“Өгзөг” Баярмаа: Миний цахим хуудас бол миний гэрэлтэй цонх

2020-03-26 222
  • Би үргэлж өөдрөг, үзэсгэлэнтэй зан чанартай нэгэн байгаагүй
  • Өөрийгөө бусдаас өөрөөр мэдэрдэггүй. Миний дотоод ертөнц, гадаад байдал хоёр тусдаа оршдоггүй, нэг шугамд байдаг болохоор бусдад өвөрмөц санагддаг байж магадгүй
  • Ээжийнхээ гэдсэнд байхад арьсных нь цаанаас шар гэрэл тусаж, эмч нар “хайч, хайч” гэж сандарч байсныг нь санадаг. Энэ бол миний эх дэлхийд мэндлэхээсээ өмнө мэдэрсэн анхны мэдрэмж
  • Хүмүүс зөвхөн идэх, өмсөхийн төлөө дургүй зүйлээ хйиж, дотоод хүнтэйгээ зөрчилдөж амьдрах юм бол өөрийгөө тэжээж, өл зогоохын тулд амь зуудаг амьтнаас ялгарахгүй болно

Цахим ертөнцөд “Өгзөг” Баярмаа нэрээр танигдсан фитнес тамирчин Б.Баярмаагийн дотоод ертөнц, үзэл бодлыг нь уншигчидтайгаа хуваалцъя. Амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлээрээ бусдаас ялгарч, үзэл бодлоо нээлттэй илэрхийлж, өөдрөг бүхнийг бусдад түгээхийг хичээдэг тэрбээр үүх түүх, өв соёлоо шүтэж, оюуны мөрөө үр хойчдоо үлдээхийг хүсдэг аж. Харин биеийн гоо үзэсгэлэнгээ харуулсан зургийг нь хүмүүс нүцгэн эмэгтэйн хөрөг бус гоо зүйн бүтээл гэж хараасай хэмээн тэр өгүүлсэн юм.

-Сайн байна уу, хүүхэд насны дурсамжаас нь яриагаа эхэлье. Багадаа том хүмүүсийн мэдэрдэг ихэнх мэдрэмжийг мэдэрдэг байсан төдийгүй тэдгээрийг одоо ч санадаг тухайгаа бичлэгтээ хэлж байсан нь олны анхаарлыг татаж, цахим орчинд багагүй шуугиан тарьсан байх аа? 

-Би төрөхөөсөө л ихэнх зүйлийг мэдэрдэг байсан. Мөн тухайн үед тохиолдож байсан зарим мэдрэмжээ одоо ч мартаагүй. Миний ээж намайг кесарево хагалгаагаар төрүүлсэн юм. Ээжийнхээ гэдсэнд байхад арьсных нь цаанаас шар гэрэл тусаж, эмч нар “хайч, хайч” гэж сандарч байсныг нь санадаг. Энэ бол миний эх дэлхийд мэндлэхээсээ өмнө мэдэрсэн анхны мэдрэмж. Ээж маань намайг тэвэрч цонхон дээр зогсоод гадаа хүүхдүүд дээс тоглохыг харж байсан дүр зураг мөн л сэтгэлд хадгалагдсан. Өлгийтэй байхдаа эмээдээ тэврүүлээд, бүүвэйн дуу сонсож байсан минь ч сайхан дурсамж болж үлдсэн. Би бүр энэ дэлхийд ирэхээс өмнөх үеэ хүртэл санадаг. Эдгээр дурсамж хэрхэн сэргэж, яагаад миний бодол санаанд буусныг сайн мэддэггүй юм. Ер нь сонин зүйлс надад маш их тохиолддог.

-Сонирхолтой юм. Ер нь таны яриа, амьдралын хэв маяг, үзэл бодол бусдаас өөр санагддаг. Ямар ч үед өөдрөг байдаг нь бичлэг, зургаас чинь анзаарагддаг. Яаж ийм өөртөө итгэлтэй, өөдрөг байдаг нь сонирхолтой санагдлаа? 

-Өөрийгөө бусдаас өөрөөр мэдэрдэггүй. Миний дотоод ертөнц, гадаад байдал тусдаа оршдоггүй, нэг шугамд байдаг болохоор бусдад өвөрмөц санагддаг байж магадгүй ээ. Таны хэлсэн өөдрөг, өөртөө итгэлтэй зан чанараа сүүлийн гурван жилийн хугацаанд олж нээсэн. Үүнд хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн бол миний нөхөр. Би нөхөртэйгөө зургаан жилийн өмнө танилцаж, хамт амьдраад дөрвөн жил болж байна. Нөхөр маань бүх зүйлд үнэн ханддаг. Энэ чанар нь надад маш их таалагдаж, өмнө нь байсан Баярмааг өөрчилсөн. Түүний хэлсэн нэг ч цэг, таслал худлаа байдаггүй. Тиймээс энэ үнэн оршлын өмнө би худлаа орших эрхгүй болсон л доо. Хайртай залуугийнхаа ямар гайхалтай хүн болохыг таних тусам өөрийнхөө дотор байгаа худал зүйлүүдийг зөнгөөрөө мэдэрдэг юм билээ. Яг энэ үеэс л үзэсгэлэнтэй зан чанаруудтайгаа танилцаж эхэлсэн. Өөрийгөө таньж эхэлмэгц надад маш олон худлаа зүйл байсныг ухаарсан. Эдгээрийг бага багаар өөрчилснөөр миний амьдралд олон эерэг зүйл бий болж, би үнэний үнэ цэнийг мэдэрч, аз жаргалтай нэгэн болсон. Гэхдээ амнаас гарч буй үг бүрийнхээ худлааг зассан ч миний дотор хүйтэн хөндий, халуун дулаан уур амьсгал дутагдсан хэвээр байлаа. Үүнийг өөрчлөхийн тулд дахиад л өөрийнхөө дотор хүн рүү өнгийсөн дөө. Гэтэл би бусдад худал ярьдаггүй ч өөрийн бодлыг хуурдаг нэгэн болж таарсан. Ийнхүү өөртөө ч, бусдад ч үнэн ханддаг болсон. Өөртөө үнэн байх амаргүй. Хамгийн энгийнээр тайлбарлахад, би 10 тоот дасгал хийх явцдаа дасгалын турш зөвхөн булчингийнхаа тухай бодно гэж өөртөө амласан гэж бодъё. Гэтэл нэг эгшинд л булчин биш төхөөрөмжийн талаар бодоход өөрийгөө хуурсан хэрэг болж хувирдаг. Үүнийгээ өөрчилж, үнэний мөн чанар, үнэ цэнийг ойлгосноор маш олон зүйл өөрчлөгдсөн. Үүнээс өмнө миний амьдралд багагүй саад учирч, харанхуй нүх олон байсан. Би үргэлж өөдрөг, үзэсгэлэнтэй зан чанартай нэгэн байгаагүй.

-Өөдрөг, өөртөө итгэлтэй Баярмааг бий болгохын тулд олон саадыг давсан гэлээ. Уналт, босолт бүхэн ухаарал, амжилт дагуулсан байх нь?

-16 нас хүртлээ ээж, аав, эмээ өвөөгийнхөө хайраар хашуулж, амьдралын мөн чанарыг танилгүй, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явсан. Иргэний үнэмлэх авсныхаа дараа өөрийгөө том хүн болчихсон, эрх чөлөөтэй нэгэн гэж ойлгож, хайртай хүмүүсийнхээ хорьдог бүхнийг хийж, амьдралаас олон янзын мэдрэмж авахыг хүссэн. Ийнхүү зовлон жаргал, саад бэрхшээлийн талаар ямар ч мэдэгдэхүүнгүй хүн амьдралд анх хөл тавьсан юм. Харанхуй руу нүдээ боогоод орсон хүн нүхэнд унах нь ойлгомжтой. Надад яг л ийм зүйл тохиолдсон. ЕБС-иа төгсөх жилээ өөрөөсөө зургаан насаар ах залуутай танилцаж, түүнийгээ бүх ертөнц гэж ойлгоод, хүүхэд насны гэгээн итгэл, сэтгэл бүхнээ зориулсан. 16 настайдаа аав, ээжээсээ өрх тусгаарлаж, айлын эхнэр болохоор шийдсэн нь алдаа байж таарсан л даа. Дөрвөн жилийн турш хамт байхдаа сүүлийн хоёр жил нь салах тухай бодсоор 20 настайдаа түүнээс холдсон. Гэхдээ тэр муу залуу болохоор бидний харилцаа төгссөн хэрэг биш. Би сайн эзэгтэй, сайхан бүсгүй байгаагүй учир хоёр тийшээ болсон гэвэл бас л өрөөсгөл. Зүгээр л бид хоёр тохирохгүй хүмүүс байсан юм билээ. Хэн хэн нь амьдрал, хосын харилцааны талаар мэдлэггүй байж гэж боддог. Ингээд хэсэг хугацааны дараа одоогийн нөхөртэйгөө танилцсан. Хайртай залуутайгаа учирч, аз жаргалтай амьдрахад өмнөх бүтэлгүй дурлал минь маш том сургамж болсон. Одоо биднийг үхэл л салгана. Магадгүй миний хамгийн том айдас нөхрөөсөө хагацах. Гэхдээ махан бие минь үгүй болсон ч мөнх сүнсээрээ бид хамт байна гэж итгэдэг.

-Дотоод ертөнц, гадаад байдал хоёр маань тусдаа оршдоггүй гэж хэллээ. Ихэнх хүн дотоод хүнээ анзаарах ч завгүй ажилладаг. Өөрийнхөө хүсээгүй зүйлийг хийж, нийгмийн шаардлагаар амьдардаг хүн ч цөөнгүй. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Хүмүүс зөвхөн идэх, өмсөхийн төлөө дургүй зүйлээ хийж, дотоод хүнтэйгээ зөрчилдөж амьдрах юм бол өөрийгөө тэжээж, өл зогоохын тулд амь зуудаг амьтнаас ялгарахгүй болно шүү дээ. Үр хойч маань биднийг дурсахдаа “миний өвөг эцэг өлсөхгүйн тулд л амьдарч, хоолны төлөө хөдөлмөрлөж, тухайн нийгэмдээ дарлуулж явсан нэгэн байсан” гэвэл харамсалтай биз дээ.

-Үлдэх үрдээ мөр төвшин, нэр төртэй дурсагдахыг эрхэмлэдэг болох нь таны ярианаас анзаарагдаж байна. Хойч үедээ сайнаар дурсагдаж, нийгмийн түүчээ болохыг тулд юу хийж, өөрийгөө хэрхэн боловсруулж байна вэ?

-Хүний хөлийн мөр, оюуны мөр хоёрын аль нь мөнх настай вэ гээд бодохоор мэдээж оюуны мөр өнө мөнх. Тиймээс оюун санаагаараа үр, хойчдоо түүчээ болохыг хичээдэг. Тиймээс бидний дотор орших мөнх настай сүнсэн бие, тархиа үргэлж мэдээллээр цэнэглэж, эргэн тойрондоо гэрэл түгээж, эгшин бүрт нэг шугаманд, үнэн байхыг хичээдэг. Мөнх настай сүнсэн бие гэсэн нь учиртай. Бидний дотор оршиж буй сүнсэн бие өмнө нь хаа нэгтээ оршиж байсан гэдэгт би 100 хувь итгэдэг. Энэ махан бие үгүй болсны дараа сүнс минь хаа нэгтээ оршино гэдэгт ч би итгэдэг.

-Өөрийгөө хөгжүүлж, оюун санаа, бие махбодоороо бэлэн болсон үедээ хүүхэдтэй болно гэж ярилцлагадаа дурдсан байсан. Хэзээ хүүхэдтэй болохоор төлөвлөж байна вэ?

-Эмэгтэй хүн хүссэн хүсээгүй ээж болно. Гэхдээ эхлээд өөрийгөө мэдлэг, мэдээллээр цэнэглэчхээд хүүхэдтэй болох хэрэгтэй гэж боддог. Учир нь цус мэдээлэл дамжуулдаг болохоор боловсорсон, ухамсар мэдлэгтэй оюуны минь мэдээллийг агуулж буй цусаар хүүхэд маань бүрэлдэх хэрэгтэй. Энэ нь хүүхдийнхээ төлөө хийх анхны хариуцлага юм. Өмнө нь би 35 нас хүртлээ хүүхэдтэй болохгүй гэж боддог байлаа. Гэхдээ одоо 30 хүрэхээсээ өмнө ээж болохоор төлөвлөж байна. Учир нь би өөрийнхөө мэдэхийг, танихыг хүссэн бүхнээ ойлгосон. Өөрөөр хэлбэл, бэлэн болсон хэрэг л дээ.

-Нүцгэн зургаа цахим орчинд нийтэлж, өдөр тутмын амьдралаа олон нийттэй хуваалцахыг нөхөр тань хэрхэн хүлээж авдаг вэ? 

-Эмэгтэй хүний бие галбир бол гоо үзэсгэлэн. Энэ гоо үзэсгэлэнг оюун ухаанаараа чимээд, зураг болгож, дэлгэж байгаа нь урлагийн бүтээл юм. Өөрөөр хэлбэл, цахим орчинд нийтэлж буй зургууд маань зүгээр нэг нүцгэн эмэгтэйн биеийн зураг биш, миний бүтээсэн гоо зүйн бүтээл. Би гадуур явахдаа, бусадтай уулзахдаа биеэ ил гаргасан хувцас өмсдөггүй. Үргэлж сул чөлөөтэй, биеийнхээ бүх хэсгийг далдалж хувцасладаг. Харин дэлгэцийн өмнө гоё ганган байж, надад урлагийн мэдрэмж, чадвар бий гэдгийг харуулахыг хичээдэг. Мөн хүмүүсийн нүдийг баясгаж, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг зорьдог. Харин энэ хүсэл сонирхлыг минь амьдралынхаа хором, мөч бүхнийг хамт өнгөрөөх хүн минь ойлгохгүй бол утгагүй. Тэр хүн миний үг, үйлдэл, үзэл бодол бүхнийг хайрлаж, намайг яг байгаагаар минь хүлээж авдаг.

-Хүмүүс таныг “Өгзөг Баярмаа” гэж дуудах нь олонтаа. Магадгүй энэ нэр таны имижийн нэг хэсэг болсон юм шиг санагддаг?

-Миний постуудаас олон хүнд хүрсэн нь өгзөгтэй холбоотой байсан болохоор хүмүүс намайг ингэж дуудах нь ойлгомжтой. Тийм болохоор надад энэ нэр сонин санагддаггүй. Хэн нэгэн намайг “Өгзөг” Баярмаа гэж дуудвал надад баярлах, гомдохын аль нь ч мэдрэгдэхгүй. Тэгээд ч хүмүүсийн надад дуртай байх эсэх нь тухайн хүний л сонголт. Тиймээс үүнд эмзэглэж, гоморхох нь утгагүй шүү дээ. 100 хүний 99 нь надад дургүй байх сонин биш. Харин би тэднийг бүгдийг нь хайрлахыг хүснэ.

-Та шүтлэгтэй юу?

-Би ямар ч шашин шүтдэггүй. Миний бодлоор шашин бол нийгмийн зөв зүг рүү чиглүүлэгч, зарим талаараа улс төрийн шинж чанартай зүйл. Тэгэхээр хэрэв би шашин шүтвэл өөрийн дотоод бодлоосоо өөр нэгэн болж, нийгмийг чиглүүлж буй зүйлд хамаарагддаг хүн болж хувирна. Харин миний шүтээн бол өвөг дээдэс, үүх түүх, үнэн байдал юм. Би энэ ертөнцөд аж төрж байна гэдэг нь миний өвөг дээдэс, үүх түүхээс улбаатай. Мөн одоо амьдарч буй эх дэлхийг минь бидэнд бүрэн бүтэн үлдээхийн тулд тэд халуун цусаа урсгасан шүү дээ. Тиймээс хүндлэх, хайрлах, шүтэх ёстой бүхэн ихэс дээдэс минь гэж боддог.

-Сүүлийн үед влог хийж, өдөр тутмын амьдралынхаа сонин сайхнаас хуваалцдаг болсон. Яагаад бичлэг хийх болсон юм бэ. Үүгээрээ дамжуулж бусдад юу хүргэхийг хүсдэг вэ?

-Би зураг авч, түүнийгээ уран бүтээл болгож хүмүүст хүргэхийг л хүсдэг байлаа. Тиймээс влог хийх тухай боддоггүй байсан. Гэтэл саяхан намайг цагдаа дуудаад “өсвөр насны хүүхдүүдэд садар самуун сурталчилж байна гэх гомдол ирсэн” гэсэн. Үүнээс хойш би өөрийнхөө мэдэрдэг гэрэл гэгээг бусдад түгээх хэрэгтэйгээ ойлгосон. Миний цахим хуудсыг дагадаг хүмүүсийн ихэнх нь Z үеийнхэн. Тиймээс тэдэнд итгэл найдвар, гэрэл гэгээ, урам зориг өгөхийг хүсдэг. Гэхдээ хүүхдүүдэд нүцгэн зургаа харуулж байгаа нь тэдэнд ямар үлгэр дуурайл болох юм бэ гэж зарим хүн бодож магадгүй. Залуучууд миний зургийг хараад “ямар хөөрхөн, гоё биетэй эгч вэ” гэж бодох нь тэдний дотор сайн сайхныг бий болгож байгаа хэрэг. Зураг бол ердөө л нүдэнд тусах зүйл шүү дээ. Тиймээс харагдах байдал, бодит ертөнц хоёрын ялгааг миний влогоос ойлгох байх. Эмэгтэй хүн харахад сайхан байж болох ч хүрэхэд оргил байх ёстойг ойлгуулахыг хүсдэг.

-Влог хийж, зургаа авч нийтлэхэд багагүй цаг ордог байх. Ер нь ямар ажил хийж, цаг заваа хэрхэн зохицуулж байна вэ?

-Мөнгө олж, хооллох, хувцаслах хэрэгцээгээ хангадаг ажил маань фитнесийн дасгалжуулагч. Гэхдээ хүмүүс намайг дасгалжуулагч, фитнесийн зөвлөгөө гэж хараасай гэж хүсдэггүй. Гоё биетэй, сайхан болохыг хүсвэл хаа сайгүй фитнес заал бий. Галбиржих тухай элдэв бичлэг цахим хуудсанд ч зөндөө байгаа. Харин миний ажил бол үнэн байдал, хязгааргүй сүнсний үнэ цэн, амин чанарыг бусдад түгээж, өөрөөсөө гэрэл, хайр цацруулах юм. Өөрөөр хэлбэл, миний цахим хуудас бол миний гэрэлтэй цонх.

Холбоотой мэдээ