Коронавирусаас сэргийлэх орос вакциныг бүтээж буй гол хүн

2020-04-17 104
Оросын вирус судлалын “Вектор” төв коронавирусээс сэргийлэх вакциныг туршиж эхлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Өөрийн биед турших сайн дурын 60 хүнийг сонгосон байна. Боловсруулалт хийж байгаа хүмүүсийг хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцахыг зөвшөөрдөггүй, үйлдвэрийн газар хаалттай болохоор “Вектор”-ын вирус судлаачидтай уулзаж яриа авна гэдэг бараг бүтэхгүй санаа. Бас ингэж ярилцаад байх зав зай ч эрдэмтдэд байхгүй, дэлхий даяараа вакцин хүлээж байгаа болохоор хайран үнэт цагаа алдана гэдэг амьдралаа алдахтай адил гэдгийг тэмдэглэх нь шударга болох биз ээ.
Вакцин гаргаж авах ажилд нэг хүн ганцаараа биш, эрдэмтдийн бүхэл бүтэн баг хийж гүйцэтгэдэг нь ойлгомжтой. Гэхдээ л ойрын үед клиникийн туршилтад орох гэж байгаа бэлдмэлийг голлон бүтээгчийг албан ёсоор Ильназ Иматдинов хэмээн нэрлэв. Энэ эрдэмтэн вакциныг өөрийн биед турших хүмүүсийн тоонд багтсан гэдгийг ОХУ-ын хүний сайн сайхан аж байдал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарын хяналт шалгалт эрхэлсэн албанаас мэдэгдэв. Энэ хүн хэн болох талаар бүгд л мэдэхийг хүсч байгаа болохоор түүний тухай мэдээлэл олж авахаар “Комсомалка” шийдсэн байна.
Дэлхий дахиныг гай түйтгэрээс ангижруулах вакцин бүтээж байгаа эрдэмтэн гэхээр ёс юм шиг нас нэлээн тогтсон, санчиг бууралтаж, үрчлээ суусан байх ёстой санагдана. Гэтэл тийм биш ажээ! Орон даяар нүд, чих тавин харж, хүлээж байгаа вирус судлаач маань дөнгөж 30 настай! Идэр залуухан Ильназыг “Вектор”-ын өнөөх ажилтан мөн гэдгийг найз нөхөд нь батлажээ.
-Ажлын газар нь хаалттай, бараг нууцын зэрэглэлтэй, өөрийнхөө ажлын талаар барагтай бол юу ч ярьдаггүй хүн. Гэхдээ тэр ажилдаа тун дур сонирхолтой. Вакцин боловсруулсан хүн гэдгийг бид өөрсдөө ч телевизээр л олж мэдсэн хэмээн түүний найз КП-Новосибирскт ярьсан байна.
Залуу эрдэмтний талаар өөр юу олж мэдэв? Татарстанд төрсөн, эхлээд Ульяновскийн Хөдөө аж ахуйн улсын академид суралцсан, тэнд байхдаа шинжлэх ухаанд дуртай болох “тарилга” хийлгэсэн бололтой. Удалгүй тэр Владимир муж дахь Холбооны мэдлийн вирус болон микробиолог судлалын эрдэм шинжилгээний төвд ажилд орж, “Рифтийн хөндийн хумхаагийн вирусын дархлаа давамгайлсан уургийг кодлох хиймэл генийг зохиомжилж, клоны аргаар гаргаж авах нь” /Конструирование и клонирование искусственных генов, кодирующих иммунодоминантные белки вируса лихорадки долины Рифт/ сэдвээр диссертаци хамгаалсан. Энэ мөчид залуу 24 настай байв. Дараагийн ажлын байр бол Новосибирскийн ойролцоох вирус болон микробиолог судлалын “Вектор” төв, өөрөөр хэлбэл уг төвд аль хэдийнэ зургаа орчим жил ажиллаж байгаа аж.
“Вектор” судалгааны төв  хэвлэлийнхэнд эрдэмтний товч намтрыг ч өгөөгүй байна. Гэхдээ нийгмийн сүлжээгээр тэр өөрийнхөө тухай бага зэрэг өгүүлжээ. Архи, тамхинд сөргөөр ханддаг, “Би хэзээ ч том болж насанд хүрэхгүй” гэж хэлэх дуртай. Ном, сайн хүмүүс урам сэргээдэг.
Ильназын бичлэгүүдэд шинжлэх ухааны тухай хөгжилтэй санаа бүхий зураглал, сэдэвт өгүүллийн эшлэлүүд элбэг. Бас маш олон дагагч! Инээдтэй зураг, комикс, эсвэл зүгээр хөгжилтэй гэрэл зураг. Шинэ зууны эрдэмтэн ийм л байх юм даа. Юүдэнтэй цамц өмссөн жирийн нэг залуу дэлхийн хэмжээний хамгийн төвөгтэй асуудлыг шийдэхийн төлөө тэмцэж байна.
Үнэндээ ийм эрдэмтэн дэлхийд тоо томшгүй олон. Коронавирусээс сэргийлэх вакцины 40 гаруй хувилбар байгаа, эм бэлдмэл гаргаж авахаар дэлхийд нийтдээ 60 гаруй эмийн компани, байгууллага ажиллаж байгаа талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн. Энэ бол одоохондоо зөвхөн урьдчилсан загварууд, ихэнх нь эцсийн туршилт хүртэл явж чадахгүй. Гэхдээ энэ талаар дэлхийд урагш ахисан зүйл сайн зүйл бас бий. Коронавирусын эсрэг вакциныг Хятадад хийж байна. Бүр хоёр дахь вакциныг клиникийн нэг, хоёрдугаар шатны туршилт хийхийг сайшааж дэмжсэн талаар өнөөдөр тодорхой болжээ. Эхний вакцины хувьд гуравдугаар сарын 16-наас хойш клиникийн туршилт бүрэн хийж байна, энэ оны эцсээр дуусна.
АНУ-д вакцины клиникийн туршилтын шатанд шилжсэн, клиникийн өмнөх туршилтын үр дүнгийн мэдээлэл нийтлэгдсэн. Хулгана дээр хийсэн туршилт хангалттай үр ашигтай болохыг харуулсан хэмээн тэнд дурджээ. Новосибирскт хүн дээр хийх туршилт зургадугаар сард эхэлнэ. Бүх зүйл сайн болж, Ильназ Иматдиновын тухай бид нэг бус удаа өгүүлэх буй за.
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ