Хашаандаа 58 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүлжээ

2020-04-07 172

Улаан номонд орсон нэн ховор амьтан болох халиун бугын эврийн түүх нэрийдлээр хөөж үргээх, бахардааж алах, эвэр түүхий эдийг худалдаж авах зөрчил Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хайрхандулаан, Бүрд сумдад гарсныг орон нутгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна.

БОАЖ-ын Сайдын 2017 оны А/97 дугаар тушаалаар жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд байгалийн жамаар унасан бугын ясан эвэр түүх үйл ажиллагааг хориглосон байдаг.

Халиун бугыг хууль бусаар агнавал экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалан төлүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Монгол Улсын ЗГ-ын тогтоолоор халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээг эр 6.6 сая, эм 7.5 сая төгрөгөөр тогтоосон.

Мөн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн хэсгийн Экологийн асуудал хариуцсан алба хаагч 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Бат-Өлзий сумын Өвт 5-р багийн иргэн “Г” өөрийн эзэмшлийн хашаандаа 58 ширхэг бугын эвэр хадгалж байсаныг шалгаж байна.

Манай орны хувьд халиун буга устаж байгаа зэрэглэлд багтдаг.

Зэрлэг амьтдаа хайрлан хамгаалъя
Экологийн цагдаагийн алба

Эх сурвалж: www.mnb.mn

Холбоотой мэдээ