“The HU” ХАМТЛАГИЙНХАН ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ

2020-05-04 115

“Ковид-19” цар тахлын улмаас “The HU” хамтлаг Австрали улсад гацаж, хөл хорионд орсон талаар өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл Сидней хотод саатсан “The HU” хамтлагийнхан өчигдөр (2020.05.03) Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн байна.

Тус нислэгээр 261 иргэн ирсэн ба өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 зорчигч ирсэн талаар Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн.

Тэдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоногийн хугацаатай тусгаарлаад байна.

Сануулахад, “The HU” хамтлаг Австрали улсад аялан тоглолтоор очоод, гурван тоглолт хийснийх нь дараа тус улсад коронавирусний халдварын улмаас олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан юм. Тэд гуравдугаар сарын 16-нд Аделейд хотод 1000 гаруй хүнийг хамарсан, гуравдугаар сарын 17-нд Брисбан хотод 500 хүнийг хамарсан тоглолт зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ