Ц.Төвшинтөгс: Ханийн минь дагзыг мохоо үзүүртэй зүйлээр гэмтээж, амьсгалын замыг нь гадны биетээр бөглөсөн гэсэн байна лээ

2020-04-06 101

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нас барсан байдалтай өөрийнхөө машинаас олдсон хэрэг гарсан. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө, тус аймгийн удирдлагууд төр захиргааны байранд архидан согтуурч, улмаар 30 настай бүсгүй учир битүүлгээр хорвоог орхисон юм. Энэхүү хэрэг гараад хоёр сар орчим болж байгаа бөгөөд өнгөрсөн сарын 20-нд шинжилгээний хариу гарчээ. Талийгаачийн ар гэрийнхэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хариутай энэ сарын 2-нд танилцсан байна.

Энэ талаар талийгаачийн нөхөр Ц.Түвшинтөгсөөс тодруулахад “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн өгсөн хариутай манай хадам ээж танилцсан. Гурван төрлийн дүгнэлт гарсан байсан. Нэгдүгээрт, талийгаачийн дагзны зүүн хэсгийн хуйхны дотор талд цус хуралт үүссэн. Энэ гэмтэл мохоо зүйлээр үүсгэгдэнэ гэсэн байна лээ. Хоёрдугаарт, амьсгалын зам гадны биетээр бөглөрөх хэлбэрээр амьсгалын бүтэлт болсон гэсэн байсан. Гуравдугаарт, үхлийн шалтгааныг амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан гэсэн. Гэхдээ нас барах гол шалтгаан нь механикаар амьсгал дутагдаж, бөглөрөл үүссэний улмаас гэж бичсэн байна лээ. Үүнийг бид хүлээн зөвшөөрөөгүй учраас гомдол гаргасан байгаа.  Хэрэгт холбогдуулан одоогийн байдлаар нэг ч хүнийг цагдан хориогүй. Харин гэрч болгож хэд хэдэн хүнээс байцаалт авсан. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга болон түүний нарийн бичиг, талийгаачийг машинд хүргэж үйлчилсэн залуу, талийгаачийн ажлын газрын эмэгтэй нараас мэдүүлэг авсан гэсэн” хэмээв.

Эх сурвалж: npost.mn

Холбоотой мэдээ