Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорихоор болжээ

2020-03-27 106

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм.  Уг хэргээр түүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас хоёр удаа шүүхэд хүргүүлж байсан ч шүүхээс цагдан хорих шаардлагагүй гэж үзсээр ирсэн.

Тэгвэл прокурорын байгууллагаас гурав дахь удаагаа шүүхэд хорих санал хүргүүлсэн бөгөөд цагдан хорих шүүх хурал өнөөдөр /2020.03.27/  болж Х.Бат-Ялалтыг 30 хоног цагдан хорихоор болжээ.

Энэ талаар  “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын зохион байгуулагч С.Чинзориг  2016 онд мэдээлэл хийх үеэр “Сэтгүүлч Т.Алтаншагайд нэргүй илгээмжээр бичлэг ирсэн. Энэхүү бичлэгийг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан ярилцаад Л.Эрдэнэчимэг гишүүн ёс зүйгүй үйлдэл гаргасан байна. Хууль баталдаг төрийн түшээ буруу үлгэр жишээ үзүүлсэнд харамсч, энэ мэдээллийг ард иргэдэд үнэн бодитой хүргэе гэж шийдсэн. Л.Эрдэнэчимэг гишүүн Тамхины хяналтын тухай хууль санаачилж, батлуулчихаад түүнийгээ өөрөө хэрэгжүүлэхгүй байгаад манай ТББ-ынхан шүүмжлэлтэй хандаж, тус бичлэгийг олонд хүргэхээр шийдсэн.

Мөн гишүүн асан Л.Эрдэнэчимэг зээлсэн 50 сая төгрөгөө авахгүй гээд байсан. Гэтэл дөнгөж саяхан Х.Бат-Ялалтад зээлсэн 50 сая төгрөгөө эргүүлж авахыг хүссэн зурвас Л.Эрдэнэчимэг гишүүнээс ирсэн. Бат-Ялалт тэргүүнийг Эрдэнэчимэг гишүүнээс 50 сая төгрөг шантаажилж авсан гэж олон хүмүүс бодож байна. Гэтэл тийм юм байхгүй. Бат-Ялалт тэргүүн өнгөрсөн 10 жилийн турш хэн нэгэнд худалдагдаж үзээгүй, хуульч хүн. Нотолгоо баримттай зүйлийг дэлгэсэн нь түүний буруу биш” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Э.БУРАМ

Холбоотой мэдээ