Ж.Түвшин: Энэтхэгт байгаа монголчууд бид аюулгүй байдалдаа санаа зовниж байна

2020-05-04 184

Коронавирусийн халдварын улмаас Бүгд найрамдах Энэтхэг улсаас эх орондоо ирэх боломжгүй болоод байгаа 500 гаруй Монгол иргэд байна. Эдгээр иргэд өнгөрсөн гуравдугаар сараас хойш зургаан удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт хандан хүсэлт ирүүлсэн байна. Энэтхэгт байгаа иргэдийн нөхцөл байдлын талаар тус улсын нийслэл Шинэ Дели хотод буй Монгол Улсын иргэн Ж.Түвшинтэй онлайнаар холбогдон тодрууллаа. 

-Сайн байна уу та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Яг одоо Энэтхэгийн аль хотод байгаа вэ? Таны хувьд ямар шалтгаанаар Энэтхэгт очсон бэ? 
-Сайн байна уу. Намайг Ж.Түвшин гэдэг. Би Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлдэг Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны  хөтөлбөр /ITEC/-т хамрагдахаар Шинэ Дели хотод богино хугацааны сургалтын журмаар ирсэн. Хөтөлбөрийн тухайд гэвэл зургаан долоо хоног үргэлжлэх ёстой байсан ч үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дөрвөн долоо хичээллээд гуравдугаар сарын 20-нд зогсоосон.

-Гуравдугаар сарын 20-нд хөтөлбөрөө зогсоосон гэхээр тухайн үед таньд Монгол руу буцах боломж байсан уу?
-Тус хөтөлбөрт нийт 16 улсын 30 хүн хамрагдсан. Тухайн үед бид нарт гуравдугаар сарын 22-31-ний хооронд хилээ хаахаар боллоо гэж Энэтхэгийн талаас мэдэгдсэн. Хөтөлбөрт хамрагдсан гадны иргэдийг хамгийн ойрын боломжит онгоцны тасалбар авч өгөөд гэр рүү нь явуулсан. Энэ үеэр 11 улсын 18 хүн тус тусын нутаг буцсан.  Москвагаар дамжаад эх орондоо буцах гэсэн боловч Орос  гуравдугаар сарын 18-нд  хилээ хаасан учир бидэнд үлдэхээс өөр ямар ч сонголт байгаагүй.

Ламхай нарын хувьд 300-гаад хүүхдүүд нутаг буцах хүсэлтээ ЭСЯ-нд өгсөн гэсэн. Харин жирийн иргэдийн хувьд 200 гаруй хүн бий.

-Одоо Энэтхэгт нөхцөл байдал ямар байна вэ? 
-Анх энэ оны нэгдүгээр сард Энэтхэгт коронавирусийн халдварын гурван тохиолдол бүртгэгдэж тухайн хүмүүс бүгд бүрэн эдгэрсэн байжээ. Намайг Шинэ Дели хотод анх ирэхэд халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байсан. Гуравдугаар сарын 5-наас хойш коронавирус эрчимтэй тархаж эхэлсэн.  Одоогийн байдлаар хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 18 хүртэл гурав дахь удаагаа сунгалаа. Гуравдугаар сарын 22-нд хөл хорио тогтооход 400 тохиолдолтой байсан.  Тэгвэл нийт шинжилгээ авсан хүмүүсээс 40 мянга гаруй хүний коронавирусийн шинжилгээ эерэг гарснаас 1300 гаруй хүн нас бараад байна. Зөвхөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс шинжилгээ авч байгаа бөгөөд шинжилгээнд хамрагдаагүй хичнээн хүн коронавирусийн халдвар авсныг мэдэхэд бэрх. Энэтхэгийн засгийн газар коронавирустэй хамаг хүчээрээ тэмцэж байна. Гэсэн хэдий ч 40 гаруй хоног хөл хорио тогтоосон нь эдийн засагт муугаар нөлөөлж олон зуун сая хүмүүс ажилгүй болж, олноороо өлсөж үхэж байна. Үүний улмаас өнөөдрөөс хөл хориогоо үе шаттайгаар сулруулж, коронавирустэй хамтдаа амьдарч сурах шийдвэр гаргалаа. Ингэснээр коронавирусийн дараагийн хамгийн том голомт Энэтхэг улс болж магадгүй гэж хэвлэл мэдээллүүд бичиж байна.

-Нийт хэдэн монгол иргэн эх орондоо буцахаар санал хүсэлтээ гаргаад байна вэ? 
-Энэтхэгт ламхай нар болон энгийн иргэд гэж бий. Ламхай нарын хувьд 300-гаад хүүхдүүд нутаг буцах хүсэлтээ ЭСЯ-нд өгсөн гэсэн. Харин жирийн иргэдийн хувьд 200 гаруй хүн бий.

-Энэтхэгт байгаа монголчуудын асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Энэтхэг рүүнислэг хийж чадахгүй. Нэг л боломж байгаа нь Энэтхэгт байгаа хүмүүс дамжин нислэгээр БНСУ-д ирэх юм. Бид байнгын нислэг хийдэг улс руу нислэг хийнэ” гэсэн. Та бүхэн Энэтхэгээс Солонгос руу ч юм уу аль эсвэл өөр улс руу нислэг хийх боломж байна уу? 
-Энэтхэг улс бүх хилээ хаачихсан. Хөл хориогоо сулрууллаа ч олон улсын нислэгээ шууд нисгэхгүй гэсэн. Тэр байтугай хот хооронд зорчих хөдөлгөөнийг зогсоосон. Хот хооронд зорчихын тулд Дотоод хэргийн яамнаас тусгай зөвшөөрөл авах ёстой. Одоо бидэнд ямар боломж байна вэ гэвэл Монголоос чартер нислэг үйлдэх юм бол Энэтхэгийн засгийн газраас бүх талаар тусалж дэмжихэд бэлэн гэсэн. Энэтхэгийн өөр хотуудад байгаа бүх монголчуудыг Дели хотод нэг доор цуглуулах, бусад хотуудад байгаа монголчуудыг Дели хот руу ирэх зөвшөөрөл олгох бүх бололцоогоор хангана гэдгээ илэрхийлсэн. Гадаад улс орнууд иргэдээ татаж авахаар чартер нислэгүүд үйлдэж байна Энэтхэг улс хөл хорионы үеэр 72 орны 60 мянга гаруй хүнийг нутаг буцахад нь тусалсан. Хэрвээ Монголоос чартер нислэг үйлдэх боломжгүй бол Энэтхэгийн засгийн газраас Монгол руу нислэг үйлдэх боломжийг судалж үзэхээ бас илэрхийлсэн юм билээ. Гэхдээ үүний тулд Монголын Засгийн газраас эхлээд хүсэлт тавих хэрэгтэй гэсэн.

Энэтхэгт байгаа монголчуудын тухайд энд ажил хийдэг нэг ч хүн байхгүй бүгдээрээ явуулын хүмүүс. Энд байгаа хүмүүсийн ихэнх нь урт, богино хугацааны сургалт болон эрүүл мэндийн шалтгааны улмаас ирсэн.

-Энэтхэгт байгаа Монголын Элчин сайдын яамнаас тэнд байгаа иргэдтэйгээ хэр харилцаа холбоотой байдаг вэ?
-Элчин сайдын яам ямар ч сэтгэл, зүтгэл гаргахгүй байна. Энэтхэгт анх хөл хорио тогтоож эхлээд байхад Элчин сайдын яамнаас бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. Элчин сайдын яамны ажилтнууд утсаа авахгүй, хүмүүсээр дамжуулж яамны ажилчдын гар утасны дугаарыг олж авч байсан. Фейсбүүк дэх яамны албан ёсны хуудас нь 2017 оноос хойш  идэвхгүй иргэддээ мэдээлэл хүргээгүй байсан. Сүүлд албан ёсны бус хаяг нээж ажиллуулж  ганц хоёр  мэдээлэл хүргэж эхэлсэн. Нутаг буцах хүсэлтээ өгсөн хүмүүсийн нэрсийг хүсэлттэй нь хамт  Засгийн газарт уламжилсан бөгөөд хариу хүлээж байна гэдэг хариуг бидэнд хэлдэг. Элчин сайдын яам санаачлагатай  ажиллаасай гэж хүсэж байна. Энэтхэгт байгаа монголчууд бусад оронд байгаа монголчуудаас онцлогтой шүү дээ.

-Юугаараа онцлог вэ?
-Америк, Европ, Австрали, Өмнөд Солонгост байгаа монголчуудын хувьд тухайн улс орондоо байнгын оршин суудаг эсвэл хамаатан, танил хүмүүс олддог. Мөн эрхэлсэн тодорхой ажил төрөлтэй. Харин Энэтхэгт байгаа монголчуудын тухайд энд ажил хийдэг нэг ч хүн байхгүй бүгдээрээ явуулын хүмүүс. Энд байгаа хүмүүсийн ихэнх нь урт, богино хугацааны сургалт болон эрүүл мэндийн шалтгааны улмаас ирсэн. Элэг шилжүүлэн суулгах мэс засал болон бусад хүнд хагалгаанд орсон хүмүүс гэр бүлийн хамт хүнд нөхцөлд байна. Делигээс өөр хотод байгаа иргэд Элчин сайдын яамнаас тусламж авах  боломжгүй тиймээс өөр хотуудад байгаа иргэдээ Делид цуглуулах ёстой болов уу.

-Хөл хорио тогтоосны улмаас монгол иргэд хоол хүнс, орон байрны дутагдалд орох зэрэг хүнд нөхцөл байдалд орсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Тийм асуудал маш их гарч байна. Энэтхэг маш халуун орон. Цаг агаарын нөхцөл байдал маш хүнд. Мөн хоол хүнсний тухайд  монгол хүмүүст таардаггүй. Махны олдоц муудсан. Мах гээд байгаа нь тахианы  махнаас өөр сонголт байхгүй.  Хүмүүс дэлгүүр орохоор будаа, төмс, өндөгнөөс өөр сонголт байхгүй гэж байна. 40 гаруй хоногт монголчууд ийм бүтээгдэхүүнээр л хооллож байна. Олигтой идэж уусан хоол ундгүй, шөнө нойргүйтэж, өдөржин +40 хэмээс дээш аагим халуунд байсан хүний дархлаа унах аюултай. Маш халуун байгаа учир хүмүүсийн даралт унах, ихсэх асуудал гарч байна. Энэтхэгт виз нь дууссан хүнд хаана ч үйлчилдэггүй юм билээ. Визийн хугацаа дууссан учир зочид буудал, хөлсөлж буй байрнаасаа гарсан хүмүүс ч бий. Энэтхэгийн дийлэнх иргэд нь ядуу. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ард иргэдийн 26 хувь нь ажилгүй болсон тухай мэдээ уншсан. Тэгэхээр хэдэн зуун сая хүн ажилгүй болж өлсгөлөнд нэрвэгдэж байна. Үүний улмаас жагсаал бослого гарах магадлалтай. Зарим мужуудад үймээнүүд гарсан талаар сайтуудаас харсан. Тиймээс энд байгаа монголчууд  өөрсдийнхөө аюулгүй байдалд санаа зовниж байна.

-Энэтхэгт гацсан монголчуудын ар гэрийнхэн өнгөрсөн долоо хоногт та бүхний асуудлаар Засгийн газарт хүсэлт хүргүүлсэн. Засгийн газраас хариу өгсөн үү?
-Бидний зүгээс Монголын Засгийн газар, УОК-т гуравдугаар сарын 23-наас хойш нийт зургаан  удаа хүсэлт явуулсан боловч хариу ирээгүй. Биднийг ламхай нар буюу хүүхдүүдийн нэр барьж нислэг захиалж байна гэж ярьж байна. Тийм юм байхгүй. Ламхай нараас гадна нутаг буцах хүсэлтээ өгсөн 200 гаруй иргэд бүгдээрээ явуулын хүмүүс. Шадар сайд Энэтхэг рүү нислэг үйлдэхгүй гэж хэлсэн. Монголоос Энэтхэг рүү агаарын тээврийн гэрээтэй,  мөргөлийн захиалгат болон айлчлалын  олон удаагийн шууд нислэгүүдийг “МИАТ” ХК хийж байсан туршлагатай юм байна лээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин нарт хандан УОК-ын  хурлаар Энэтхэгт гацсан монголчуудын асуудлыг дахин нэг авч хэлэлцээч хэмээн хүсэлт гаргаж байна.  Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар бидний асуудлаар ямар нэгэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэж, найдаж хүлээж байна. УИХ-ын гишүүн бол Монгол Улсын иргэд бидний төлөөлөл. Гэтэл тэд яагаад гадаадад байгаа иргэдийн асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаад гайхаж байна.  Энэтхэгт буй монголчууд бид 40 гаруй хоног хөл хорионд байна. Энд байгаа монголчууд өөрсдийгөө маш сайн хамгаалж байгаа.

-Коронавирусийн халдвар тархсаны улмаас гадны орнуудад Азиудыг гадуурхах явдал улам газар авч байна. Энэтхэгт энэ асуудал хэр байна? Таны амьдарч байгаа ойр орчимд ялгаварлан гадуурхалт хэр байна вэ? 
-Энэтхэгт буй монголчууд бид фейсбукт групп нээсэн. Тус группт бид өөрсдийн нөхцөл байдлаа өдөр болгон хуваалцаж байгаа. Ази хэмээн гадуурхсан тохиолдлууд зөндөө бий. Тухайлбал нэг монгол охин эмийн сангаар үйлчлүүлэх гэж очиход эмийн санч үйлчилгээ үзүүлэхгүй хэмээн өөдөөс нь орилж хашгирсан тохиолдол гарсан. Миний хувьд ерөөсөө гадуур гарахгүй байгаа болохоор ийм ялгаварлан гадуурхалттай тулгараагүй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: gogo.mn

Холбоотой мэдээ