Ерөнхийлөгч өө, эдийн засгаа хамгаалах гээд байна уу, эрх мэдлээ “хураах” гээд байна уу

2020-03-26 128

Монголын байтугай дэлхийн түүхэнд нэн сонирхолтой нэгэн улс төрийн үйл явц манайд удахгүй өрнөх бололтой. Ерөнхийлөгчийн өчигдөр гаргасан уриалга биднийг ч ёстой сайхан “хагалж” орхилоо. Угийн мундаг улстөрч ард түмэн чинь зөв, буруу гээд л дээр,  дооргүй шаагалдаж сууна. Саяхан л “Монгол хүн тусахгүй за” гээд байсан нөхдүүд “сонгууль хийвэл бид үхнэ” болоод л явчихлаа. Коронавирусээс иргэдээ, эдийн засгаа хамгаалах гээд байгаа ч юм шиг, төрийг бүхэлд нь эрхшээх гээд байгаа ч юм шиг хоёр үзүүртэй уриалга дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн цаад санаа нь юу байв. Уриалгын агуулгыг товчилж харвал УИХ-ын сонгуулийг хойшлуулж 20.5 тэрбум төгрөг хэмнээд,  түүгээрээ эдийн засгаа “эмчлэх”. 

Уриалга, саналыг хэн ч гаргаж болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн өчигдрийн уриалгад “Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Дашрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм. Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн” гэсэн байгаа нь хэрүүл, хар хоёрыг зэрэг зэрэг дагуулах шалтаг боллоо.

Онцгой байдал тохиож буй энэ тогтворгүй үед Ерөнхийлөгч хөл хорионоос гарч ирээд,  Үндсэн хуулиас дээгүүр давж гишгэж байгаа нь ямар зорилготой юм бол. Арай ядан төлөвшүүлэх гэж нийтээрээ мунгинаж буй ардчилал, парламентын засаглалаасаа хэдэн зуун алхам ухрах санал гаргаж буй нь хачирхалтай.

Ерөнхийлөгчийг бүхний “хаан” болохыг хүсдэг гэж эргэн тойрныхон нь байтугай нийт монголчууд хардсаар ирсэн. Тэр ч энэ талаараа энд тэнд мэр сэр үг унагаж л явсан. Гэхдээ өчигдрийнх шиг ийм ил тодорхой хүслээ илчилж байсангүй. Үүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч маань “Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна” гээд дуусгах нь тэр.

Ер нь өчигдрийн уриалга үг үсэг, цэг таслал, утга найруулгын хувьд туйлын их хар төрүүлмээр  “зэвүүн” болж. Заавал төвлөрүүлнэ гээд байгаа ч юм уу, төвлөрүүлчихсэн шүү гээд байгаа ч юм уу. Хамгийн сүүлийг өгүүлбэрийг нь харвал энэ гурван газрын аль нь ч энэ хэргийг шийдэж болно гэсэн үг ч юм уу. Аль аль нь миний “гарт” байгаа шүү гэж аархаад ч байгаа хэрэг үү, бүү мэд.

Сонгуулийг хойшлууллаа гэж бодъё. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн дагуу бүрэн эрх нь дууссан чадамжгүй хэдэн үүрэг гүйцэтгэгчид, бүрэн эрх нь дууссан УИХ-ын гишүүдийн яг хэн нь эрх мэдлээ төвлөрүүлчихсэн таны өөдөөс хууль ярих вэ, Ерөнхийлөгч өө.

Хоёрдугаарт, Үндсэн хуулиар тогтоогдсон төрийн дэглэмийг Үндсэн хуулийн бус аргаар ингэж авч болдог хэрэг үү. Төрийн эргэлт хийгээд байгаа ч юм шиг энэ хачирхалтай үйлдлийн цаад нүүдэл юу вэ. Эсвэл тэр төвлөрсөн эрх мэдлээ хэнд өгөх гээд байгаагаа тодорхой хэлмээр байна. Өөртөө юм уу, өөр хүнд юм уу.

Гуравдугаарт, төсвийн тодотголыг хийж болно. 51 сумын соёлын төвийн барилгад зарцуулах гээд байгаа 184, хууль зүйн салбарын барилгын хөрөнгө оруулалт 51, Чингис хааны музейн барилгад 48.8, Байгалийн түүхийн музейн барилгад 26.9, Хан-Уул дүүрэгт барих Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт зэрэг сумдын оюутны дотуур байранд 6.0 тэрбум төгрөг гэх мэт онц шаардлагагүй барилга байгууламж, хөшөө дурсгал барих хөрөнгө оруулалтуудаа царцаагаачээ.

Сонгууль хойшлуулах Ерөнхийлөгчийн уриалгын гол зорилго нь төсөв хэмнэх. Гэвч энэ удаагийн УИХ-ын сонгуульд 20.5, орон нутгийн сонгуульд 16.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. Ерөнхийлөгч орон нутгийг биш УИХ-ын сонгуулийг л хойшлуулах саналтай байгаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийг заавал хойшлуулахгүйгээр зарим бүтээн байгуулалтынхаа зардлыг танахад л сонгууль хойшлуулаад хэмнэх гээд байгаа мөнгөө бид гаргаад ирнэ. Үнэхээр халдварт өвчний тархалтаас болоод ямар ч гарцгүй болсон тохиолдолд л сонгуулийг хойшлуулахаас биш өнөөдрийнх шиг ийм нөхцөлд Үндсэн хууль зөрчин байж сонгууль хойшлуулах асуудал ярих дэндүү эрт байна.

Иймээс л олон нийт таныг “чоно борооноор” гэгчээр төрийн удирдлагыг өвчнөөр далимдуулж гартаа төвлөрүүлэх нь гээд хардаад байгаа хэрэг. Энэ эсэргүүцэл, хардалт ирнэ гэдгийг Ерөнхийлөгч мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн зорилго сануулга байв уу, самралт байв уу. Ард түмний эв нэгдлийг хагалан бутаргаж, Үндсэн хуулийн эсрэг зүйл ярьснаараа Ерөнхийлөгч өөрөө л үүнийгээ тайлбарлах байх даа.

 

Эх сурвалж: Zaluu.com

Холбоотой мэдээ