Г.ӨНӨРЖАРГАЛ: ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ УЛАМ ИХ НЭМЭГДЭЖ БАЙНА

2020-04-11 127

Коронавирусны цар тахал дэлхий даяар тархаж эхэлсэн үеэс эхлэн Монгол улс даяар өндөржүүлэн бэлэн байдал зарлан НЗД-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/436  захирамжаар pесторан, кафе, зоогийн газар, /сүлжээ хоолны газар/ болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдааны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл байхаар тогтож захирамж гарсан билээ. 

Захирамжийн хэрэгжилтийн талаар болон захирамжтай холбоотойгоор гэмт хэргийн гаралт буурч байгаа эсэхийг  Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г. Өнөржаргалаас тодрууллаа.

-Коронавирусны цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс бар, зоогийн газар, шөнийн цэнгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байгаа.  Чухам хэдий хугацаагаар ямар ямар өөрчлөлт оруулаад байна вэ?

НЗД-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/436  захирамжаар pесторан, кафе, зоогийн газар, /сүлжээ хоолны газар/ болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдааны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож мөн бүх төрлийн цэнгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал түр зогсоосонтой холбогдуулан  захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрт хяналт шалгалтын  ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Шалгалтаар захирамж зөрчсөн нь илэрсэн ААН-үүдэд ямар хариуцлага ногдуулах бэ?

Зохих зөвшөөрөлгүйгээр болон зөвшөөрөлд зааснаас бусад газарт эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 13 дах хэсэгт зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагад захирамжийн хэрэгжилтийг хангаж цагийн хуваарийн дагуу ажиллах талаар Шаардлага хүргүүлэн  шаардлагыг  зөрчиж үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  иргэнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.

Манай хэлтсээс захирамжийн хэрэгжилтийг хангахгүй удаа дараа зөрчил гаргаж байгаа 12 байгууллагын тусгай зөвшөөрөл цуцлуулах саналыг  холбогдох газар нь хүргүүлэн   цахим тоглоомын газрын тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Иймээс  аж ахуй нэгж байгууллагууд нь захирамжийн хэрэгжилтийг хангаж цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй  байна.

Аж ахуй нэгжүүд захирамжийг хэрхэн биелүүлж ажиллаж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой зөрчлийн тоо буурч байна уу?

Шалгалтаар гар дээрээс согтууруулах ундаа шаглаж, худалдан борлуулах, кафе, ресторан, 8 нэрийн хүнсний дэлгүүрүүд цагийн хуваарь хэтрүүлэн ажиллах зөрчлүүд илэрч байгаа.  Мөн хамгийн ноцтой нь өвчин тархах өндөр магадлалтай  саун массажны газрууд ажиллаж байгаа нь том зөрчил болж байна.

Хорио цээрийн дэглэм тогтоож баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон ч  ахуйн хүрээний архидалт нэмэгдэж үүнийгээ дагаад гэр бүлийн хүчирхийлэл  өсөж байна.

Эхнэр болон найз нөхөд, хүүхдүүддээ гар хүрч хүчирхийлэл үйлдэх мөн оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсантай холбоотой дуудлага ихсэж байна.

Хүүхдийн дэргэд архидан согтуурсан тохиолдолд тухайн асран хамгаалагчид ямар арга хэмжээ авдаг вэ?

Ахуйн хүрээнд архидан согтуурах нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахаас гадна тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл болж байна.

Мөн хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь Зөрчлийн тухай хуулийн 6.20-д  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг байгаа.

-Хүүхдийн дэргэд архидан согтуурах нь ямар ямар хор хөнөөл дагуулж байдаг вэ?

Архи хүүхдийн бие махбод, сэтгэл зүйд дарамт, ганцаардал, гомдол, айдас төрүүлж амьдрах хүсэл зоригийг мохоох, гэр бүлээсээ дайжих, насанд хүрэгчдэд итгэхгүй болох зэргээр нөлөөлдөг.

Энэ нь хүүхдэд мартагдахааргүй их хар толбо учруулдаг. Ийм орчинд өссөн хүүхэд айдастай байдгаас гадна өөрөө хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас “ХАЙР ӨВТГӨДӨГГҮЙ” аяныг амжилттай зохион байгуулж дууслаа.

Цагдаагийн байгууллагаас хүчирхийлэл үйлдсэн этгээдэд яаралтай арга хэмжээ авч зохих шийтгэлийг оногдуулдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд ямар арга хэмжээ авдаг вэ?

Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил үйлдсэн хүнд шүүхийн шийдвэрээр 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулж, зан үйлд нөлөөлөх 10-50 цагийн албадан сургалтад хамруулдаг.  Харин удаа дараа баривчлах шийтгэл эдэлж засраагүй этгээдэд зургаан сараас хоёр жил хүртэл хорих  ял оногдуулахаар хуульчилсан.

Гэхдээ иргэд хүчирхийлэл гэдгийг зөвхөн биед хүрсэн, зодсон үйлдлийг хэлдэг гэж ойлгодог ч үгээр доромжлох, өөрийн хүсэл бодлыг тулгах, ямар нэгэн ёс бус шаардлага тавих нэг өгүүлбэрээр бол хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм. Тиймээс та хэн нэгний хажууд тухгүй, айдастай байгаа бол шууд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.

Өнгөрсөн оны хүчирхийллийн судалгаанд ихэнх эмэгтэйчүүд болон хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагаа ил болгох нь ховор  талаар дурдсан байсан?

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй зарим хохирогчид хүчирхийлэлд өртөж байгаагаа нуудаг, ил гаргахыг хүсдэггүй. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл бол хаалттай хаалганы цаана, хайртай дотнын хүмүүсийн дунд үйлдэгддэг, давтагддаг, даамжирдаг ийм гэмт хэрэг, зөрчил. Хохирогч өөрийн болон гэр бүлийн нэр төрөө боддог, үр хүүхдээ боддог, бусдаас ирэх дарамт шахалтаас айдаг гээд олон хүчин зүйлээс болж хүчирхийлэлд өртөж байгаагаа нуудаг.

Тиймээс нь бид энэ аянаараа дамжуулан хүчирхийллийг нуух нь буруу цаашлаад хэн нэгний амь насанд хүрэх аюултай гэдгийг иргэдэд ойлгуулах зорилго агуулж байна.

-Хүчирхийллийг бууруулахын тулд гэр бүлүүдийн зүгээс юу хийх шаардлагатай  вэ?  

Энгийн хэдий ч бие биенээ тэвчээртэй сонсдог, асуудлыг маргаанаар бус ухаанаар шийддэг байдал залуу гэр бүлд дутагдаад байгаа нь ажиглагддаг. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг.  Эцэг эх нь ямар мэргэжилтэй, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, ямар найз нөхөдтэй байх нь хүүхдэд чухал биш, хүүхдэд эцэг, эхтэйгээ элэг бүтэн байх нь л хамгийн чухал байдаг.

Эцэг эх нь хүүхдийнхээ дэргэд хоорондоо зүй бус үгээр хэрэлдэж муудалцах нь хүүхдийн сэтгэл зүйд маш хүнд тусдаг гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд эвтэй байж, аливаа асуудлыг хамтран ярилцаж шийдвэрлэж, нэг нэгнээ хүндэлж, ойлгож сонсдог  байх нь хамгийн чухал гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: live1.mn

Холбоотой мэдээ