онд төрсөн, арлын Япон улсад боловсролын зэрэг хамгаалсан, МУИС-ын Сургалтын нэгдсэн албаны дарга, Санхүү, төлөвлөлт хариуцсан захирлаар ажиллаж байсан. Өдгөө “Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж буй эмэгтэй юм. Намын дарга У. Хүрэлсүх энэ удаагийн сонгуульд “Мэдлэг чадвартай, нэр цэвэр, шилдэг залуу боловсон хүчнээс бүрдсэн өөрийн багийг авч орно” гэсэн шалгуур, амлалтанд яв цав нийцсэн гэж болох хүмүүсийн нэг ч гэлцэж байна.  Ч.Ундрамын тухайд нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 26-хан насандаа профессорын цол хүртсэн Монголын цөөхөн залуу эрдэмтний нэг ажээ.

МАН-аас УИХ-д горилогчдыг товчхон танилцуулахад ийм байгаа бол сөрөг хүчин Ардчилсан намаас уламжлал ёсоор Дондогдоржийн Эрдэнэбат Сэлэнгэ аймагт дэвших нь тодорхой.

2012 онд намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон тэрээр Ардчилсан намын үед тухайн үеийн Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Ингэхдээ ЖДҮХС-ийн хөрөнгийг нэр бүхий компаниудад давуу эрх олгож, хуваарилсан гэх хэрэг мандаж байсан ч тэгсгээд намжсан. Ардчилсан намын даргад хүртэл өрсөлдөж явсан тэрээр өдгөө УИХ дахь АН-ын зөвлөлийг даргалж, намын дарга Эрдэнэтэйгээ нийлэн хуучин бууны хугархай гэгдэх С.Бат-Үүл, Н.Алтанхуяг тэргүүтэй лидерүүдээ хөөж явуулчихаад, сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод буй. Харамсалтай нь түүнийг Монголын “саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах хэрэгт гар бие оролцсон хэмээн АТГ-аас хэд хэдэн удаа дуудаж, байцаан шалгасан. Ардчилсан намын тухайд нэр дэвшихийг горилж буй 181 хүнээс эхний шатны дэнчин 100 сая төгрөг авсан бармтыг “Хера” Холдинг ХХК-ийн Х.Ганхуяг ил болгосны дотор Д.Эрдэнэбатын нэр тууж л явсан. АН-ынхны өгч байгаа мэдээллээр нэр дэвшигчид албан ёсоор тодрох үед хоёр дахь шатны дэнчингийн мөнгө нь 200-400 сая болж өсөх гэнэ лээ. Тэгэхээр Д.Эрдэнэбат дахин УИХ-ын гишүүн болохын тулд дорж хаяж 400-500 сая төгрөгийг намдаа тушааж байж эрхээ авах нь… Тэд үнэхээр ард түмэндээ хайртайдаа хувиасаа мөнгө цацаж сонгуульд оролцож байна гэж үү???

Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт…

Сэлэнгэ нутгаас УИХ-п хэдэнтээ сонгогдож, Сангийн сайд, ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг хашиж, ёстой л сэргэн мандаж явсан тэрээр өдгөө Оюутолгойн гэрээний хуйвалдаанд манлайлан оролцсон хэргээр “аавынд” багагүй саатаж, тэрбүүхэл намаасаа хөөгдсөн гээд ёстой л “21000” хувьсагчаа тэврээд ганцаараа үлдсэн нэгэн болжээ. Гэвч гандан буурсангүй, Сэлэнгэ аймагт “бие даан нэр дэвшинэ” гэдгээ зарлаад авсан.

Энэ бүхнээс харахад АН-аас ч бай, МАН-аас ч бай нэр дэвшихээр горилж байгаа эрхмүүдийн дийлэнх нь авилга, албан тушаалын хэрэгт холбогдож байсан, хувь заяа нь хаашаа ч эргэж мэдэхээр нөхөд байгаа юм. Гэвч тэд нэгэнт түлэгдсэн нүүрээ улалзуулан юунд Их хурлын гишүүн болохоор улайрна вэ? Гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нэрээр төрийн халхавчинд орж, идсэн уусан хэргээ хаацайлахаар, өмнө идсэнээ улам арвижуулахаар зүтгэж байгаа нь хэн ч харсан ойлгомжтой гэлтэй. “Их санасан хүн төрийн жолоо бүү атгуул” гэдэгчилэн Монгол төрийн ариун босгоор хомхой сэтгэлтнүүдийг давуулахгүй байх нь сонгогч иргэн таны гарт бий.

Холбоотой мэдээ