С.ЖАВХЛАНГИЙН ТӨР ТҮШИЛЦСЭН, ҮР ДҮНГҮЙ ДӨРВӨН ЖИЛ ӨНГӨРЛӨӨ

2020-04-30 96

МУГЖ, дуучин С.Жавхлан 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын П.Анужин, АН-ын Д.Арвин, МАХН-ын Ц.Төмөрбаатар нартай Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт өрсөлдөж, ялалт байгуулсан. Тэрээр урлагийн тайзнаас улс төр лүү шилжээд дөрвөн жил болжээ. Бие даан өрсөлдөж, сонгогдсон С.Жавхлан үндэсний хувцасаар гангарч, үхэр тэрэг, морь хөлөглөж, чуулганы нээлтэд 99 морьтон дагуулан ирж, Ташуураа далайн Төрийн ордонд орж ирэв. Тэгвэл эрхэм гишүүн үүнээс хойших хугацаанд хэрхэн ажилласныг Мэдээ.мн онцоллоо.

“Тэрбээр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө УИХ-ын гишүүн болбол нэн тэргүүнд урлагийн салбарт үндэсний өв соёлыг сэргээх, уламжлуулах, хадгалах, хамгаалах зэрэг асуудлыг анхаарах бол нийгмийн салбарт иргэний даатгалыг бий болгох мөн боловсролын салбарыг анхааран ажиллана хэмээсэн. Гэвч энэ нь яв цав тодорхой мөрийн хөтөлбөр биш бөгөөд, тодорхой чиглэсэн бүтээн байгуулалт, үр дүнд хүрэхүйц амлалт биш байв”

ТӨРИЙН ТҮШЭЭ “ГАНЦААРДАВ УУ”

2016 оны есдүгээр сарын 02,

УИХ-ын гишүүний анхны цалингаараа тэрэээр Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн нэг ангийн бүх хүүхдийг дүрэмт хувцсаар хангажээ.

Сургууль болон сурагчдын дотуур байранд өнгөрсөн долдугаар сараас хойш сантехник, тохижилт, завсарын ажил хийж байгаа. Үүнийг Гачуурт тосгоны иргэд С.Жавхлан гишүүн өөрийн хөрөнгөөр хийлгэж байгаа гэх ойлголттой байдаг. Гэвч сургуулийн засварын ажлыг Япон улсын Элчин сайдын яамны тусламжаар хэрэгжиж буй “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа юм байна.

2017 оны тавдугаар сарын 19,

УИХ-ын гишүүн С.Жавхлан хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, УИХ-ын чуулганд суухгүй, эсэргүүцэл зарлахаа мэдэгдсэн.

Тэрбээр, “Худлаа зүйлүүдээ өдөр болгон хэлэлцэж, түмэн олноосоо далий юм шийддэг ийм төрд байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэж бодож байна” гэлээ.

2017 оны тавдугаар сарын 31,

БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр “Намайг ажлаа хийдэггүй гэж шүүмжлээд байна. Би шаардлага өгсөн ч хариу өгөхгүй байна. Тиймээс өрөөндөө амьдарна” гэв.

2018 оны зургаадугаар сарын 28,

Ерөнхийлөгч Х.Баттулгад оффшортой тэмцэх, 60 тэрбумын асуудлыг шийдэхээр гарч ирсэн амлалтыг нь сануулж, энэ хүмүүсийг Төрийн ордноос хөөж гартал тэмцэл өрнүүлнэ гэв.

Энэ мэт үйл хэрэг болоогүй үг, гомдлыг ард иргэд төдийлөн эерэгээр хүлээж авсангүй.

image

image

image

БАЙР СУУРЬ: Бие даагч гишүүнд мөрийн хөтөлбөрөө үйл хэрэг болгох боломж хэр байдаг вэ?

“25-р суваг” ТВ захирал, МУСГЗ З.Алтай: “Боломж байхгүй. Амьд жишээ нь би байна шүү дээ. Надаар жишээ ав. Бие дааж нэр дэвших гэж байгаа хүмүүсд хэлэхэд сэтгэл чинь сайхан байна. Над шиг бухимдаад, ганц дайчин ганцаардахгүй гэж үзлээ гэхэд хамгийн гол нь үр дүн гардаггүй юм байна лээ гэдгийг хэлмээр байна. Тийм учраас аль болох эвсэл, бүлэг болж нэгдэж байж хийх гээд байгаа, бухимдаад байгаа зүйлээ хийнэ үү гэхээс ганцаараа бие даагч болох юм бол дэмий. Үүнийг би өөрийн биеэр дөрвөн жил мэдэрсэн. Би үр дүнд хүрээгүй. УИХ-д дөрвөн жил байх хугацаандаа “хулгайч, луйварчингууд минь хэмжээгээ мэдээрэй” гэж орилсон нь үнэн. Над шиг бие даагч хуулийн төсөл бариад орохоор инээд алдаж байгаад “чи муу хэн юм бэ” гэдэг агуулгаар бүгдийг нь “нясладаг”. Би С.Жавхлангийн замыг арай өмнө нь туулчихсан хүн. Дэмий байдаг гэдгийг хэлмээр байна. Сайн хүн байж болно. Гэхдээ тэр хүн ганцаараа УИХ-д ороод хэн ч биш гэдгийг ойлгооч. Хайран суудал шүү дээ. Түүний оронд залуучуудтай нэгдэл, эвсэл болвол илүү үр дүнд хүрнэ. Сэтгэлийн хөөрлөөр тийшээ орж хайран дөрвөн жилээ битгий алд” гэжээ.

2019 оны дөрөвдүгээр сарын 22,

АНХНЫ ХУУЛИЙН ТӨСӨЛ ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА

2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан тэрээр өнөөдрийг хүртэлх дөрвөн жилийн хугацаанд хоёр хуулийн төсөл боловсруулжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүнээр ажиллаад даруй гурван жилийн дараа анхны хуулийн төслөө өргөн барьсан гэсэн үг.

УИХ-ын тухай хуульд Сонгуульд нэр дэвшиж байгаа хүн оффшор бүс, архи тамхины үйлдвэрлэлтэй хамаагүй байх, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, хахууль аваагүй, ял шийтгүүлээгүй байх заалтыг тусгажээ. Энэ хуулийн төсөл одоогийн УИХ-ын гишүүдэд ч хамаатай гэв.

2019 оны зургаадугаар сарын 17,

“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧЛАВ

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаанд итгэх ард түмний итгэл сэргэх, хууль дээдлэх зарчим хэрэгжих, улмаар хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзжээ. Гэвч хуулийн хэрэгжилт бодит амьдралд нүдээ олсон уу гэвэл үгүй.

“ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ШАЛДАР БУЛДАР ХУУЛЬ ӨРГӨН БАРИХЫГ ЗОРИЛГО БОЛГОСОНГҮЙ”

УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрийн санаачилсан хуулийн төслүүдийг талаар хэлэхдээ,

“Сонгуулийн тухай болон УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хоёр хууль санаачилсан. Өнгөрсөн хугацаанд шалдар булдар хууль өргөн барих эсвэл хэн нэгнийг томилох, албан тушаалтныг солих зорилготой хуулийн төсөл өргөн барихыг зорилго болгосонгүй. Харин нийгмийн онцгой сэдэв болоод байгаа Монгол Улсын иргэд, олон түмэнд нэн шаардлагатай асуудлаар хууль санаачилсан” гэжээ.

Ард түмний төлөөлөл болж, Монгол Улсын хамгийн том төлөөллийн байгууллага болох УИХ-д гишүүнээр сонгогдсон хүний хувьд дөрвөн жилийн хугацаанд тэрээр хоёр хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил олонтаа хийгээгүйг тойргын сонгогчид нь шүүмжилдэг.

Тэгвэл тэрээр дахин хүч үзэхээр шииджээ. Тодруулбал, Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хүртэл хүлээн авсан бөгөөд УИХ-ын гишүүн С. Жавхлан дахин бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ. Эрхэм төрийн түшээгээс асуухад хэрэв сонгогдвол дараагийн дөрвөн жилийн хугацаанд иргэд, сонгогчиддоо чиглэсэн, улс эх орны бүтээн байгуулалтыг хөгжүүлэх ямар ажлуудыг хийх вэ.

ЭХ СУРВАЛЖ: medee.mn

Холбоотой мэдээ