COVID-19-ИЙН СӨРӨГ НӨЛӨӨ МОНГОЛД ЗУРГАДУГААР САРД ХҮЧТЭЙ МЭДРЭГДЭНЭ

2020-03-18 435

Шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас Хятад улс төдийгүй дэлхий нийтийн аж үйлдвэрлэлийн логистик сүлжээнд доголдол үүсч, олон оронд Хятад улстай үйлдвэрлэл, худалдааны шууд хамааралтай аж үйлдвэрлэл доголдож, зогслоо. Гэхдээ коронавирус дэлхийн эдийн засагт нөлөөлөх хамгийн хүнд үетэй хараахан нүүр тулаагүй байна. Covid-19 вирус дэлхийн нийлүүлэлтийн хэлхээнд үзүүлэх нөлөөллийн оргил үе гуравдугаар сарын дунд үе хэмээн таамаглаж байна. Өнгөрсөн сард эхэлсэн Хятадын үйлдвэрүүдийн үйл ажиллагааны уналт ирэх саруудад ч үргэлжлэх төлөвтэй байна хэмээн HBR мэдээлжээ.

БНХАУ-ын гангийн аж үйлдвэрлэлийн салбарын PMI индексээс авч үзвэл, уг салбарын үзүүлэлт өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард 44.1 хувьд хүрч байсан бол 2020 оны хоёрдугаар сарын байдлаар эрс буурч, 36.6 хувьд хүрэв.

Мөн халдварт өвчний улмаас хил хаах, худалдааг хязгаарлах арга хэмжээ авсны улмаас Хятад улсын ган төмөрлөгийн экспорт эрс буурч, агуулах дахь гангийн үлдэгдэл ихээхэн нэмэгдсэн байна. Ийм нөхцөлд Хятадын зарим гангийн үйлдвэр ган хайлуулах зуухаа унтрааж, түр зогсолт хийж байгаа гэж мэдээлжээ. Үүнээс үзвэл тус улсын ган төмөрлөгийн үйлдвэрлэл сэргэж, хэвийн үйлдвэрлэлийн түвшинд хүртэл багагүй хугацаа буюу нэг улирал (4-6 дугаар саруудад аажмаар сэргэх магадлалтай) шаардагдах төлөвтэй байна.

Коронавирусийн улмаас Дэлхийн эдийн засгийн өсөлт нь 0.5 нэгж хувиар буурна гэж судлаачид үзжээ. 2008 онд тохиолдсон дэлхийн эдийн засгийн хямрал ойртож байгааг хамгийн оновчтой таамаглаж чадсан эдийн засагч Ноурель Рубини одоо үргэлжилж байгаа халдварын тархалт, үүний улмаас дэлхийн эдийн засагт учирч буй эрсдэл, уналттай холбогдуулан халдварын тархалт амар буурахгүй, багагүй цаг хугацаа шаардагдана. Хятадын эдийн засгийн өсөлт 2020 онд 2.5-4.0 хувь байж, төсвийн бодлогын арга хэрэгслийн үйлчлэл аажим нөлөөлж, удаан хугацааны дараа үр дүнд хүргэх тул дэлхийн эдийн засаг “V” хэлбэрээр хурдан сэргэхгүй, сэргэлт удаан байна гэж үзжээ.

 Дэлхийн эдийн засагт БНХАУ-ын эзлэх  байр суурь
  2003 оны SARS-ийн үед 2019 оны байдлаар
Дэлхийн эдийн засагт эзлэх хувь 4 хувь 15 хувь
Хятад жуулчид 10 сая 150 сая
Дэлхийн эрдэс баялгийн хэрэглээнд эзлэх хувь Зэсийн хэрэглээний 16 хувьНүүрсний хэрэглээний 30 хувь

Газрын тосны хэрэглээний 5 хувь

Зэсийн хэрэглээний 50 хувьНүүрсний хэрэглээний 52 хувь

Газрын тосны хэрэглээний 15 хувь

Хятад улсын статистикийн байгууллагаас гаргасан хоёрдугаар сарын тоо мэдээллээр 2020 оны нэгдүгээр сард 50.0 хувьд хүрч байсан уг индекс хоёрдугаар сарын байдлаар 35.7 хувьд хүрч, түүхэн дэх хамгийн доод түвшинд хүрчээ.

Аж үйлдвэрийн бус PMI үзүүлэлт 54.1 хувиас буурч 29.6 хувьд хүрч мөн хамгийн доод түвшинд хүрээд байна.

Хятад улсын хувьд зөвхөн нэгдүгээр улиралд бус хоёрдугаар улиралд ч эдийн засгийн гол үзүүлэлтүүд бууралт, уналттай гарах төлөвтэй байна.

COVID -19-ИЙН СӨРӨГ НӨЛӨӨ МОНГОЛД ЗУРГАДУГААР САРД ХҮЧТЭЙ МЭДРЭГДЭНЭ

Монгол Улсын эдийн засаг БНХАУ-аас ихээхэн хамааралтай. Иймээс нөхцөл байдлыг бодитоор үнэлж, макро эдийн засгийн түвшинд яаралтай арга хэмжээ авч, төсөвт тодотгол хийхгүй энэ хэвээрээ яваад байвал ирэх зургадугаар сар гэхэд ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрч, 250 мянга орчим хүн ажилгүй, орлогогүй болох төлөв ажиглагдаж байгааг бизнес эрхлэгчид төр засагт анхааруулж байна.

Тодруулбал, Монгол Улсад Covid-19-ийн эдийн засагт үзүүлж буй нөлөө яг ямар салбарт нөлөөлж байгаагаасаа хамаарч, 1-6 сарын дараа мэдрэгдэнэ гэж МҮХАҮТ-аас гаргасан судалгаанд дурджээ. Тухайлбал:

  • БНХАУ-д гарсан өөрчлөлт Монгол Улсын худалдаа, наймааны салбарт, тодруулбал, импортын бараа бүтээгдэхүүний үнэд нэг сарын дараа өөрчлөлт мэдрэгдэнэ.
  • БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарт гарсан өөрчлөлт Монгол Улсын экспортод үзүүлэх нөлөө нь гурван сарын дараа мэдрэгдэнэ.
  • БНХАУ-ын ДНБ-ий өөрчлөлт Монгол Улсад зургаан сарын дараа нөлөөлдөг гэжээ.

Судлаачдын зүгээс эдийн засагт коронавирусийн үзүүлж буй нөлөө эхэндээ V хэлбэртэй байсан бол өнөөдөр L хэлбэртэй болж байна гэж ярьж эхэлжээ.

SARS-ийн үед БНХАУ-ын эдийн засаг 1.4 хувиар буурсан нь Монгол Улсын эдийн засагт 5.2 хувийн бууралт ажиглагдсан. Харин энэ жил Covid-19 улмаас БНХАУ-ын эдийн засаг 2 хувиар буурна гэж таамаглаж байна. Үүнээс харахад Монгол Улсын эдийн засаг өсөхгүй, хасах үзүүлэлтийг үзүүлэх төлөвтэй байна. Иймээс өнөөдөр дэлхийн дахинд бий болж буй хямрал манай улсад илүү хохирол үзүүлэхээр байна.

Үүнээс гадна, Дэлхийн банкнаас саяхан гаргасан “Монгол Улсын эдийн засгийн тойм”-д тулгарч буй эрсдэлийн талаар “Эдийн засгийн төлөв байдал эерэг байгаа боловч улс төр, макро эдийн засгийн эрсдэл өндөр байна” гээд дараах эрсдэлүүдийг дурдсан. Үүнд:

  • 2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой улс төрийн тодорхойгүй байдал
  • БНХАУ-АНУ-ын хоорондын худалдааны гэрээтэй холбоотой тодорхойгүй байдал, үүнээс түүхий эдийн үнэ ханшид үзүүлэх нөлөөлөл
  • Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлүүд
  • БНХАУ-ын зүгээс түүхий эдийн экспорт, импортын хязгаарлалт хийх эрсдэл
  • Монгол Улс FAFT-ын саарал жагсаалтад орсонтой холбоотой үүсч байгаа эрсдэл
  • БНХАУ болон дэлхийн бусад улс орнуудад тархаж байгаа халдварт өвчний тархалтын улмаас гадаад худалдаа, улсын төсөв, эдийн засаг, бизнест үзүүлж болох эрсдэл

Коронавирусийн халдварын тархалтын улмаас Монгол Улсын эдийн засагт үзүүлэх гол сөрөг нөлөөллүүдийг тоймлож үзвэл:

  • Гадаад худалдааны эргэлт, үүний дотор экспорт оны эхний хагас жилд ихээхэн хэмжээгээр буурах
  • Экспорт болон импортын хэмжээ буурсны улмаас гадаад худалдааны үйл ажиллагаанаас улсын төсөвт орохоор төлөвлөсөн төсвийн орлого ихээхэн хэмжээгээр тасалдах
  • Төсвийн орлогын тасалдлын улмаас оны эхэнд санхүүжүүлэхээр төлөвлөсөн төсвийн зарлага санхүүжилтийг цаг хугацаанд нь санхүүжүүлэх боломжгүй болох, төсвийн алдагдал нэмэгдэх, алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах зэргээр төсөвт дарамт үүсэх
  • Зөвхөн уул уурхайн салбар бус, уул уурхайн компаниудад ханган нийлүүлэлт хийж байгаа компаниудын хувьд эрэлт буурсны улмаас борлуулалтын үйл ажиллагаа нь буурах, хөрөнгийн эх үүсвэр дутагдах, төслөө хэрэгжүүлэх боломжгүй болох зэргээр бусад салбаруудад ч алдагдал, хохирол учрах
  • Халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зарим хилийн боомтуудыг хаасантай холбоотой импортоор авч байгаа хүнсний зарим бүтээгдэхүүний хангамжид доголдол үүсэх
  • Өмнөх жилүүдэд учирч байсан хямрал, хүндрэлээс авч үзсэн ч макро эдийн засгийн түвшинд гарах эдгээр өөрчлөлт, таагүй нөхцөлийн улмаас хөрөнгө санхүүжилтийн хувьд дутагдалтай жижиг, дунд бизнес эрхлэгчид ажиллагсдынхаа цалин хөлсийг олгож чадахгүй, санхүүгийн хүндрэлд орох, улмаар орон тоогоо цомхотгоход хүрэх эрсдэл учрах өндөр магадлалтай байна.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ДЭВШҮҮЛЖ БУЙ САНАЛ

Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах

  • Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ бууруулж, зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах

2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн хөрөнгө оруулалтын чухал бус зардлуудыг танах, тухайлбал энэ онд шинээр эхлэх хөдөөгийн соёлын төвүүдийн шинэ барилга, сумын захиргааны конторын барилгын ажилд төсөвлөсөн 220 орчим тэрбум төгрөг

Covid-19 вирусийн бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах

  • Арга хэмжээнээс хамаарч үйл ажиллагааг нь зогсоосон, хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн албан татвар, орлогын албан татвар, гаалийн татварын төлөх хугацааг гурван сараас доошгүй хугацаагаар хойшлуулах, алданги, торгууль ногдуулахгүй байх
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хугацааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах
  • Арилжааны банкуудын зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн хуваарийг шинэчлэхэд Монгол банкнаас зохих бодлого чиглэл гаргах
  • Үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын хураамж зэрэг төрийн байгууллагуудад төлөх төлбөр, шимтгэл, хураамжуудыг түр хугацаагаар хөнгөлөх, чөлөөлөх, хойшлуулах
  • Бизнест үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах үүднээс томоохон түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүд түрээсийн төлбөртөө тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхийг бодлогоор дэмжих

ЖДҮ-үүдэд дэмжлэг үзүүлэх замаар ажлын байрыг хадгалах

  • Худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, барилга зэрэг тодорхой салбарт бизнесийн зориулалтаар олгосон зээлийн хүүгийн 3 хүртэл сарын төлбөрийн 50 хувийг төрөөс төлөх. Үүнд тооцоогоор ойролцоогоор 100 тэрбум төгрөг шаардагдах ба улсын төсвийн хөрөнгө  оруулалтаас танах зардал болон Төсвийн тогтворжуулалтын сангаас шийдэх боломжтой гэж үзэж байна.
  • Жижиг дунд үйлдвэрийн импортын түүхий эд, материалын гаалийн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг 2020 оны дуустал хугацаанд тэглэх
  • Засгийн газраас тогтоосон харьцуулалтын аргаар ба шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх
  • ЖДҮ-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх

Засгийн газрын сангуудын хөнгөлөлтэй эх үүсвэрийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хуучин ажлын байруудыг хадгалах, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэх

  • Вирусийн тархалтын эрсдэлтэй нөхцөл байдалд онлайн худалдан авалт хийх, цахимаар төлбөр төлөх зэргийг дэмжин банкны цахим гүйлгээний шимтгэлийг тодорхой хугацаанд багасгах, чөлөөлөхийг дэмжих бодлого шийдвэр гаргаж хэрэгжүүлэх

Иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, хэрэглээг дэмжих

“Эрдэнэс Тавантолгой” компаниас хувьцаа эзэмшигчдэд тараахаар шийдвэрлэсэн байгаа 200 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг 4 сард багтаан олгох, ноогдол ашгийн тодорхой хувийг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах ваучер байдлаар тараах

  • Хувиараа НДШ төлөгч иргэдийн нийгмийн даатгал төлөх хугацааг 6 сараар хойшлуулах
  • Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7.2 дах хэсэгт заасан үйлчилгээний татвараас Татвар төлөгчийг 6 сарын хугацаанд чөлөөлөх

Хүнсний гол нэр төрлийн барааны нийлүүлэлтийг тогтвортой байлгах

  • Хүнсний гол нэр төрлийн барааны өөр улсаас импортлохтой болон тээвэрлэлттэй холбоотой гарах нэмэлт зардлыг зөрүүг Засгийн газраас олгох
  • Импортоор оруулж ирэхэд төлөх Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөлтийг гурван сараас доошгүй сараар хойшлуулах
  • Хүнсний гол нэр төрлийн барааны импортын зориулалтаар хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх
  • Гурилын үйлдвэрүүдийн импортлох хүнсний улаан буудайн квотыг 120000-150000 тонн болгож нэмэгдүүлэх

 

Эх сурвалж: Tsegts.mn

Холбоотой мэдээ