ЗГХЭГ-ЫН ДАРГА АСАН С.БАЯРЦОГТ СЭЛЭНГЭ АЙМАГААС НЭР ДЭВШИХЭЭР ЗЭХЭЖ ЯВНА

2020-04-24 175

Монголын ардчилалд үнэтэй хувь нэмэр оруулсан, цагтаа Ардчилсан намын удирдлагад ажилласан байсан эрхмүүд албан ёсоор бие дааж нэр дэвшихээр болж байгаагаа зарлаж эхлэв.

Ардчилсан намын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бие дааж нэр дэвшихээр болсноо өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн.

Намын дарга С.Эрдэнэд хаягласан захидалдаа намын гишүүн мөн гэдгээ нотолсон ч сүүлд нь намаас гарч буйгаа зарласан. Түүний нүүдэл бие дааж нэр дэвших. Угаас намтай ч юм шиг, намгүй ч юм шиг сүүлийн нэг жил явсан тэрбээр намаас нэр дэвших боломжгүй гэдгээ маш эрт мэдсэн. Олон жил улс төрд явсан хүн мэдээж өнгөцхөн шууд нүүдэл хийхгүй нь ойлгомжтой. “Виз” олдохгүйг мэдэхийн дээдээр мэдэж байсан тул “Нэгдмэл монгол” гэх хөдөлгөөнийг байгуулсан юм.

Ардчилсан намаас цучил тасдан авч гал болгохоор хичээж явна. “Нэгдмэл монгол” нэрийн доор хэд хэдэн залуусыг улс төрд бэлдэж байгаа. Цагтаа цалгиж намын дарга, Ерөнхий сайл явсан тэр өнөөдөр орох нам, оочих тойроггүй болчихсон тууж явна. Ардчилсан нам ямартай ч Н.Алтанхуягийн “нулимсанд” цадах болоогүй бололтой.

Э.Бат-Үүл Ардчилсан намыг мэндлээгүй байхад Монголд ардчиллын үрийг суулгаж явсан гавьяатай. Гэвч өнөөдөр түүний гавьяа Ардчилсан намд бүдгэрч, шинэ цагийн ардчилагчид түүнийг шахаж эхлэв. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга руу хэвлэлээр нийтлэл илгээж буй. Өнгөрөгч онд Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн Гэр хорооллын хөгжлийн намаа бүртгүүлж чадсан. Гэхдээ өөрийн нэрээр бус хотын даргаар ажиллаж байхад нь дэргэд нь ажиллаж байсан Батсүх гэж залууг намын даргаар тавьсан. Нэг үгээр хэлбэл баруун гартаа Ардчилсан намтай, зүүн гартаа Гэр хорооллын хөгжлийн намтай сонгуульд ороход бэлэн байв. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлаа дүгнэсний эцэст Үүл баатар бие дааж нэр дэвшихээр шийдсэн гэдгээ зарлаад амжив. Н.Алтанхуягийн адил намын удирдах албан тушаалд “том гар” явсан тэрбээр өнөөдөр намаас илүү бие даагчийн байр суурийг илүүд үзсэн байна. Ардчилсан намын санал автоматаар хуваагдана гэсэн үг. Э.Бат-Үүлийн энэ шийдвэр Ардчилсан намд яавч хасах оноо авч ирэх нь гарцаагүй.

Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын араас цагтаа Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд хэмээн нэрлэгдэж байсан С.Баярцогт Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр зэхэж байгаа юм.

Оффшор данстай асуудлыг сөхөж тавьсан ч Швейцарийн прокуророос хэрэг үүсгэх нөхцөлгүй гэдэг албан бичгээ манай хууль хүчний байгууллагууд руу илгээсэн. Үүний дараа Нийслэлийн прокуророос Оюу толгойтой холбоотойгоор түүнийг яллагдагчаар татсан тогтоолоо хүчингүй болгосон. Одоогийн намын дарга С.Эрдэнэ намын тамгаа авангуутаа С.Баярцогтын намын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн. Сүүлийн үед Ардчилсан намын туг болж явсан Э.Бат-Үүл, С.Баярцогт, Да.Ганболд, Баабар нар гар нийлж байгаа нь нэгэнт ил болсон. Тиймээс Ардчилсан нам лидерүүдээ алдаж, ангал руу аажим унаж эхлээд байна.

Энэ удаагийн сонгуульд тэд бие дааж нэр дэвшсэнээр АН-ын санал хуваагдана уу гэхээс МАН-ын санал хуваагдахгүй юм. Тиймээс Ардчилсан нам доторх талцал хуваагдал нь тэднийг сонгуульд ялагдуулах хамгийн том зэвсэг болно.

Үүний зэрэгцээ Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулга нарын харилцаа улам холдох болсон талаар түүний ойрын эх сурвалжууд хэлсээр байна.

Холбоотой мэдээ