Санал асуулгад оролцогчдын 86 хувь нь сонгуулийг НЭГ ЖИЛЭЭР хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ

2020-04-09 141

Өчигдөр УИХ-ын хаврын чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ “УИХ-ын сонгуулийг хойшлуулж, сонгуульд төсөвлөсөн болон тэвчиж болох бүх зардлыг хямралын эсрэг зарцуулахаас өөр арга замгүй боллоо” хэмээн онцолсон. Сонгууль хойшлуулах тухай Ерөнхийлөгчийн уриалга “зөв, буруу” гэх мэтээр улстөрчид байр сууриа илэрхийлж эхэлжээ.

Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбоотойгоор манай “Unuudur.mn” сайт уншигчдынхаа дунд “УИХ-ын сонгуулийг НЭГ ЖИЛЭЭР хойшлуулахыг дэмжиж байна уу” гэсэн ганц асуулт бүхий санал асуулгыг фэйсбүүк дэх пэйж хуудсаараа дамжуулан явуулж, олон нийтийн уур амьсгалыг тандаж үзлээ.

Санал асуулгад 2,771 иргэн саналаа өгснөөс 86.6 хувь буюу 2,430 хүн “Сонгуулийг нэг жилээр хойшлуулах нь зүйтэй” гэж үзжээ. Харин үлдсэн 13.4 хувь буюу 341 хүн эсрэг санал өгөв.

Олон түмэн сонгуулийг хойшлуулъя гээд байгаагийн цаад санаа нь коронавирусийн цар тахлын гамшгийн үед сонгуульд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг илүү бодитой ажилд зориулъя гэсэн санаа. Учир нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 20.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ерөнхийлөгч энэ саналаа УИХ-д өргөн мэдүүлбэл сонгуулийг хойшлуулах эцсийн шийдвэрийг УИХ гаргах юм.

Холбоотой мэдээ