Монголчуудыг доромжилсон орос хөтлөгч yyчлал хүсчээ

2020-04-11 145

Оросын төв телевиз ОРТ-1-ийн “Время” мэдээллийн хөтөлбөрийн дөрөвдүгээр сарын 8-ны дугаарын хөтлөгч Монгол улстай холбоотой гэж шууд ойлгогдохоор зүйл ярьсан нь монголчуудын дургүйцлийг төрүүлсэн билээ.

“Время” мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч титэмвирустэй холбоотой ОХУ-д тогтоосон хорио цээрийн талаар мэдээллийн хөтөлбөрийн эхэнд ярихдаа:

-Зөвлөлтийн үеийн хүүхэд насандаа бид сансрын нисэгчид шиг дүрэмтэй ажиллах ёстой гэж ярьдаг байсан шиг. Гэхдээ энгийн сансрын нисгэгчид биш, харин бидний ахан дүүс болох нэгэн Азийн орны сансрын нисэгчид шиг. Гэвч Ерөнхийлөгч өнөөдөр тэднийг санасангүй, гэхдээ Печенегүүд, Татарчуудыг бол санасан.

Харин энэ улсын талаар тэр санасангүй, хэдий бид түүхэндээ муу харилцаатай байсан ч дараа нь харин яагаад ч юм бүх зүйл өөрчлөгдөж, бид тэднийг сансарт хүртэл илгээсэн боловч нэг нөхцөлтэй байв. Энэ бол сандал дээр суугаад юунд ч хүрэхгүй байх юм. Тэд тэр үед чадсан юм чинь бид ч гэсэн чадна. Тиймээс одоо гэртээ суух нь чухал. Хэцүү хэдий ч бид хичээх болно гэсэн байдаг.

Энэ нь тэр өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүс нутгийн удирдагч нартай хийсэн цахим уулзалтын үеэр иргэддээ хандан “Хүндэт нөхөд өө! Бүх зүйл дуусдаг, энэ ч бас дуусна. Манай улс хүнд хэцүү сорилттой анх удаа таарч байгаа юм биш: Печенегүүдийг ч, Татаруудыг ч үгүй хийсэн. Орос бүхнийг даван туулсан. Бид энэ титэмвирусийн халдварыг ч даван туулах болно. Баярлалаа” хэмээн хэлснээс улбаалсан байдаг.

Харин өчигдрийн “Время” хөтөлбөрөөр хөтлөгч монголчуудаас уучлал эржээ.

Тэрээр “Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй холбогдуулж, сансрын нисгэгчдийн талаар ярьсан нь уран зөгнөл /фантаз/ байсан юм. Азийн нэгэн орон гэж Монгол улсыг хэлээгүй боловч хэлсэн үг маань монголчуудыг гомдоочихжээ. Надад монголчуудыг гомдоох ямар нэгэн санаа огт байгаагүй. Таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай” гэжээ.

Эх сурвалж:

https://www.facebook.com/624587977702437/videos/774488076412726/?v=774488076412726

Холбоотой мэдээ