Уханьд үлдсэн хоёр монгол залуу

2020-03-17 142

“СОУID-19”-ийн халдвараас болж Үхань хотоос дүрвэж явсан хүн олон байсан ч бусдад төвөг учруулахгүй хэмээн хөдлөөгүй хүн

ч цөөнгүй. Тэдний төлөөлөл бол Үхань хотод урлагийн чиглэлээр ажиллаж буй Хасмөрөн, Сайханцэцэг нар.

Үхань хотын нэгэн монгол хоолны газар дуучнаар ажилладаг Хасмөрөн, Сайханцэцэг нар энэ жилийн цагаан сараар төрсөн нутаг Өвөр Монголын Ордос хотод буцахаар төлөвлөөд байсан бөгөөд цаг зав ч ихтэй байжээ. Гэтэл “СОVID-19”-ийн халдвар газар авсан гэх сургаар өрөөл бусдад ялангуяа нутаг ус, элгэн садандаа халдвар түгээх вий гэх эрхэм бодол тэднийг Үханьд үлдээсэн байна.

Үхань хотын иргэд өвлийн цагаар хонь, үхрийн мах иддэг бол наймаачид ч энэ цагаар буюу жил бүрийн 10 дугаар сараас 03 дугаар сар хүртэл монгол гэр босгон хоолны газар ажиллуулж Өвөр Монголын хонь, үхрийн махаар хоол хийж, Өвөр Монголоос тогооч, дуучин, жүжигчин урьдаг байна. Хасмөрөн, Сайханцэцэг нар ч энэ шугамаар ажиллаад 6 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм.

Хасмөрөний ажиллаж буй хоолны газар нь өдөрт 500 гаруй зочин хүлээн авдаг их хөл хөдөлгөөнтэй газар. Түүний амьдардаг байр нь Үхань хотын Хуанань далайн амьтны захаас зургаахан километрийн зайтай хотын төвд байрладаг.

Хасмөрөн: – Цагаан сар болохоор монгол хоолны газарт зочид их болдог. Бид хоёр хэчнээн хүнтэй уулзсанаа мэдэхгүй. “СОVID-19”-ийн халдвар нүдгүй. Бид яаж нутаг буцах билээ. Нутаг ус, аав ээж, садан төрлөө бодох ёстой гэлээ.

Үхань хотыг 01-р сарын 23-ны өдрийн 10:00 цагт битүүмжлэх хүртэл тэдэнд нутаг буцах боломж их байсан. Гэтэл өөрсдөө “СОVID-19”-ийн халдвар авсан эсэхээ мэдэхээс нааш хөдлөхгүй гэж шийджээ. Битүүмжилсэн тэр өдрөөс эхлэн хөл хорьж, одоог болтол нэг ч удаа байрнаасаа гаралгүй тусгаарласаар.

– Бидэнд өнөөг болтол ямар ч шинж тэмдэг илрээгүй эрүүл энх сайн байна. Та бүхэн санаа амар байгаарай гэж Хасмөрөн ярьж байлаа.

Сэтгүүлчийн өврийн тэмдэглэл:

Вичатаар сэтгүүлчтэй ярьж байхад Хасмөрөнгийн хоолой хэд хэдэн удаа зангирч, сэмэрч догдолсон сэтгэлээ дарж ядан, эр хүний ховорхон нулимсаа унагааж билээ. Энэ сар тэдний хувьд нулимс мэлмэрэн сэтгэл нь нуур болсон өдөр хоногууд байж таарна. Сурвалжилга дуусахад сэтгэл нэг л хөндүүр. Аюулын өмнө хүний сонголт ямар ч байж болно. Айсан эрхэндээ зугтаж, дүрвэж болно. Зориглосон хүчиндээ сөрөн урагшилж болно. “СОVID-19”-ийн халдварын хугацаанд хариуцлага тэр хоёрын оюуныг эзэмджээ. Ямар их шаналж байсан бол? Үхэл, салалт, шаналал, горьдлого тасрах гээд юу ч байж мэднэ.

Тоолж суусан биш, шаналж суусан сарын хугацаанд алаг нүдэнд нь нулимс мэлтэлзэж, аавын нутгаа ямар их санасан бол? Зүүдний ертөнцдөө хүслийн жигүүрээ дэлгээд хэчнээн удаа буцсан бол? Аав ээждээ золгон үнэсүүллээ гэж хэчнээн удаа зүүдэлж сэрсэн бол? Садан төрлийнх нь бараа харагдаа байх даа.

Хайр хариуцлага л тэр хоёрын зоригийг чангалж, итгэлийг хөвчилжээ. “СОVID-19”-ийн халдварын хүнд хэцүү цагт эрүүл энх хамгийн том тайтгарал. Эрүүл байсан цагт үүл нүүх цаг бий, нутаг холгүй. Нутаг улс элгэн садан чинь та хоёрыг хүлээж байна.

Зохиогч: Нийтлэл: Саруулхан
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: ӨМӨС

Холбоотой мэдээ