Энэтхэг улсаас эх орондоо ирэх хүсэлт тавьсан 500 орчим иргэний 314 нь хүүхэд буюу ламхай нар

2020-04-13 105

Коронавирусийн халдварын улмаас Бүгд найрамдах Энэтхэг улсаас эх орондоо ирэх боломжгүй болоод байгаа Монгол иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт хандан хүсэлт ирүүлсэн байна.

Энэтхэг улсад суугаа иргэд хүсэлтдээ “Энэтхэг улсад байгаа монголчууд бол коронавируст халдварын үеэр дэлхийн өнцөг булан бүрт хүнд нөхцөл байдалд байгаа олон монголчуудын л нэг хэсэг нь юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Энд эмчилгээ хагалгаанд ирсэн, тэднийг асран халамжилж байгаа, ахмад настай, нялх нярай хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шашны ном үзэж байгаа хүүхэд багачууд, лам хувраг, хувиараа болон Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан урт болон богино хугацаагаар суралцаж байгаа оюутан залуус, төрийн албан хаагчид, түр хугацаагаар зорчиж явсан гээд олон төрлийн шалтгаан, нөхцөлтэй хүмүүс бий.
Бид өдөр тутамдаа ялгаварлан гадуурхалд өртөх, халдлага дайралтын золиос болох, сэтгэл санааны хохирол амсах, хоол хүнсний хомсдолд орох, өвчин тахлын халдвар авах эрсдэл, мөнгө санхүү дуусах, орон байр олдохгүй байх гээд олон бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч улс эх орон маань удахгүй иргэдээ авна гэсэн итгэлээр асуудал эрсдэлийг даван туулж байна. Хэдий тийм боловч тус улсад ирээдүйд бодитой нүүрлэж болох дараах хэд хэдэн аюул гамшгаас энд байгаа хүн бүр өдөр ирэх тусам түгшиж, улс орон, төр засгийнхаа шийдвэрийг хүлээж байгаа учраас ийнхүү ахин дахин хандаж байгаа учиртайг ойлгуулахыг хүсэж байна” гэжээ.

Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд ОБЕГ-ын дарга Т.Бадрал Энэтхэг улсаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн талаар дараах тайлбарыг хийв.

Т.Бадрал: “Энэтхэгт байгаа 549 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавиад байна. Хамгийн эхэнд татаж авах шаардлагатай гэсэн ангилалд Энэтхэг улсад байгаа иргэд хамаарагдаж байна. Монгол Улсын Засгийн газар шаардлагатай ангилалд багтсан улс орнуудаас иргэдээ авна. 549 иргэний 314 нь бага насны хүүхдүүд буюу ламхай нар байгаа. Энэ талаар инслэгийн компаниуд хоорондоо ярьж байна” гэжээ.

Холбоотой мэдээ