САЙН ЛОМБАРДЫГ ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛСЭН БАЙНА

2020-04-05 148

Өнгөрөгч долоо хоногийн Даваа гарагт буюу гуравдугаар сарын 30-ны өдрийн 15.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах Цахлайн тойргийн “Сайн ломбард”-ыг хоёр этгээд дээрэмдсэн талаар бид  өмнө нь мэдээлсэн билээ.

 

Хэрэг гарах үеэр тус ломбардыг дээрэмдсэн хоёр этгээд нүүрээ нуун баг өмсөж, тус газрын ажилчдыг айлган сүрдүүлж /хүлсэн байж болзошгүй/, мөн тус үйл явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн талаар эх сурвалжууд бидэнд мэдээлж байсан юм.

Тэгвэл баг өмсөж “Сайн ломбард”-ыг дээрэмдсэн этгээдүүдийг хэрэг гарснаас дөрөв хоногийн дараа Цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна. Учир нь хэрэг гарах үеэр дээрх хоёр этгээд нүүрээ нууж баг өмссөн байсан нь, сэжигтнүүдийг богино хугацаанд илрүүлэхэд хүндрэл гарсан талаар албан бус эх сурвалж мэдээлж байна.

Тус дээрмийн хэргийг тодорхой эрхэлсэн ажилгүй 35 настай Э, 34 настай Д, 31 настай М нар бүлэглэн үгсэн тохиролцож, урьдаас төлөвлөж үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тэд “Сайн ломбард”-иас 10 гаруй сая төгрөг, мөн их хэмжээний үнэт эдлэл дээрэмдээд зугтсан байжээ.

Уг этгээдүүд нь урд нь хулгай, дээрмийн гэмт хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлж байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ