Олны танил эрхмүүдийн холбогдсон хэргийг шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн бэ?

2020-04-22 88

ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ ХЭЛЭЛЦЭНЭ

Улсын Дээд шүүх Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэв.
Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.

ДУУЧИН Б.АМАРХҮҮД 2 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООСОН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 10 дугаар 29-ний өдөр хянан хэлэлцээд Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Г.СОЛТАН, Л.ЭНХБОЛД, Б.УНДАРМАА НАРТ ХОЛБОГДОХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАВ

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа /Улсын Их Хурлын гишүүн/ нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр  хянаад: Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтэд дурдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ” гэж заасны дагуу яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна.

М.СОНОМПИЛД ОНОГДУУЛСАН 4 ЖИЛ ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпилийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ