ОХУ гурил, будаа, сонгино, сармисын экспортоо долдугаар сар хүртэл зогсоов

2020-04-16 411

ОХУ-д коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрвэл эмч, эмнэлгийн ажилтан, хамгаалах хэрэгсэл, өвчтөн хүлээн авах ор, уушгины аппарат, тест, эм тарианы дутагдалд орж болзошгүй байгаа бөгөөд эмчилгээний өртөг хэт өндөр байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Ерөнхийлөгч В.Путин эмнэлгийн ординатор эмч буюу удирдлага, их дээд сургуулийн багш оюутнуудад хандаж “Covid-19”-ийн халдвар авсан иргэдийн эмчилгээнд оролцохыг уриалсан байна.

ОХУ-ын мэдээлэл, технологийн газраас “социологийн мониторинг”-ийн программ зохион бүтээж, вирусний халдвар авсан иргэдийн гар утсанд суулгах замаар газар зүйн байршлыг нь тогтоож, хөдөлгөөнд хяналт тавьж эхлэв. Хэрэв иргэд уг программыг устгах эсвэл хөл хорионы дэглэм зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно хэмээн тус газрын дарга Э.Лысенко мэдэгдсэн байна.

Тус улсын Анагаах ухаан биологийн холбооны агентлагийн дарга В.Скворцова ОХУ-д “Covid-19” халдварын тархалт 2020 оны 06 дугаар сар болтол үргэлжилж болзошгүй хэмээн мэдэгдэв. Мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор хөл хорионы дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг сайтар сахиж чадвал өвчний тархалт 06 дугаар сараас буурах бөгөөд эс чадвал намар хүртэл үргэлжлэхээр байна. Мөн өвчний дараагийн дэгдэлт аливаа вирус хүний биеийн хэмд өөрийгөө тохируулдаг улирал буюу 10-11 дүгээр сард дахин гарч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа аж.

ОХУ-ын “Роспотребнадзор” агентлагийн дарга Анна Поповагийн мэдэгдсэнээр тус улсад халдвар авсан иргэдийн 30 гаруй хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Гуравдугаар сарын эхээр энэ тоо 10 орчим хувьтай байсан бол сүүлийн үед илэрч буй тохиолдлууд шинж тэмдэггүй байгаа аж. Иймд иргэдийг гэрээсээ гарахгүй байж, өөрийгөө тусгаарлаж, бусдад халдвар тараахгүй байх шаардлагатайг онцолсон байна.

Москва хотын Захирагч С.Собянин коронавирусний тархалтыг удаашруулах зорилгоор 04 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд иргэдийн амьдралд нэн чухал ач холбогдолгүй барилга, засвар үйлчилгээ, автомашин түрээс зэрэг бизнесийн салбарын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж, нэмэлт хөл хорио тогтоолоо. Москва хотын эрүүл мэндийн газраас тус хотод эмнэлгийн орны хомсдолд орж болзошгүй байна хэмээн анхааруулсан тул нэмэлтээр 24 эмнэлгийг бэлтгэж, нийт орыг 21,000-д хүргэхээр ажиллаж байна.

Дотоодын үйлдвэрлэлийн будаа, гурил, сонгино, сармис зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг 04 дүгээр сарын 12-ноос 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл экспортлохыг хориглосон шийдвэр гаргаад байна. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын (ОХУ, Армен, Беларус, БНКазУ, БНКирУ) хүн амыг цар тахлын үед хоол хүнсээр хангах зорилгоор экспортын бүтээгдэхүүнд хориг тавих болсон байна.

Холбоотой мэдээ