Ч.УЛААН САЙДЫН УРГИЙН МОД БУЮУ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ 341 ТЕНДЕРТ ОРОЛЦЖЭЭ

2020-04-23 106

Мөнхийн Сангийн сайд гэгддэг байсан Ч.Улаан гуай УИХ-д 1996 оноос сууж, тасралтгүй зургаан удаа сонгогдлоо. Энэ хугацаанд нам дамжин суудал сэлгэж, авгай хүүхдээ солин амьдралаа өөрчилж, цэмбийсэн хүн явдаг. Хажуугаар нь морь уяж уралдуулна.  Тэрбээр парламентад завсаргүй 24 жил суухдаа Сангийн сайдаар удаа дараа томилогдож, бүр Шадар сайдын суудалд хүрсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд 2005 онд нэр дэвшихээр санаархсан ч “Гааль”-ийн Баатарын гэх хэргээс болоод санаархал нь бүтээгүй.

ЖДҮХС-г УИХ-ын гишүүд “цөлмөсөн”-ий дараа Ч.Улаан ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон. Хар багаасаа ханилсан авааль эхнэрээ орхиж, шинэ эхнэртэй болсноор эхнэрийнхээ хэдэн дүүг төрийн албанд шургуулах ажлыг хийсэн гэх юм билээ.  Ялангуяа сүүлийн жилүүдэд тэрбээр сүүлд суусан эхнэр О.Цэенбадамынхаа ах, дүү нарын асуудалд ихээхэн анхаарч, энэ хэрээр нэр хүнд нь унах болсон. Ч.Улаан сайдын шинэ эхнэр О.Цэенбадамыг харсан улс “нээх” царай зүсээр гавихгүй, нас нь ч залуу биш, ямар увдисаараа Ч.Улааныг татаж хамаг тендерийг хамж өгөх болов гэж шивэр авир хийдэг. Учир нь хэвлэлүүд Ч.Улаан сайдыг эхнэр О.Цэенбадамдаа 12 тендер авч өгсөн гэж бичиж байв. МАН-аас урваж, МАХН-д очиж, Н.Энхбаяр даргыгаа шоронд байх үед Ч.Улаан эхнэрийнхээ хамаарал бүхий  “Сүвэн-Уул” ХХК олон тендерт ялсан гэлцдэг.  “Сүвэн-Уул” ХХК нь нийт 341 тендерт оролцсон түүхтэй аж ахуйн нэгж юм байна.

Ч.Улаан сайдын эхнэр О.Цэенбадамын төрсөн дүү О.Лхагвацэдэн гэж эмэгтэй бий. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба, “Буян”-гийн Жаргалсайхан хоёртой дотно гэлцдэг. Ч.Улааныг Н.Энхбаярын эзгүйд МАХН-д мандаж явахад МАХН-ын сургалт хариуцсан нарийн бичгийн дарга байсан юм. Харин Ч.Улааныг 2012 оны сонгуулийн өмнөхөн МАХН-аас гарч МАН-д ороход араас нь дагаж орж ирсэн. МАХН-ын хаалгыг савж гарахдаа зүгээр ч нэг гараагүй. Нэг үе Н.Энхбаярын хаанчлалын үед буюу 2000-2004 онд МАХН-ын Улс төрийн хэлтсийн дарга байсан Дугаржавын хамт хэвлэлийн хурал хийж намаасаа гарсан. Үүнийхээ хариуд ч юм уу, МАН-ын үед О.Лхагвацэдэн нь эдүгээ БХБЯ-ны Нийтийн аж ахуйн БХЗГ-ын даргаар ажиллаж байна. Одоо О.Лхагвацэдэн Хятадтай хамтран хэрэгжүүлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийн төслийг хариуцдаг.  Хувьдаа 4-5 компанитай эмэгтэй.

О.Цэенбадамын төрсөн дүү О.Даваасүрэн Ч.Улаан сайдын чихийг хамгийн их халууцуулдаг, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг шоронд ороход ч энэ О.Даваасүрэнгийн нэр хааяа дуулддаг байсан. Одоо ХХААХҮ-ийн яам хавиар, тэр тусмаа махны тухай яригдангуут О.Даваасүрэн гэдэг нэр гарч ирдэг.  Учир нь, Ч.Улаан сайд хонь, ямааг амьдаар нь экспортлох ажлыг түргэвчлүүлж “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-д тендер зарлахгүйгээр олгох гэсэн гэж баахан чичлүүлсэн. Энэ үед О.Даваасүрэн гэх нэр сонсогдсон. Ч.Улаан сайдыг МАХН-д, Сангийн сайдаар ажиллаж байхдаа О.Даваасүрэнг Гаалийн ерөнхий газарт даргаар сонгож байсан гэдэг. Эхнэрийнх нь бүстэй дүү болохоор тэр үү, эдүгээ Ч.Улаан сайдад хамаарах гол бизнесийн ажлыг нь нугалдаг гэх юм билээ.

Ч.Улаан сайдын зөвлөхөөр эхнэрийнх төрсөн дүү О.Оюун-Эрдэнэ ажилладаг. Шинэ эхнэртээ суунгуутаа төрсөн дүү О.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүнийхээ туслахаар авсан, одоо сайдын зөвлөх болж, ХХААХҮЯ-ны чухал нүд чих гэж харддаг. Мөн л Ч.Улааны О.Цэенбадамын төрсөн дүү О.Баасансүрэн нь төрийн албанд зүтгэдэг. Тэрээр Төрийн банкны Хангамж аюулгүй байдлын газрын захирлаар  ажиллаж байгаад 2018 онд дэвшиж, дэд захирал болсон. Үүнд Ч.Улаан сайдын нөлөө байгаагүй гэх баталгаа байхгүй.

Таны эхнэрийн дүү мал хөлөөр нь экспортлох чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх “Бит Монголиа” гэх компани байгуулсан гэсэн сэтгүүлчийн асуултад Ч.Улаан сайд “Манай эхнэрийн дүү хоёр жилийн өмнөөс мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулах ажилд оролцож эхэлсэн юм билээ. Тэнд ажиллаж байгаа нь үнэн. Энэ цогцолбор байгуулагдаад хоёр жил болсон, бүтээн байгуулалтын ажлаа хийсэн, малаа гаргах боллоо гэж асуудал тавьж буй. Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэх мэт холбогдох байгууллагууд тавих ёстой шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа хүн” гэж улайхгүй хариулсан билээ.

Эх сурвалж: alim.mn

Холбоотой мэдээ