Коронавирусийн халдвар авах, дамжуулах өндөр эрсдэлтэй байгаа тул, АНУ-ын шоронгууд хоригдлуудаа суллаж эхэлжээ

2020-03-20 142

АНУ-ын шоронгууд коронавирусийн халдвар дэгдэхээс сэргийлэх үүднээс хоригдлуудаа суллаж эхэлжээ. Нью Йорк хотын шоронгууд халдварын эмзэг бүлэгт багтах хоригдлуудаа суллахаар болсныг хотын захирагч нь өчигдөр мэдэгдсэн байна. Хэд хоногийн өмнө Лос Анжелес, Кливланд хотуудад хэдэн зуун хоригдол ийм шалтгаанаар суллагдсан юм. Анагаах ухааны мэргэжилтнүүд шоронгийн хоригдлууд нь шинэ коронавирусийн халдвар авах, дамжуулах өндөр эрсдэлтэйг анхааруулж байгаа.

Өчигдрийн байдлаар АНУ даяар Covid-19 халдварын 9,400 гаруй тохиолдол бүртгэгдэж, 152 өвчтөн нас бараад байна. Дэлхий даяар энэ тоо 220,000 ба 8,800 гаруйд хүрээд байгаа юм. Нью Йорк хотын хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон суурь өвчтэй хоригдлуудыг суллах болсон байна. Захирагчийн шийдвэр гарахаас хэдхэн цагийн өмнө тус хотын Райкерс Айлэнд шоронгийн харгалзагч болон хоригдлоос коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээ таржээ. Уг шоронд Холливүүдийн алдартай продюсер, саяхан 23 жилийн хорих ял сонссон Харвэй Уэйнштэйн хоригдож байгаа юм.

68 настай түүнийг өөр шоронд шилжүүлэх болсныг албаныхан мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Лос Анжелес хотын шоронгуудаас нийт 600 хоригдлыг сулласан байна. Коронавирусийн тахал ганцхан АНУ-ын эрх баригчдыг ийм алхам хийлгээгүй юм. Иран улс өнөөдрийн байдлаар 85,000 хоригдлыг суллаад байгаагийн дотор улс төрийн хэрэгтнүүд багтаж байна. АНУ нь дэлхийд нэг хүн оногдох хоригдлын тоогоор тэргүүлдэг бөгөөд нийтдээ 2.3 сая хүн холбооны болон орон нутгийн шоронгуудад хоригддог.

 

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ