СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛ ИРГЭД СУУЛТ ХИЙХЭЭ МЭДЭГДЭЖ, ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

2020-04-28 111

Солонгос дахь монгол иргэд элчин сайдын яам  дээр суулт хийхээ мэдэгдэж, шаардлага хүргүүлсэн байна.

Мөн гадаадад гацсан иргэдийн ар гэрийнхэн 10:00 цагт Сүхбаатарын талбай дээр цугларч, төрийн гурван өндөрлөгт гацсан иргэдийг эх оронд нь авчрахыг шаардсан албан бичиг хүргүүлэхээр болжээ.


Түр хугацаагаар оршин суугаа иргэдийн нөхцөл байдлын талаар иргэн Н.Бат-Эрдэнэтэй холбогдон тодрууллаа.

Солонгос улсад түр хугацаагаар суугаа монгол иргэд одоо ямар нөхцөл байдалд байна вэ?

-Миний хувьд хоёр сарын 28-нд буцах билеттэй байсан боловч одоо хүртэл явж чадахгүй энд таньдаг айлдаа байрлаж байна. Бусад хүмүүс гадуур байр түрээслээд таниж мэдэх айлдаа байрлаж байгаа. Зарим санхүүгийн шалтгаантай хүмүүс метроны буудал, саунаар болгож байгаа гэсэн яриа гарч байна. Буцахын тулд таван шаардалага хангасан тохиолдолд тусгай нислэгт багтаж байгаа. Гэтэл тэр шаардлагад нийцэхгүй энгийн иргэд маш их байна. Аав, ээж нь нас барсан гэсэн бичиг авсан, бага насны хүүхдээ орхиод ирсэн гээд хүн бүрт тодорхой хэмжээний шалтгаан байна. Эдгээрийг огт авч хэлцэхгүй юм. Иймээс бидэнд суулт хийхээс өөр арга алга. Солонгосын цагдаад мэдэгдээд 48 цагийн дараа суулт хийх зөвшөөрөл авна. Хэрвээ суулт хийгээд эхэлвэл нэгдэх хүмүүс бүр их болох байх. Хүмүүс эх орондоо буцахын тулд эцсийн аргаа л хэрэглэж байна даа.

Буцах хүсэлт хэдэн хүн гаргасан бэ?

– Элчин сайдын яамнаас хэлэхдээ 1300 хүний хүсэлт ирсэн гэсэн. Буцах хүсэлтийг цаасаар, цахим шуудангаар хүлээж авч байгаа. Миний хувьд тав зургаан удаа хүсэлт хүргүүлсэн. Монголд байгаа гэр бүлийнхээ гишүүнээр Онцгой байдлын комисс , гадаад харилцааны яам гээд холбогдох газруудад өргөдөл хүргүүлсэн болов ч ямар ч нэмэр алга. Мөн буцах хүсэлтээ яаж гаргах тухай мэдэхгүй хүмүүс ч байх юм.

Элчин сайдын яамнаас гаргасан Солонгос улсаас эх орондоо буцахын тулд дараах шаардлагуудыг гаргажээ.

– Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
– Жирэмсэн /амаржих хугацаа тулсан эхчүүдийг тэргүүн ээлжинд хамруулна/
– Бага насны хүүхэд /0-14 хүртэлх настай/
– Өндөр настан /60-аас дээш настай/
– Хөгжлийн бэрхшээлтэй
– БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн албадан буцаах иргэд.

Манай улсын хувьд Ковид-19 халдварын тархалттай холбоотойгоор дөрвөн сарын 30-н хүртэл гадаад болон дотоодын бүх нислэгийг хааж хөл хорио тогтоосон билээ. Энэ асуудлын талаар Улсын онцгой комисс хуралдаж өнөөдөр хөл хориог дахин нэг сараар сунгах тухай мэдэгдэв.

Холбоотой мэдээ