Ухань хотод Коронавирустай тулалдсан “ӨВӨР МОНГОЛ” бүсгүй Ч.Цолмонтуяа

2020-04-06 104

2020 оны хоёрдугаар сарын 4. БНХАУ, Хубэй муж Ухань хот. Түм түжгэнэн, бум бужигнадаг байсан тус хотод энэ үед гудамжаар хүн битгий хэл амьтан ч ховор үзэгдэх аж. Гадаах орчин орхигдсон хотыг санагдуулах ч гагцхүү эмнэлгүүдэд амьдрал “буцалж” байлаа. Цагаан нөмрөг өмссөн “баатрууд” цаг зайгүй хөдөлмөрлөж, хоол идэх, хувцсаа солих, унтах ч завгүй өөрийгөө умартан өвчтөнүүдийн төлөө зүтгэнэ. “Дайны фронтод” үхэлтэй тулалдан энх цагийг наашлуулсан тэдгээр “баатруудын” нэг бол Өвөр Монголын Өөртөө засах орны Ордос хотын сувилагч бүсгүй Ч.Цолмонтуяа. “Би бол Монгол үндэстэн, Монгол хүн” хэмээн инээмсэглэн ярих эгэл жирийн энэ бүсгүй Ухань хот руу өөрийн хүсэлтээр явж, халдварын голомтод 50 гаруй хоног ажиллажээ. Бид түүнтэй ярилцан аюулт тахлын “ид” үед хэрхэн ажиллаж, хэрхэн тэмцсэн түүхийг хуваалцахын сацуу ажил амьдралынх нь сонин сайхангаас хуучиллаа.

СОНСОХ:

-АНХ ОЧИХОД ТӨСӨӨЛЖ БАЙСНААС ӨӨР БАЙДАЛ НАМАЙГ УГТСАН-

-Сайн байна уу. Юуны өмнө танд Монголын ард түмний өмнөөс баяр хүргэе. Та Ухань хотод хэзээ очсон бэ. Ажлаас тань явах үүрэг өгөв үү, өөрийнхөө хүсэлтээр явсан уу.

-Сайн байна уу. Монголын ард түмэн надад ерөөлийн үгсээр урам зориг хайрлаж байгаад үнэхээр баяртай байна. Би 2020 оны хоёрдугаар сарын 4-ны өдөр Ухань хотод очсон. Анх өвчин гарсан талаар сонсоод эмнэлгийн удирдлагадаа хүсэлт гарган, өөрийн санаачлагаар явсан юм. Хоёрдугаар сарын 4-өөс хойш 44 хоног Уханьд ажиллан Өвөрмонголд ирээд 14 хоног өөрийгөө тусгаарласан. Нийтдээ 58 хоног гэрээсээ хол ажиллаад ирлээ.

-Хэр барагтаа хүн халдварын голомт болсон хот руу зүглэхгүй байсан байх. Яагаад Ухань хотод ажиллах шийдвэрийг гаргасан бэ?

-Өдөр болгон зурагтаар тэдэн хүн нас барлаа, халдвар авсан хүний тоо тэдээр нэмэгдлээ гээд л дуулдах болсон. Бид ч их айж, эмээж байлаа. Би Өвөр Монголын Эмнэлгийн их сургуульд сувилагчийн мэргэжлээр сурч, одоо ажиллаж байна. Нэгэнт сувилагчийн мэргэжлийг эзэмшин, ажиллаж байгаа болохоор үүргээ ухамсарлан зовж, зүдэрсэн хүмүүст туслах хэрэгтэй гэж бодоод удирдлагадаа хүсэлт гаргасан юм. “Хүсэлтийг маань хүлээн авлаа” гэсэн хариу өгөхөд маш их сандарч, эмээж байсан. Гэхдээ зовж зүдэрсэн хүмүүст бага ч гэсэн тусалъя, хүчээ нэмэрлэе гэж бодон өөрийгөө зоригжуулж Ухань руу явахаар бат шийдсэн юм.

-Уханийн аль эмнэлэгт очиж ажилласан бэ. Анх очиход байдал хэр байв. Төсөөлж байснаас тань өөр байв уу?

-Би Ухань хотын Жан-хань тойргийн “Пансан” эмнэлэгт ажилласан. Халдвар голомтлон тархсан учраас энэ эмнэлгийг шинээр байгуулсан юм. Манай эмнэлэг нийт 1800 гаруй ортой. Гэхдээ өдөр болгон л шинээр өвчтөнүүд ирж байлаа. Анх очиход төсөөлж байснаас өөр байдал намайг угтсан. Маш олон хүн гэр бүлээрээ, эсвэл ганцаараа халдвар аван эмчлүүлж байсан. Гэр бүлийн хүмүүсийн зарим нь хүнд өвчтөний тасагт, зарим нь хөнгөн өвчтөний тасагт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа тул хоорондоо уулзаж ч чадахгүй байгааг харах үнэхээр хэцүү байсан.

-ЯДРАХ ЗАВГҮЙ, ЯДАРСНАА МЭДРЭХ ЧӨЛӨӨГҮЙ Л АЖИЛЛАДАГ БАЙСАН-

-Өдрийн хэдэн цагийг ажиллаж өнгөрөөдөг байв. Ажлынхаа нэг өдрийн талаар бидэнтэй хуваалцаач?

-Анх очиход олон газраас эмч, сувилагчид ирсэн байсан. Өвөрмонголоос гэхэд 80 гаруй эмч ажилчид тэнд ажилласан. Ажлын нэг өдөр маань өвчтөнүүдэд эм өгөхөөс эхэлдэг. Өдрийн болон шөнийн ээлж гээд хоёр ээлжээр ажилладаг. Нэг ээлжиндээ зургаагаас найман цаг ажиллана. Ажилдаа орохоос өмнө хувцас, хамгаалалтаа бэлдэхэд хоёр цагийг зарцуулдаг байсан. Мөн өвчтөнүүдтэй ажилласны дараа халдваргүйжүүлэлт, ариутгалд хоёр цаг зарцуулна. Өвчтөнүүдэд эм өгнө, хоол ундыг нь хамжилцан, сэтгэл санааг нь тайтгаруулж, дэмжиж өгнө.

-Хэр ачаалалтай ажилладаг байв. Өглөөнөөс шөнө болтол ажиллахдаа “Яах гэж ирэв дээ” гээд харамсах үе байсан уу?

-Мэдээж маш их ачаалалтай ажилладаг. Тэр ачааллыг биеэрээ мэдэрч, өвчтөнүүдтэй хамт л зовж байлаа. Ядрахын хувьд ядрах завгүй, ядарснаа мэдрэх чөлөөгүй л ажилладаг байсан. Гэхдээ ядрах гэхээс илүү яавал энэ өвчнийг эдгээж, дарах бол гэж л их боддог байсан. Хамт олон, мэргэжил нэгтнүүдийнхээ хамтаар ажил маань бүтэмжтэй, урагштай байсан. Хүмүүс эдгэхийг харах үнэхээр сайхан байдаг. Харамсах үе бол байсаан. Гэхдээ нэгэнт би энэ мэргэжлийг сонгосон бас өөрөө шийдвэр гаргаад ирсэн болохоор “олон хүнд тусална, би чадна” гээд өөрийгөө зоригжуулдаг байсан.

-Өвчтөнүүдэд ямар эмчилгээг хийж байсан бэ?

-Эмч нарын заавраар евро эмүүдийг өвчтөнүүдэд өгдөг байсан. Өвчтөний дархлааг дэмжих талаас нь илүүтэй анхаардаг. Өвчтөнүүдэд эм өгөхөөс гадна сэтгэл санаагаар дэмжих нь их үр дүнтэй. “Та эдгэж чадна”, “Гэр бүлийнхэн тань хүлээж байгаа”. “Бие тань дээрдэж байна. Удахгүй эмнэлгээс гарна” гээд л сэтгэл санааг нь дэмжин дасгал, хөдөлгөөн хийхийг уриалдаг. Үүний ачаар олон ч хүн эдгэсэн.

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БУЙГ
ДУУЛААД ТЭНД БАЙСАН ӨВӨР МОНГОЛ, ХЯТАД ХҮМҮҮС БҮГД БАЯРЛАЖ,
УРАМ ЗОРИГ ОРЖ БАЙЛАА-

-Энгийн иргэдээс гадна эмнэлгийн эмч, ажилтнууд халдвар авч, нас барах тохиолдлууд байсан шүү дээ. Энэ талаар сонсоод айдас төрсөн үү. Та өөрийгөө хэрхэн хамгаалсан бэ?

-Мэргэжил нэгтнүүдийгээ нас барсныг сонсоод их л сэтгэл өвддөг байлаа. Би аль болох л сэтгэл гонсойлгосон мэдээнээс хол байхыг хичээж, тайван байхыг эрмэлздэг байсан юм. Уханьд анх очиход эмнэлгийн ажилтнууд өөрийгөө хамгаалах арвин туршлагатай байсан. Хамгаалалтын хувцас, бээлий, нүдний шилээр өөрийгөө маш сайн хамгаалдаг. Ажилдаа явахаас урьд хоёр цаг хамгаалалтын хувцсаа бэлдэн, ажиллаж дууссаны дараа мөн хоёр цаг халдваргүйжүүлэлтэд ордог. Нөгөө талаар сэтгэл санаагаа тайван байлгаж, дархлаагаа дэмжихийг хичээдэг байсан нь маш сайн хамгаалалт болсон болов уу.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Хятад очин 30 мянган хониор тусламж үзүүлэхээ мэдэгдсэн шүү дээ. Тэр талаар та ажиллаж байхдаа сонссон уу?

-Сонссоон. Энэ мэдээг дуулаад маш их баярлаж сэтгэл өндөр байсан. Бас их урам зориг орсон. Тэнд ажиллаж байсан Өвөр Монгол, Хятад бүх хүмүүс баярлаж хүлээн авсан.

-Ухань руу явна гэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ. Би байсан бол хайртай хүнээ халдварын голомт руу явуулахыг хүсэхгүй байсан байх?

-Ээж маань их уйлсан. “Миний охин буцаж ирэх ч болов уу, ирэхгүй бол яах юм” гээд л сэтгэл их зовж байсан. Гэхдээ дараа нь зоригоо чангалаад “Миний охин чадна, амжилттай ажиллаад ирээрэй” гээд л урмын үг хэлж, их итгэл хайрласан. Хадам аав ээж маань эхэндээ уурласан. “Чи үр хүүхдээ боддог хүн үү, өвчин рүү тэмүүлээд байх юм” гээд уурлаж байсан. Дараа нь Уханьд очоод хоёр хоносны дараа “Танай хүүг сайн харж байгаа. Санаа зовох зүйлгүй ажлаа сайн хийгээд, гавшгайлаад ирээрэй миний хүү” гээд дэмжсэн. Нөхөр маань эмч мэргэжилтэй. Бид хоёр ажил нэгтэй хүмүүс. Намайг явна гэхэд “Нэгэнт сувилагч мэргэжлийг сонгосон болохоор хичээгээд сайн ажиллаад ирээрэй” гээд дэмжсэн.

-Ухань очоод гэр бүлийнхэнтэйгээ хэр холбоотой байв?

-Ажлын маань цаг заримдаа шөнө, заримдаа өдөр байдаг. Гэхдээ цаг гарангуут гэрийнхэнтэйгээ ярьж охин нь ажлаа сайн хийж байгаа гээд санааг нь амраахыг хичээдэг байлаа.

-ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ГЭР БҮЛЭЭРЭЭ ЭРҮҮЛ, САРУУЛ БАЙХ ГЭДГИЙГ
ОЙЛГОСОН, БИЕЭРЭЭ МЭДЭРСЭН-

-58 хоног бол маш их урт хугацаа шүү дээ. 58 хоног гэрээсээ хол өөрийгөө сорихдоо юуг хамгийн сайн ойлгож авсан бэ?

-Хамгийн чухал зүйл бол гэр бүлээрээ эрүүл, саруул байх гэдгийг ойлгосон, биеэрээ мэдэрсэн. Гэр бүлээрээ өвчилсөн, уулзаж чадагүй байгаа хүмүүсийг хараад их өрөвдөж, сэтгэл зовдог байлаа. Заримдаа гэр бүлээрээ хамт байсан бол ямар сайхан бэ? гэж бодоод нулимс дуслуулах үе ч бий. Бас хүүхдээ маш их санасан. Эх хүн үрийнхээ төлөө амьдардаг гэдгийг тэр үед л ойлгох шиг болсон. Хүү маань таван настай. Би өвдөж болохгүй, бууж өгч болохгүй. Учир нь хүүхэд маань, гэр бүл маань намайг хүлээж байгаа, миний төлөө залбирч байгаа гэж бодохоор маш их урам зориг, хүчийг авдаг байсан.

-Уханиас гэр рүүгээ харих замд тань юу бодогдож байв. Өөрөөрөө бахархсан байх?

-Бахархсан, бас өөртөө илүү итгэлтэй болсон. Хүнд хэцүү цагт ажлын байраа сольж, өөрийгөө сорьж чадсандаа маш ихээр баярласан. Мэргэжлээрээ бахархаж, цаашид илүү хичээн, чармайх болно гэж бодсон. Бас ажил мэргэжилдээ үнэнчээр зүтгэхээ өөртөө амласан.

-БНХАУ-д одоо коронавирусийн халдвар намжиж хүнд үеийг ардаа орхилоо шүү дээ. Та халдварын голомтод өөрийн биеэр ажилласан. Таныхаар Хятад улс халдварыг даван туулахад юу хамгийн ихээр нөлөөлсөн гэж бодож байна?

-Хамтын хүч. Эмч, сувилагч, өвчтөнүүд, тэдний ар гэр нэгэн сэтгэлээр хамтран, хамжилцаж, бие биесээ зоригжуулж, хамт тэмцсэн. Үүнээс ямарваа үндэстэн гэсэн ялгаагүй. Хамтран нэгдвэл юуг ч хийж чадна гэдгийг ойлгосон.

-ҮРГЭЛЖ СЭТГЭЛД УЯАТАЙ БАЙДАГ МОНГОЛООРОО АЯЛАХЫГ МӨРӨӨДДӨГ-

-Таныг нутагтаа очиход хадаг барьж, сүү өргөн угтсан шүү дээ. Тэр бичлэг их олон хүнд хүрсэн. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байв?

-Уханиас ирэхэд нутгийн олон маань их сайхан угтсан. Бас ажлынхан маань сайхан хүлээж авсан. Бид Монгол үндэстэн шүү дээ. Монгол ёсоор угтан авахад сэтгэл их хөдөлж, нулимс унагаж орхисон. Амьдралын маань хэзээ мартагдашгүй өдрүүдийн нэг тэр өдөр байсан.

-Монголчууд таны бичлэгийг үзээд баатар мэт хүлээн авч, бахархаж байлаа. Та урьд нь Ар Монголд ирж байв уу?

-Үгүй ээ. Гэхдээ үргэлж сэтгэлд уяатай байдаг юм. Монголоороо аялахыг мөрөөддөг. Ээж аав маань бас байнга л очих юмсан гэж ярина. Энэ жил цаг сайхан байвал гэр бүлийнхэнтэйгээ Монголыг тойрон аялж байгалийн сайхныг харна гэж бодож байгаа. Тэр хүсэл маань биелэх байх аа.

-Монголд одоогоор коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдээд байна. Та халдварын голомтод ажиллаж байсан хүний хувиар бидэнд юу гэж зөвлөх вэ?

-Тэр талаар сонсоод санаа зовж байлаа. Та нартаа зөвлөхөд юуны түрүүнд амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Олон нийтийн газраар явахдаа байнга зүүж хэвших хэрэгтэй. Дараа нь гарын ариун цэврийг сайн сахих, гараа тогтмол угааж байх, өрөө тасалгаандаа агаар тогтмол оруулах, мөн олны газраар явахгүй байхыг зөвлөе. Энгийн мэт сонсогдох ч эдгээрийг сайтар баримталбал аюулт халдвараас хол байж чадна. Бас дархлаагаа дэмжих, сэтгэл санаагаа тайван байлгах нь хамгийн чухал юм шүү.

-Баярлалаа. Харин одоо сувилагч хүний хувьд биш. Цолмонтуяа гэдэг хүний хувьд бидэнд хандан юу гэж хэлмээр байна?

-Монголын ард түмэн маань эрүүл байгаасай. Гэр бүлээрээ, айл гэрээрээ аз жаргалтай энх байгаарай. Дунд улсын Өвөр Монголд амьдарч буй эгэл жирийн нэгэн бүсгүй та бүхэнд чин сэтгэлээсээ аз жаргал хүсье. Өдөр бүр, эрүүл энх тайван амгалан байхыг хүсэн ерөөе. Бид хэдий өөр өөр газар нутагт амьдарч, аж төрж буй ч нэг үндэстэй хүмүүс юм шүү. Ар Монголын ахан дүүст үгийг маань сонсгож байгаа танай хамт олонд баярлалаа.

Хэрэв танд дэлхий нийтийг цочроож буй коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод халдварын оргил үеэр очих боломж гарвал очих байсан уу? Эсвэл гэр бүлийн гишүүн, хайртай хэн нэгэн тань тэнд очно гэвэл яаж хүлээж авах байсан бол? Энэ асуултыг өөртөө тавихад Ч. Цолмонтуяа шиг зоригтой шийдвэр гаргах хүн ховор биз ээ. Хэдий өөр газар нутагт амьдарч, аж төрдөг ч бид нэг үндэстэй Монгол хүмүүс. Өөрийнхөө төлөө аль эсвэл гэр бүлийнхээ ч төлөө бус өрөөлийн төлөө энэ эгэл жирийн энэ бүсгүйн “дайны фронтод” хэрхэн тулалдсаныг сонсоод өөрийн эрхгүй бахархаж байлаа. Монголчууд таниар бахархаж байна…

Эх сурвалж: isee.mn

Холбоотой мэдээ