О.БААСАНХҮҮ МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯРТ НАМААСАА ГАРАХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ

2020-04-20 147

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарах улс төрийн шийдвэр гаргажээ.

Тэрбээр өнөөдөр намын дарга Н.Энхбаярт намаасаа гарах хүсэлтээ өгч байгаагаа дуулгалаа. Түүнийг намаасаа гарах гэж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн оны сүүлчээр гарч байсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд 2012, 2016 онуудад МАХН-аас нэр дэвшиж, хоёр удаа парламентад сонгогдсон. Одоогоор парламент дахь цорын ганц МАХН-ын гишүүн юм.

Тэрбээр “Намаасаа гарах хүсэлтээ намын дарга Н.Энхбаяр болон Баянзүрх дүүргийн намын дарга Ц.Оюунбаатарт хүргүүлсэн. Дөрөвдүгээр сарын 24 гэхэд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө өгөх хугацаа дуусна.

Би өөр намд орох шийдвэрээ ирэх лхагва гарагт гаргана. Яагаад намаас гарах болсон бэ гэвэл МАХН-ын удирдлагууд намайг 2017 онд хөөсөн тухай мэдэгдэл хийсэн. Гэвч тус намд хэн нэгнийг хөөдөг дүрэм байхгүй. 2016 оны сонгуулиар МАХН-д 114 мянган хүн санал өгсөн юм. Тэгэхээр МАХН-ыг суудалтай байлгах нь миний үүрэг юм. Үүнийг удирдлага болон хэсэг бүлэг хүмүүсийн мэдэгдлээр хөөгдөөд гарчихдаг юм биш.

Өнөөдөр бол нэгэнт намууд мөрийн хөтөлбөрүүдээ өгсөн байгаа. МАХН-ын хувьд сонгуульд ялах, суудалдтай болох боломж нь дахин нээгдэж байгаа. Тус намынхан надад гомдохгүй байх.

Би бол МАХН-ын үзэл баримтлал таалагдаагүйдээ гарч байгаа юм биш. Шийдвэр гаргахад  маш хэцүү байна. Сонгуульд зайлшгүй орох шаардлага байна. Орхон аймагт миний бие амалсан зүйл бий. Тэрийгээ очиж тайлбарлаж тайлагнах ёстой” гэлээ.

Шууд үзэх:

#ШУУД УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ МАХН-ААС ГАРЧ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

Posted by ASU.MN on Sunday, April 19, 2020

Холбоотой мэдээ