Дахин 1 халдвар нэмэгдэж, Монгол дахь коронавирусын тохиолдол 11 боллоо

2020-03-26 106

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Гуравдугаар сарын 18-нд Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 221 хүнийг шинжилгээнд хамруулснаас коронавирусын халдвар авсан нэг иргэн бүртгэгдлээ. Монголд Ковид-19 халдвар авсан хүний тоо 11 боллоо. Бид Хамгийн ойрын хавьтлуудыг нэн яаралтай тогтоож, давтан шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлж байна. Тусгаарлагдсан хүмүүсийг халдвар бүртгэгдсэнээс хойш дахин 14 тусгаарлана, энэ журмаа хэрэгжүүлж ажиллана.

Ковид-19 халдвартай нэг иргэний эмчилгээнд хамгаалах хэрэгслийн өртгийг оруулаад өдөрт дунджаар 800 мянган төгрөг зарцуулж байна. Харин Ковид-19 халдварыг илрүүлэх PCR лабораторийн нарийн шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж байгаа юм.” гэлээ.

Я.Буянжаргал: “Улсын хэмжээнд 3500 хүнээс тусгаарлагдсанаас өнөөдөр 2126 иргэн ажиглалтад байна. Өнгөрсөн 24 цагийн дотор Дарханд 23 иргэн тусгаарлагдсанаас 2 нь Дарханы Халдвартын эмнэлэгт тусгаарлагдсан. Нэг нь Макао, Сингапур, Тайландаар яваад ирсэн, 37.5 халуунтай иргэнийг тусгаарласан. Халдвартай болон тусгаарлагдсан иргэдтэй мөн адил 309 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусгаарлагдан ажиллаж байна.” гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: “Дэлхийн 150 оронд коронавирусын халдварын 100-гаас цөөн тохиолдол бүртгэгдлээ. Эрүүл мэндийн ажилтныг сургаж бэлтгэх, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарах ажиглах байрыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг зургаан зөвлөмжийг ДЭМБ өгч байна. Нэг хүн дараагийн хүнийг халдварлуулах дундаж хугацаа 4.8 хоног байна. Дэлхийн 156 орон бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоолоо. 1.5 тэрбум хүүхэд сургууль завсардаж байна.” гэв.

Холбоотой мэдээ