БНСУ-д суралцдаг оюутнуудын ТАСАЛБАРЫГ МИАТ цуцалж эхэлжээ

2020-03-26 147

Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавируст халдвар тархсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай арга хэмжээнүүдийг шат дараалан авч байна. Улмаар халдвар тархсанаас хойших хугацаанд Улсын Онцгой Комисс 13 удаа хуралдаад байгаа ба гаднын улс орнуудаас иргэдээ татан авч ирэх ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл халдвар анхлан гарсан улс орнуудад нөхцөл байдал дээрдэж, БНСУ сургууль цэцэрлэгээ нээж байгаатай холбоотойгоор тус улсаас ирсэн оюутнууд буцаж эхэлжээ. Гэвч эдгээр оюутнуудын захиалсан нислэгийн тасалбаруудыг МИАТ-аас цуцалж эхэлсэнтэй холбоотойгоор 700 орчим оюутан БНСУ-руу зорчиж чадахгүй, улмаар оюутнуудын тэтгэлэг цуцлагдах, виз хүчингүй болох зэрэг нөхцөл байдал үүсээд байна.

БНСУ-д их, дээд сургуульд суралцдаг оюутнууд манай редакцаар дамжуулан Гадаад харилцааны яам болон Улсын Онцгой комисст хандан ярилцлага өглөө. 

Оюутнууд ярихдаа “Бид нар БНСУ руу очиж чадахгүй энд удах тусам маш олон эрсдэл үүсэж байна. Хамгийн гол нь тэтгэлгээр сурдаг оюутнуудын тэтгэлэг эхнээсээ цуцлагдаж эхэлсэн. Хичээл ороод эхэлчихсэн байгаа. Гурван удаа хичээл тасалбал, сургуулиас хөөх, жилийн чөлөө олгоно гэж сургуулиудаас мэдэгдэл явуулж байгаа.

Гэтэл бид нар эндээс явж чадахгүй байна. БНСУ-аас ирэхдээ хоёр талын буцах тасалбартай ирсэн. Гэтэл МИАТ-аас тасалбараа захиалах гэхээр таны суудал хүлээлгэд шилжсэн, баталгаажихаар эргэн холбогдоно гэсэн хариу өгч байсан. Өнгөрсөн шөнөөс эхлээд таны тасалбар цуцлагдсан, бүх тасалбар дууссан гэдэг хариу өгч байна.

Оюутнуудад ийм эрсдэл үүсэхээс өмнө Гадаад харилцааны яам болон Онцгой байдлын газраас хамгийн түрүүнд явуулах хүмүүсийг оюутнууд гээд 600-900 оюутны нэрсийг МИАТ-д хүлээлгээд өгчихсөн. Харин МИАТ болохоор бид нарт нэрс хамаагүй, билетээ бичдэгээрээ бичнэ гэдэг хариу өгсөн. БНСУ-д сурдаг оюутнууд Гадаад харилцааны яаманд өргөдөл өгч байж, МИАТ хоёр нислэг гаргах болсон. Гэтэл энэ хоёр нислэгт 150 оюутан багтсан бол их юм. Оюутнууд цаанаасаа ирэхдээ хоёр талын билетээ монгол мөнгөөр 600 мянган төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл өнөөдөр бид нарын билетийг цуцлаад эндээс дахиад шинээр худалдаж авахаар 890 мянган төгрөгөөр захиж байгаа. Эндээс харахад МИАТ зөвхөн ашгийн төлөө ажиллаж байна гэж харж байна. Билет цуцаллаа гэхээр нь тэр тасалбараа орхиод шинээр авъя гэхээр өдөртөө 100 удаа залгаж байж МИАТ-тай холбогдож байна. “Эйр маркет”-аар билетээ зарж байгаа гэж хариу өгсөн. Гэтэл “Эйр маркет” болохоор МИАТ сүлжээгээ нээж өгөхгүй байгаа, өөрсдөө билетээ худалдана гэдэг хариу өгч байгаа. БНСУ-ын талаас танайх хилээ хаасан, манайх хаагаагүй гэдэг хариу өгөөд амжиж ирэх эсэх нь та нарын асуудал гэж байна. Эндээс оюутнуудад гаргаж өгсөн хоёр онгоцонд нийт 500 хүн багтах ёстой” гэлээ.

Ингээд оюутнуудын зүгээс Улсын Онцгой комисс болон Гадаад харилцааны яаманд дараах шаардлагуудыг хүргүүллээ.

-Оюутнуудыг эхний ээлжид явуулах

-Дээрх хоёр онгоцонд тасалбар авсан иргэдийг 900 оюутны жагсаалтад орсон эсэхийг шалгуулах

Холбоотой мэдээ