Н.ЭНХБАЯР: МАНАЙ ЭВСЭЛ ШУДАРГА ЁСЫГ ТОГТООНО

2020-04-30 177

“Та бидний эвсэл” буюу МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намууд ирэх сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос хүлээж авлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр батламжаа гардан авахаар намын нөхдийн хамт иржээ. Мөн Та бидний эвсэл гэсэн бичигтэй туг барьсан хүмүүс тэднийг батламжаа гардан авсанд нь баяр хүргэхээр СЕХ-ны гадаа цугларсан байв.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бид энэ сонгуулийг шударга болоосой гэж хүсч байна. Монголын ард түмэн ухамсартай зөв сонголтоо хийвэл өнөөдөр Монголын улс төрд тогтсон МАНАН гэдэг үзэгдэл алга болж монголчууд ялангуяа залуучууд сэргэж, улс орныхоо эзэн болох боломжоо ашиглана гэдэгт итгэлтэй байна. Онцгой байдлын хууль байсаар атал эрх баригчид сонгуулийг өөртөө ашигтайгаар ашиглахын тулд Коронавирусийн хууль гэсэн хуулийг гарган ирж биднийг сонгогчидтой уулзах бололцоог хумьж байна. Өөрсдөө зөвхөн сонгогчидтой уулзаж, сонгуулийг ашиглахаар улайран зүтгэж байна. Одоо тогтоогоод буй хөл хорио жижиг дунд бизнесийг дампуурлын ирмэгт хүргээд байгааг манай эвсэл шүүмжилж байна. Төсөвт тодотгол хийх санал хүргүүлсэн ч эрх баригчид энэ асуудалд хойрго хандаж байгааг засаж залруулахын тулд сонгуульд өрсөлдөж байна. Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж малчдыг хууран мэхэлсэн. Ийм арчаагүй хүмүүст ард түмэн итгэж байгаа юм уу. Ийм хүмүүст итгэж болохгүй. Манай эвсэл шударга ёсыг тогтоосон шиг тогтооно. Улс орондоо хөгжлийг, байгалийн баялгийг ард түмэндээ авч өгнө гэсэн зорилтыг дэвшүүлж  байна” гэв.

Холбоотой мэдээ