БНСУ-д эдгэрсэн 51 хүнээс дахин коронавирусийн халдвар илэрлээ

2020-04-07 168

БНСУ-ын Дэгү хотод бүрэн эдгэрсэн 51 хүнээс дахин коронавирусийн халдвар илэрсэн тухай Их Британийн “dailymail” сайт мэдээллээ. Энэ нь вирус дахин идэвхждэг байж болзошгүй гэх айдсыг нэмэгдүүлж байна.

Тодруулбал, коронавирусийн тархалтын төв цэг болоод буй Дэгү хотод хөл хорионд байсан 51 хүн эдгэрээд гарснаас хэд хоногийн дараа дахин шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарчээ.

БНСУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр “Хүмүүс дахин халдвар авахаас илүүтэйгээр вирус нь идэвхжсэн байх магадлал өндөр” гэжээ.

“Энэхүү вирус хүний эсийн далд түвшинд идэвхгүй хэвээр үлддэг. Үл мэдэгдэх шалтгаанаар жижиг хэсэг нь дахин идэвхждэг. Гэхдээ өвчтөн дахин хүнээс халдвар авах боломжтой эсэх нь хараахан батлагдаагүй” хэмээн БНСУ-ын эрдэмтэн, судлаачид үзжээ.

Түүнчлэн оношлуур буруу оношлох тохиолдол гардаг тул хоёр дахь удаад эерэг хариу гарсан зарим тохиолдол нь үүнтэй холбоотой байж магадгүй гэв.

БНСУ-д өнөөдрийн байдлаар /2020.04.07/ 10,331 хүн коронавирусийн халдвар авч, 192 хүн нас бараад байна.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Холбоотой мэдээ