ХОТЫН ТӨВӨӨС ЦАМЦАНД БООСОН ХҮНИЙ ЯС ОЛДЖЭЭ

2020-04-24 99

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, бидний хэлж заншсанаар Улсын Циркийн ойролцоо барьж буй барилгын ажилчид гадна тохижилтын ажил хийж байхдаа ийм зүйлс олжээ. Барилгынхан гадна талбайдаа саравч барихаар газар ухаж байсан ба шороон дундаас даавуунд боосон хатуу зүйлс олсон нь олон тооны яс байжээ. Улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу алба хаагчид хэргийн газарт хамгаалалт авч, 10 орчим цаг ажиллаад явсан байлаа.

Биднийг хэргийн газарт очих үед цагдаагийн алба хаагчид тус газраас олдсон нас барсан хүний ясыг авч явсан байсан бөгөөд газарт нэг метр орчим гүн нүх үүссэн байлаа.
Болсон хэрэг явдлын тухайд тус барилгын ажилтнаас (Нэрийг нууцлав зарим зүйлсийг тодрууллаа.


-Барилгын талбайгаас олон тооны яс олдсон гэж сонслоо. Та тэр зүйлсийг харсан уу?

-Тийм ээ. Өчигдөр өглөөний 10.00 цагийн орчимд байх. Намайг дээд давхарт ажиллаж байхад барилгын ажилчид шуугилдаж эхэлсэн юм. Бүгд доошоо бууж, барилгаас гарсан. Гэтэл гадаа тохижилтын ажил хийж байсан хүмүүс саравч барих гэж байсан нүхнээс даавуунд боолттой яс гаргаад ирчихсэн, бүгд сандарсан байдалтай байсан. Би сонирхоод хартал хар бараан цамцанд тэр олон ясыг боосон харагдсан. Яг нүх ухаж байсан хүн нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ч удалгүй ирсэн.

-Хүний яс гэдгийг яаж мэдсэн юм бэ?

-Цамцанд боосон байсан. Бас гутал эд хэрэглэл нь тэр нүхэнд байсан. Удаагүй цагдаа нар ирээд хэнийг ч ойртуулахгүйгээр хамгаалалт гаргасан. Бид нарыг ч зайтай байхыг сануулсан.

-Цагдаа нар хэр хугацаанд ажилласан бэ. Танай барилгыг битүүмжилсэн үү?

-Өглөөнөөс орой хүртэл энэ газрыг ухсан байх аа. Барилгад ажиллаж байсан хүн бүхнээс болсон хэргийн тухай асууж, бичиж тэмдэглэж авч байсан. Би харсан зүйлсээ л бүгдийг ярьсан. Хэрэгтэй бол эргэж ярина аа гэсэн.

-Нүхнээс гаргаж ирсэн хувцас хуучирч муудсан байсан уу? Энэ барилгын суурийг цутгахад яагаад гарч ирээгүй юм бол?

-Ер нь хуучирсан байсан байх. Яс байсан газар бол барилгын сууриас хоёр метр шахуу зайтай. Тийм болохоор барилгын ажил эхлэхэд гарч ирээгүй байх гэж ярилцаж байгаа. Өмнө нь энд автобус баазын том хашаа байсан. Тэр үед нас барсан хүнийг энд булчихсан байсан байх гэж таамаглаж байгаа. Бид нарт өөр мэдэх юм алга даа.
Хотын төвөөс хүний яс олдсон эл хэргийн газарт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын болон эрүүгийн тасаг, мөрдөн байцаах тасгийн алба хаагчид ажиллажээ.

Дээрх ухсан нүхнээс ханцуй нь тасарсан цамцнууд олдсоны нэгэнд нь яс боож булсан байсан аж. Мөн тус газраас өмд, өрөөсөн гутал зэрэг зүйлс олдсоныг эд мөрийн баримтаар хураан авч, шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү шинжлүүлэхээр явуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус газраас нийт 50 ширхэг орчим ясны хэсэг олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр эрэгтэй хүнийх гэдэг нь тогтоогджээ. Мөн талийгаач нь бусдын гарт амь насаа алдсан байх магадлал өндөр байгаа аж.

Хэргийн газраас олдсон гуталны өрөөсөн нь олдоогүй байна. Түүнчлэн хэргийн газраас нийт дөрвөн ширхэг цамц гарч ирсэн нь хэрэгтэн бусдын амь насыг бүрэлгээд, ул мөрөө нуун далдлах зорилгоор өөрийнхөө цамцыг хамтад нь булсан байх магадлалтай байгаа аж.

Шүүх шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй бөгөөд талийгаачийн хэн болох, нас барсан хугацаа, үхлийн шалтгааныг тодруулахад хугацаа шаардлагатай. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: news.zindaa.mn

Холбоотой мэдээ