Мөнгөний бодлогын хүүг 9% болгон бууруулж, хэрэглээний зээлийн хугацааг сунгалаа

2020-04-13 219

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаараа

  1. бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 9%-д хүргэх
  2. эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хуртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа.

Мөнгөний бодлогын хороо дараах дүгнэлтийг хийжээ.

Жилийн инфляц 2020 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувь байна. Эдийн засгийн өсөлт энэ онд саарч, эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэхээргүй байна. Импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт доголдохгүй тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын хэлбэлзэл үүсэхгүйн дээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурч байна.

Шинэ коронавирусийн дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэх зэрэг нөлөөг үзүүлж байна. Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэжээ.

Бодлогын хүүг ийнхүү бууруулснаар арилжааны банкуудын зээл олгох үйл ажиллагаа нэмэгдэх бөгөөд өрсөлдөөнийг дагаад зээлийн хүү буурах, эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ хэмээн харж байгааг хэллээ.

Шууд үзэх:

Холбоотой мэдээ