С.Баяр Ерөнхий прокурорт гаргасан нээлттэй захидалдаа АНУ-д авсан гэх 7 хаусныхаа талаар дурьджээ

2020-03-23 178

С.Баяр Ерөнхий прокурорт гаргасан нээлттэй захидалдаа АНУ-д авсан гэх 7 хаусныхаа талаар дурьджээ.

…….. Миний гэх “хэргийг” танд товч сануулъя.“Ерөнхий сайд С.Баяр нь Оюу толгойн төслөөс авлига авсан”, “Энэ авлигаараа Америкт олон байшинтай болсон” гэх агуулгатай гүтгэлэг, цуурхал олон жил үргэлжилж, улмаар 2016 оны сонгуулийн өмнө сүрхий гаарсан. Тэдгээрийнх нь хариуд “Намайг мөрдөн шалгаж, үнэн мөнийг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг хууль хяналтын байгууллагад би гаргасан. Тэр хүсэлтийн маань дагуу мөрдөн шалгах ажил хийж, улмаар “эрүүгийн хэрэг үүсгэх үндэс, шалтгаан тогтоогдсонгүй” гэсэн хариу прокурорын байгууллагаас надад хүргүүлсэн байдаг. (Тэр хариу танай байгууллагын архивт бий).
Эрүүгийн хуулийн “Албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах” гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээх өөр ял тулгав. Яллагдагчаар татах прокурорын тогтоолд“Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц… Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ.Энэ бол ноцтой дүгнэлт. Ухаандаа намайг Ерөнхий сайд байхдаа Оюу толгойн төслийг далимдуулан, гадаад, дотоодын хоёр компанийн хооронд их хэмжээний үнийн дүн бүхий гэрээ байгуулахад албан тушаалаа урвуулан ашиглан нөлөөлж, хууль бус мөнгөн орлого олсон, тэр мөнгөө угаасан гэж яллаж байгаа аж. Энэ дүгнэлт нь ганц ч болов баримтаар нотлогдож байвал миний бие эрүүгийн хуулийн хамгийн хатуу цээрлэл хүлээхэд бэлэн. Энэ бол гарцаагүй. Үүнтэй би огт маргахгүй, заргалдахгүй, элдэв гомдол хүсэлт бичээд суухгүй.
Гэтэл намайг ялласан энэ дүгнэлт нь прокурор хянасан хэргийн материалд буй олон баримтаар бэлхнээ няцаагдаж байх юм. Жишээ нь, Петровис ХХК нь аль 2002 оноос эхлэн (намайг ОХУ-д элчин сайд байхад) Айвенхоу Майнз ХХК-д шатахуун нийлүүлж иржээ. Хамгийн гол нь, 2002-2009 онд болон үүнээс хойш энэ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний нөхцөл хэвээр хадгалагдаж, ямар нэгэн нөлөөний улмаас. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй нь ил тодорхой байна. Энэ талаар ямар нэгэн эргэлзээ, сэжиг байгаа бол илүү сайн шалгах, нягтлах ёстой баймаар.
Мөрдөн шалгах ажлын явцад ил тодорхой болсон эдгээр баримтыг үл тоосон байхаас гадна дээрх компаниудын ялангуяа Оюу толгой ХХК-ийн зохих албан тушаалтнуудаас гэрээ байгуулах, сунгах үеийн талаарх мэдүүлэг, тайлбар огт аваагүй, мөрдөн шалгах ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй атлаа намайг зохиомол энэ хэргээр яллан буруутгахдаа урьтал болгов. Миний гэх “асуудал” нь хуулийн биш, улс төрийн өнгө аястай асуудал болсны өөр нэг нотолгоо нь энэ юм.
Түүнчлэн дээр дурдсан үндэслэлээр Петровис ХХК- ийн хувь нийлүүлэгч, миний найз Ч.Даваанямын сүүлийн 10 гаруй жилд гадаад, дотоодод эрхэлж ирсэн бизнес, хийсэн банкны шилжүүлэг, худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр надтай ямар нэгэн аргаар заавал холбох гэж оролдон, яллан буруутгаж байна.
Тухайлбал, сүүлийн арваад жил дуулиан болгож буй “АНУ-д байгаа С.Баярын 7 хаус (үнэн хэрэгтээ 9 байр аж)” гэх асуудал байна. АТГ-ын албан хүсэлтээр АНУ-ын хууль хяналтын байгууллагаас ирүүлж, хавтаст хэрэгт хавсаргасан баримтаас үзвэл, миний найз Ч.Давааням, миний охин Б.Нандин, Б.Бадамханд нартай хамтран 2005 оноос эхлэн тус улсад үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж ирсэн байна.
Оюу толгойн гэрээг үзэглэх байтугай, намайг Ерөнхий сайд болохоос хэдэн жилийн өмнө бизнесийн энэ үйл ажиллагааг өрнүүлж, дээрх байрны ихэнхийг худалдан авч засварлах, түрээслэх, борлуулах ажлыг гүйцэтгэж байсан нь АНУ-аас ирүүлсэн баримтаар нотлогдож байна. Санхүүжилтийг нь Ч.Давааням гаргаж, миний охид түүнд туслангаа олсон ашгийн тодорхой хувь хүртдэг энэ бизнес нь намайг албан ажлаа хүлээлгэж өгсний дараа ч үргэлжилсээр байгаа нь эдгээр баримтаас бас тодорхой харагдаж байгаа болно. Гэтэл үүнийг “Оюу толгойн гэрээ байгуулах үед авсан байж болзошгүй авлигатай” холбох гэж оролдсоор байгаа нь мөнөөх л “улс төрийн өнгө аясыг” дахин сануулна. Эдлээгүй албан тушаалаа “урвуулан ашиглах”, аваагүй авлигын “мөнгө угаах” гэж байх уу?
Эцэст нь дурдахад, миний гэх “асуудал” нь хуулийн хүрээнээс хальж, улс төрийн асуудал болсоор удаж буй нь дараахь ажиллагаанаас харагдана. Надад үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын ажиллагааны явцад бүрдүүлж цуглуулсан элдэв баримтын үнэн, худлыг нягтлалгүйгээр хэвлэлд нийтлэх, хуулбарлан улстөрчдөд тараах, С.Баярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэмээн мэдэгдэх зэргээр ‘‘олон нийтийн жигшил төрүүлэх” ажиллагаа явуулсаар ирлээ. Ийм үйл ажиллагааг Монгол Улсын хуулиар хорьсон байдаг. Хууль ийнхүү зөрчигдөж байгаа талаар прокурорын байгууллагад би өөрөө болон миний өмгөөлөгч удаа дараа хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ авсангүй өнөөг хүрэв.
Хуучин цагт “Октябрийн баярын өмнө энэ объектыг ашиглалтад заавал өгнө” гэсээр хагас дутуу барьсан барилга ч гэлээ дуусгасан болгож рапортлох гэж хүчлэн шамдуулдаг байсныг та санаж байгаа биз. Шинэ цагг аливаа асуудлыг аливаа сонгуулийн өмнө шуугиулах, амжуулах гэж шуурхайлдаг болж.
Гэхдээ бодит үнэн энүүхэн зуур хүчгүйдээд, эвгүй замаар орлоо гэлээ ч, яллагдах өдөр байхад цагаатгагдах өдөр ирнэ, ялагдах өдөр байхад ялах өдөр ирнэ гэдэгт эргэлзэх юм надад алга.

Хүндэтгэн ёсолсон,
Монгол Улсын Ерөнхий сайд асан, иргэн С.БАЯР
2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Image may contain: 1 person, house, tree and outdoor

Холбоотой мэдээ