“Азийн хөгжлийн банк”-ны зээлээр эрчимт эмчилгээний 500 ор, 415 амьсгалын аппарат авна”

2020-04-23 86

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс, Азийн хөгжлийн банктай хамтран 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн хөтөлбөр байгуулжээ. Уг зээлээр нэн шаардлагатай 415 амьсгалын аппарат, эмнэлгийн ор авах талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэв. Тэрээр “Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр 70 гаруй амьсгалын аппарат, бусад төхөөрөмжийг худалдан авсан. Одоо Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн хүрээнд 500 гаруй эрчимт эмчилгээний ор авахаар бэлтгэж байна. Мөн 415 амьсгалын аппарат худалдан авахаар болсон” гэлээ.

Түүнчлэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцсэн юм. Төслийн хүрээнд эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой байдлыг бий болгох зорилгоор 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болжээ.

Уг хуулийн төслүүдийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Холбоотой мэдээ